BOOKTELLER: Есдүгээр сард унших ЕСӨН ШҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

 

Есдүгээр сар төгсөхөд хэдхэн өдөр үлджээ. Булан бүрээс нь намар үнэртсэн энэ сарыг шүлэг уншиж үдэх хэрэгтэй биш гэж үү? 

Амьдралын хором мөч бүртээ аз жаргалыг мэдрэхийг хичээдэг бол хэсэгхэн гуниг түүнд чинь амт нэмж магадгүй юм.  Зөвхөн есдүгээр сард л зориулагдсан мэт шүлгүүдийг хүргэе. 


ЕСӨН САР…

Есдүгээр сард би ёстой дургүй.

Яасан гэж түүнд дургүйцнэ вэ?

Есдүгээр сар надад ямар гэм хийлээ? 

Их гэм хийсээн, гэм хийсэн,

Ийм л тэнгэрийн доор би хамгийн их архи уусан,

Халамцаад инээж (маш их инээсэн),

Согтоод дуулж (хэтэрхий их дуулсан),

Сүүлдээ уйлж, харин уйлахдаа

Сүрхий эр хүн байх гэсэндээ нулимсаа нуусан…

Нууж дотроо гашуу оргитол барьсан

Нулимс минь намайг эрүүл болгосон…

Сэргэж аваад нэг томоос том навчин дээрээс

Сэтгэлийнхээ жинхэнэ төрхийг харсан.

Сэтгэлийн минь жинхэнэ төрх 

Алтан цох байсан…

Үгүй дээ, миний дургүй сар

Есөн сар биш юм байна.

 

Г.Аюурзана

"Миний дургүй сарууд"


***

Зулзаган моддын дэргэдэх бидний уулзалт

Яасан богино.

Зун цагт би ингээд л дургүй:

Чи хаашаа ч юм яарна.

 

Зөвхөн надад л үлдээчихэв үү гэлтэй

Овоороостой гунигийг хормойгоороо сэвчихээд

Зүгээ мартсан аятай чи

Эргэж харсаар одно.

 

Зүс ижил моддоос 

Орхисон үгс чинь сэрчигнэнэ.

Зүрхээ дарвал энэ жилийн анхны тайтгарал-

Ойчих навчсын дуун.

 

Г.Лхагвадулам

"Дотно алс"


***

Шүүрс алдам ийм уянгалаг хорвоод

Шүлэг уншдаггүй хүмүүсийн дунд амьдрах...

Хавар явж буйг,

зун үргэлжилж, намар ирж буйг

Харах, төсөөлөх

эсвэл, юуг ч юм хүлээх

Шүүрс алдам ийм амьдрал

Шүлэг уншдаггүй хүмүүсийн дунд

Шүлэг бичих, ганцаардах

эсвэл, санаашрах

Навч, үүлсийн гоо үзэсгэлэн, бас

шувуу нисэх эрх чөлөө

Намар цагийн хувирал хийгээд

үхэл, хагацал, төөрөгдөл

Шүүрс алдам ийм уянгалаг хорвоод

Хавар мартагдаж, зун өнгөрөөд

Намар, өвөл ирж буйг

Харсаар байж

шүлэг бичдэггүй хүмүүсийн дунд

Шүлэг бичиж амьдрах минь даанч...

 

Б. Батзаяа

"Догдлолууд"


***

Зурмал уй, дармал гуниг жин даран хүндэрч

Зугаацах юмгүй зүрхэнд намрын бороо шивэрнэ

Хэн нэгний шарилыг өөртөө тээж явах шиг

Хэтэрхий аймшигтай цаг хугацааг үднэ

Зөв совингийн хаанчлалд бие сэтгэл сэдэрч

Зөөлөн шархт орчлон гиншин уйлахыг мэдэрнэ

Цусан нулимс  асгаруулсан зүүдний төгсгөлөөс аймсаж

Цугтаа халих сан гэж мөргөсний дуу аялна

Бурхад үгүй орчлонгийн бараан элгэнд хунгарлахаар

Бударч буй цасан...

 

Б.Занданхүү

“Бурхангүй газар”


ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ

Чамайг би гомдоохыг хүсээгүй билээ

Ердөө л сэтгэлээ нээх минь энэ л дээ

Хичнээн хайртайгаа би хэлж чадахгүй нь

Үг сэтгэлээс урган гарахдаа

Үндэс нь амттай, үзүүр орой нь гашуун билээ.

Үндэс нь тэндээ үлдэж

Тэндэ үр жимс нь боловсорч, тэндээ л тэжээгдэж

Үзүүр нь гадагшлан оддог билээ.

Би чамдаа хичнээн хайртайгаа хэлэх минь

Дурлалаа нээх минь энэ л дээ

Үнэн хэрэг дээрээ бүх юм нууцлаг, хөдөлшгүй байгаа юм

Үг хэлээр түүнийг нээж, хөдөлгөж чадахгүй, би

Ийм үл үзэгдэх бүрхэвчийнхээ цаанаас 

Би чамдаа хичнээн хайртайгаа хэлэх минь

Үндэс нь амттай, үзүүр орой нь гашуун билээ.

Тэрбээр хэзээ ч үл хөдөлнө.

Тэгээд хөдөлшгүй байгаа юм.

 

Н.Пагма

"Үл гүйцэлдэхүйг загварчлах нь"


***

Чи бидний хамтдаа үдсэн наймдугаар сар жаазан дотор

Чийгт хананаа өлгөгдсөн байхаас илүүтэй уйтгарт өдрүүд

Үргэлжлэн шиврэх бороо шиг цаг хугацааны

Үр дүнд бий болсон хагацлын тухай шүлгүүд

 

Хөшгөө татсан цонх адил бүүдгэр саарал тэнгэрийн

Хөл доор нь бид бүхнээ дэвсэж өгдөг шиг

Итгэлгүй хоосон ирээдүйг оюун санаандаа бүтээж

Ийм гэрэлт амьдралын хаагуур нь зөрж өнгөрөв дөө

 

О.Элбэгтөгс

“Тэнцвэр”


***

Дүнсгэрхэн буурал эх оронд минь

Дүүрэн гунигтай өдрүүд үргэлжилсээр

Дүн өвөл мэт гансралын жаварт хайрагдсан ч

Дүүжлүүрийн олсыг үнэндээ мөрөөдөж явсангүй ээ

 

Гандуухан уйтай эх оронд минь

Галуудын цуваа тасраад, намар үргэлжилсээр

Гадаах агаар жихүүн, мөрөөдлийн үзүүр гундуухан ч

Галуудыг дагаад нисэхийг үнэндээ хүсч явсангүй ээ

 

Хаяад одож буй шувуудын хойноос хараал нэгийг урсгаад

Хаашаа ч дүрвэхгүй эндээ л үхэхээ ахин нэг тангаргалаад

Шар айрагны мухлагаас халамцуухан гарч

Шал дэмий гуниг, гутрал ганцаардлаа сэгсэрнээ

 

Зөрөх нэгнээс цаг асууж, гал бас асууж

Зөөврийн тэргэнд гар өргөж, харанхуй гудамжаар хэсүүчилж

Зөндөөн өдөр хоногуудыг хоосон атлаа дүүрэн үдсэн

Зөвхөн энэ л хотын эгшиглэнт ганцаардалд хэтэрхий дасчээ

 

Хэрэг болгож би саранд шүлгээн уншчихаад

Хэсүүчилж одноо, харанхуй хотын гүн рүү

Аниргүйхэн хотын уйтгарт мянган шөнөтэй

Ахин дахин болзож, амрагийн дуу зохионоо

 

Дүнсгэрхэн буурал эх оронд минь

Дүүрэн гунигтай өдрүүд үргэлжилсээр

Цонх цантуулж, модод нүцгэрсэн өвөл удахгүй ирнэ

Цохонд минь буу тулгасан ч энэ их нам гүмээс урваж чадахгүй ээ...

 

Б.Баясгалан

“Эдгэрэл”


***

1.

Уйтгар гуниг дүүрэн насанд минь

Хэн инээмсэглэхийг зааж буян болов

Уйт өдрүүдийн уртад санаа алдалт шиг минь

Хэн хань болов ...

Навчин нүдэт гэж өөрийгөө нэрлэчхээд

Намрын тухай дурсамжуудыг минь нэгээр нэмэх

Борооны хүн минь хэзээ сүүлийн бороо орох вэ

Сэтгэлийн минь хэцэнд хэзээ өөрийгөө хатаах вэ

2.

Жавартай өдрийн дулаахан шүлэг минь

Жавартай өдрийг дулаацуулагч шүлэгч минь

Өнөөдөр бас олон, олон маргааш хоёулаа нуугдаж тоглоё

3.

Яагаад чамд хайртайгаа ч мэдэхгүй байна

Яруу найрагчаа!

Уйлуулж, догдлуулж, инээлгэж чаддаг

Ид шидтэн минь

Хана хаалгаар дүүрэн үрчлээ тогтож

Хөгшин модод дуулалдаж, ертөнц хуучирч эхэллээ

Хаана чинь чамайг үнсэх ёстой вэ? хариулаач

Цоо ширтсээр л байх уу наад нүдээ ань

Цонх балбах усан дуслуудыг ч бүү тоо

Жинхэнээсээ хоёулаа айл болж  тоглоё

 

Э.Булган

“Үүр цайхын өмнө”

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top