#BOOKTELLER: Чарльз Буковскийн “ХҮҮХНҮҮД” номоос онцлох 10 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Америкийн яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Хэнри Чарльз Буковскийн хамгийн алдартай бүтээл “Хүүхнүүд” роман монгол хэлнээ хэвлэгдээд удаагүй байна. Уг номыг орчуулагч Б.Хатантөмөр орчуулж, шинээр байгуулагдаж буй “boobooks creative team”-ээс эрхлэн хэвлүүлжээ.

Чарльз Буковски 24 настайдаа “Уртаас урт татгалзсан хариуны гор” нэртэй өгүүллэг бичсэн нь “Стори” сэтгүүлд хэвлэгдэв. Хоёр жилийн дараагаас бас бус өгүүллэгүүд нь сонин сэтгүүлүүдээр хэвлэгдэх болсон ч Буковски бичиж туурвих ажлаа гэнэт орхин, бараг арван жил үзэг цаас нийлүүлээгүй байна. Гучин жил үргэлжилсэн бүтэлгүйтэл, өөртөө итгэл алдарам он жилүүдийн эцэст, өөрөөр хэлбэл тавь хүрсэн хойно нь л “Блэк Спэрроу” хэвлэлийн газраас ажлын санал тавьснаар Буковски 10 гаруй жил ажилласан “Шуудан хороо”-гоо орхив. Энэ тухайгаа тэрээр, “Надад хоёр сонголт байсан. Нэг нь шуудан хороондоо ажилласан чигтээ галзуурч дуусах, нөгөө нь ажлаасаа гарч зохиолчийн замналаар замнан өлбөрч үхэх. Харин би турж үхэхийг нь сонгосон” хэмээн дурсжээ.

Тэрээр амьд ахуйдаа бүрэн хэмжээний зургаан роман бичсэнээс хамгийн их уншигдсан нь өдгөө та бидний өмнө буй “Хүүхнүүд” хэмээх таван мөчлөг намтарчилсан бүтээл юм.

Чарльз Буковскийн "Хүүхнүүд" романаас онцлох 10 эшлэлийг хүргэе.


1

Зовлон минь уур хилэн болж, уур хилэн минь уран бүтээл болсон юм.

 

2

Хүн төрөлхтөн боловсрол гэж шинэ бурхантай болж, боловсролтой эрчүүд гэж шинэ чононууд гараад ирж.

 

3

Дурласан хүмүүсийн зан ааш ер нь хурц, аюултай болж ирдэг. Хүнд урлахаараа ухаанаа алдаж орхидог юм. Хошин шогийн мэдрэмжээ ч басалддаг. Тэгээд ууртай, сэтгэцийн өөрчлөлттэй, уйтгартай хүн болно доо. Алуурчин болчих нь ч бий.

 

4

Би эм хүйстнийг үргэлж хүсэмжилнэ. Муу эмэгтэй байх тусмаа сайн. Харин бусад эмэгтэйчүүл (сайн эмэгтэйчүүл намайг айлгадаг)... Учир нь тэд яван явсаар надад үлдсэн цор ганц зүйл болох сүнсийг минь авахыг хүснэ. Би сүнсээ өөртөө үлдээмээр байна.

 

5

Яадаг ч бай би л хувьдаа зохиолчдоос аль болох зай барьдаг, даанч энэ нь боломжгүй зүйл. Тэд үргэлж л ахан дүүсийн холбоо, нэгдэл мэтийн харилцаа хүсдэг. Аль нь ч байлаа гэсэн зохиолд минь сэтэрхий зүүний ч нэмэргүй, бичгийн машины ард бэгцийж суухад тэдний хэнбугай нь ч надад тус болохгүй шүү дээ.

 

6

...НьюЙорк хотын иргэд шар айраг, ундаа, мөстэй усаа уун амарцгааж байна. Хатуу хөтүү амьдралын буулгыг тэсэж үлдсэн хүмүүст тамхилцгааж байна. Амьд байна гэдэг маань өөрөө ялалт.

 

7

Хүн нэг дуугаа олон сонсоод уйдахгүй хэрнээ, яруу найргаас бол үргэлж л шинийг хүсдэг юм.

 

8

Хүнд ямар нэг муу зүйл тохиолдвол мартах гэж уудаг; баярт үйл тохиовол тэмдэглэж ууна; амьдрал нэгэн хэвийн болоод ирвэл ямар нэг зүйл хүсэн хүлээж уудаг.

 

9

Хүүхнүүд зарим талаараа биднээс хол илүү: аливааг нягт төлөвлөдөг, 365 хоног зохион байгуулалт сайтай. Эрчүүд мэргэжлийн хөлбөмбөг үзэж, шар айраг гударцгаан, боулинг тоглож байхад хүүхнүүд бидний талаар бодож, анхаарлаа төвлөрүүлэн, судалж шинжилж, шийдвэр гаргаж байдаг (Хэн нэг эрийг зөвшөөрөхүү, эс зөвшөөрөхүү, хаяхуу, солихуу, алахуу эсвэл зүгээр л орхиод явах уу гэдгээ тэд л мэдэж байдаг). Гэвч эцсийн дүндээ энэ бүгд хий дэмий үйлдлээс хэтрэхгүй, тэд яаж ч шийдсэн бай, бид зөрүүд ганцаардмал, тэнэг галзуу хэвээрээ л дуусна.

 

10

Хүмүүс юу ч гэж ульж хуцаж байсан хамаа алга, хөгшрөх сайхаан. Бодол санаагаа аятайхан ойлгуулчихдаг болохын тулд хүн дор хаяж тавин жил амьдрах хэрэгтэй гэж ярьдаг ч үнэний ортой үг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top