Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хамтран "Барилгын технологийн өнөө ба ирээдүй" сэдэвт форум зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь барилгын салбарт шинэчлэлийг авчрах “Технологийн 7 хоног”-ийн хүрээнд болж буй технологийн томоохон форум юм.
Форумыг нээж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Өнөөдөр барилгын салбарт хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан барилгын загвар болон дижитал их өгөгдөл, автоматжуулалт, робот технологи, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлт, ухаалаг хот байгуулалт, инновац гэсэн технологийн томоохон шилжилтэд орж буй энэ үед Монгол Улс энэхүү технологийн шилжилтээс хоцрох ёсгүй. Иймд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас барилгын салбарт эрх зүйн шинэчлэл хийх, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, их өгөгдөлд суурилсан барилгын загварчлалын технологийг үе шаттай нэвтрүүлэх, технологийн дэвшил бүхий барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ногоон хөгжлийн бодлоготой уялдуулах чиглэлээр цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна гэв.
Форум дээр Мэдээлэлд суурилсан барилгын загварчлал (BIM) ба Барилга үйлдвэрлэлийн дижитал хөгжлийн ирээдүй, Барилга, Дэд бүтцийн салбарын төслийн менежментийн систем, Ногоон барилга, Шинэ технологи - инновац (Sanzai Solarhouse), Бакалаврын хөтөлбөрийн технологийн хичээлийн агуулга: Өнөөгийн байдал, цаашдын хандлага сэдвийн хүрээнд салбарын экспертүүд болон мэргэжилтнүүд шинэ техник технологи, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын чиг хандлагыг тодорхойлсон илтгэлүүдийг тавьж, оролцогчидтой үр дүнтэй санал солилцох хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )