#BOOKTELLER: "Манай бүдэрсэн баатар" номоос онцлох 10 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

И Мүн Ёл бол Өмнөд Солонгосын орчин үеийн уран зохиолын хамгийн алдартай, олон уншигчтай зохиолчдын нэг. “Бидний бүдэрсэн баатар” хэмээх тууж нь хэмжээний хувьд бага ч зохиолч И Мүн Ёлын олон талт, чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог. Энэхүү туужийг “Монсудар” хэвлэлийн газраас "Утга зохиол" цувралын X номоор сонгож 2017 онд эрхлэн гаргажээ.

Зохиолын үйл явдал хөдөөгийн нэгэн сургуульд өрнөнө. Зохиолын “Би” буюу хүүрнэгч Хан Бён Тэгийн эцэг тушаал буурсны улмаас гэр бүлээрээ Сөүлээс жижиг хот руу нүүж, тус сургуульд шилжиж ирнэ. Гэтэл энэ жижиг хотын сургуулийн байшин барилга нь нурах дөхсөн, ангийн багш нь цамцан дээрээ будааны архины толботой, үс зүсээ тордсон эсэх нь ч тодорхойгүй нэгэн агаад удирдсан ангиа Ом Сог Дэ хэмээх сурагчид тэр чигээр нь найдаж орхижээ.

Тэрхүү Ом Сог Дэ бусад сурагчаас хэдэн насаар ах ба том биетэй учир бусдыгаа дээрэлхэж, дарангуйлдаг бөгөөд түүнийг эсэргүүцэх хүн үгүй. Харин Хан Бён Тэ л эсэргүүцэлгүйгээр бууж өгөхийг хүссэнгүй. Ийнхүү цааш Ом Сог Дэгийн эсрэг Хан Бён Тэгийн тэмцэл, бүтэлгүйтэл, ангийн хувьсгал зэргийн талаар өгүүлэх болно. 

Өмнөд Солонгосын сургуулийн нэгэн анги дахь эрх мэдлийн харилцааг өгүүлэхдээ далд агуулагдах ёгтлолоор нийгэм хийгээд хувь хүмүүсийн харилцааны гашуун үнэнийг гарган тавьжээ. “Бидний бүдэрсэн баатар” туужийг унших нэгэн хүүхдийн ертөнц, сэтгэлзүйгээр амьдралыг тольдох боломжтой. Томчуудын ертөнцөд өрнөдөг бүхэн хүүхдүүдийн ертөнцөд ч бий. Ерөөс онцолж сонгосон дараах 10 өгүүлбэр бол хүүхдийн ертөнцөөр, тэдний мэдрэмжээр амьдралыг харах тусгал юм.

Ингээд "Манай бүдэрсэн баатар" номоос онцлох 10 хэсгийг хүргэе.


1

Том хүмүүсийн хэллэгээр, тэнэг мулгуу сүрэгт буюу аймхай олонход бяц гишгүүлсэн миний сэтгэл гашуун хорсол болон хувирч, энэ хорсол надад амар заяа үзүүлэхгүй л байлаа.

 

2

Өмнө өгүүлсэн шиг томчуудын ертөнцийн адил хүүхдүүдийн ертөнцөд ч баримтлах ёстой дүрэм журам гэж байдаг агаад томчуудын хэн нь ч тэрхүү дүрмээ ягштал мөрдөж амьдарч чаддаггүйн адил хүүхдүүд ч тэр бүхнийг дагаж мөрдөнө гэдэг хэцүү.

 

3

Тэмцэх хүсэл, өрсөлдөгчөө үзэн ядах мэдрэмж байхгүй болсон сэтгэл зүрхний хоосролыг энэ гуниг л бөглөжээ. Би өөрөө өөрийгөө өрөвдөн, хэн ч биш байгаадаа гансран, бас тэсвэрлэхийн аргагүй ганцаардлаас болж уйлж байв.

 

4

Та нар өөрсдөдөө заяагдсан зүй ёсны үнэт зүйлсээ бусдад булаалгачихсан атлаа харамссан ч үгүй, уурласан ч үгүй, буруу зүйлд бууж өгсөн хэр нь бас ичсэн ч үгүй.

 

5

Хүн өөрийгөө засаж залруулахад урт хугацаа шаардагдахгүй. “Мал нядлагч ч хутгаа хаясан дороо л бурхан болж болдог”...

 

6

Нэгэнт алдсан зүйлийг эцэст нь эргүүлж авчрах амар биш.

 

7

Хүүхдүүд хэдийгээр балчир ч гэсэн томчуудын ярьдаг шударга ёс, эрх чөлөөний тухайд өөрсдийн гэсэн ойлголттой байдаг.

 

8

Томчууд маргаанд ялахын тулд бүхий л аргыг хэрэглээд, арга нь барагдахаараа бусдын тухай хов жив, элдэв баримтыг цуглуулдаг.

 

9

Би ёроолгүй гүн худаг руу унаж байгаа ч юм шиг, үгүй ээ эсвэл ямар нэгэн бат бэх өндөр хана миний нүүрэнд тулаад, намайг юм бүгдээс халхлаад ч байгаа юм шиг хачин мэдрэмж төрж байв.

 

10

Өөлж харахаасаа өмнө түүний сайн талыг нь олж харахыг хичээ... тэгээд хүлээн зөвшөөрч сур. Тэгэхээр юуны түрүүнд хүүхдүүдийн дотоод сэтгэл рүү ойрт, тэдэнтэй бүх юмыг шинээр эхлэх гээд үз.                                                                                                                                                                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top