#BOOKTELLER: ЦАС орсны дараа унших ТАВАН ШҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

 

Өчигдөр бидний хотод анхны цас орлоо. Та дулаахан, догдлом сайхнаар анхны цасыг угтсан уу? Манай сайтын #Bookteller булан хөнгөн гунигтай, баяр жаргалтай амьдралын олон мөчүүдэд уншихад дотор амилдаг шидэт үгсийг хүргэдэг билээ. 

Нийслэл хотод анхны цас бударсан өдрийг ч мөн сайхан шүлэг уншихгүйгээр өнгөрүүлж хэрхэн болох билээ. 


МИНИЙ ХОТ /УЛААНБААТАР II/

 

Зам дагасан хямдхан дэн буудлаас авахуулаад

Залгиур хоолойд тээглэсэн загасны ястай мах хүртэл

Үнэ цэнээ хэзээ ч алдахгүй энэ хотод

Үхэгсэд нь амьдрагсадаасаа илүү орон зай элдэг

Осгом хүйтэн жавар дундуур эсвэл цайвар манан дундуур

Орон хотын ганцаардлыг үүрсэн залуу эр алхана

Хөнгөн агаар түүний тамхины цогонд дулаацаж

Хөшсөн утаа аажмаар хөөрхий эрийн хөсөг болно

Цугтаа алхая энэ хотын өнцөг булан бүрт

Цусаар бичсэн баатар эрсийн нэр бий

Өлсөж, осгож, тарчилж үхсэн сүнснүүдэд өргөл өргөхөөр

Өглөөний хурц наран бидний дээрээс шардаг юм

Миний хотод тэмтэрч хүрэх итгэл найдвараа алдсан хүмүүс

Тэнгэрээ чи яагаад тэсвэр тэвчээрийн номлогч адил

Тийм гүн цэнхэрийн дор ийм удаан, ийм омголон

Тэгээд нэрээ марталгүй оршиж чадаа вэ хэмээн асууж зүрхэлдэг учраас

Миний хотод тэтгэвэртээ суусан өвгөд залуу насаа дурсаж

Тэмдэглэлт ойн өдөр энгэртээ одон гялалзахыг хүлээн

Түргэний тэрэг, зүрхний эм, эмнэлгийн орноос татгалзаж

Төөнөх галынхаа илчинд зүүрмэглэн сууж өвлийн хүйтнийг барж чаддаг учраас

Миний хотод аз жаргалтай амьдралыг бүтээнэ гэсэн бичиг гартаа атгасан залуу

Алс холын орныг зорихоор ар араасаа дугаарлан зогсохдоо

“Аав ээжийн тухай” дууг амандаа аялаж тайтгардаг учраас

Миний хотод таван ханатай гэрээ тойрон сууж ах нь үлгэр хэлж дүү нар нь сонсоод

Тарнитай эмээгийн авдранд хорвоогийн бүхий л баялаг бий гэдэгт итгэж

Шилбүүрийг хурдан морь болгон хардаг тийм ариухан сэтгэлтэй хүүхдүүд байдаг учраас...

Миний хотыг харахын тулд үдэш бүр түг түмэн одод яралзаж байдаг юм

Миний хотыг хайрлахын тулд үндэстэй бүхэн ургаад ярилцаж байдаг юм...

Миний хотыг хараад эртний бүдүүлэг,

эвдэрч нурсан балгасаар дүүрэн гэцгээхэд би толгой дохидог

Миний хотыг хараад ихэмсэг төрхөө гээж,

эвэршиж  хуурайшин түүхийн дүлий самбар болсон гэхэд би дуугүй өнгөрдөг

Миний хотыг Эйфлийн цамхагт Парис,

эрээн мяраан Нью Йорк зүйрлэн элэглэхэд би дотроо инээдэг

Миний хотыг эмтэрч нурсан эрэг,

эрвээхийд идэгдсэн эсгий хэмээн цоллоход би нугдайн суудаг

Гэвч

Миний хотын захын дүүргийн уушний газраас жазз хөгжмийн хөнгөн хэмнэл өдөр бүр эгшиглэдгийг

Миний хотын залуучууд Бродвейн театраас илүү

Боролдойн жүжгүүдэд цалингийнхаа тэн хагасыг үрэн байж шимтдэгийг

Миний хотын харанхуй буланд ч Достоевскийг уншдаг

Хөвгүүн Далигийн зургийг хуулбарладаг охинтой тамхилж суудгийг

Миний хотын хаана ч гэсэн уртын дуу уянгалж, хаа нэгтээ

Үзэсгэлэнт буга өөрийн биеэр айлчлан ирдэг учраас бид энэ хотдоо л амьдардаг

 Зам дагасан хямдхан дэн буудлаас авахуулаад

Залгиур хоолойд тээглэсэн загасны ястай мар хүртэл

Үнэ цэнээ  хэзээ  ч алдахгүй энэ хотод

Үхэгсэд нь амьдрагсадаасаа илүү орон зай эзэлдэг.

 

О.ЭЛБЭГТӨГС


ЯРУУ САЙХНЫ НЭРИЙН ӨМНӨӨС

 

Санаандгүй асгасан улаан дарсны толбот дэвтэртээ

Сайн сайхны нэрийн өмнөөс зуун шүлэг бичлээ.

 

Амьдралын төлөө, хайр хүслийн төлөө

Ахиж намайг үнсэхгүй аавынхаа төлөө

Өвсний төлөө, үүлсийн төлөө

Өндөр өндөр моддын төлөө

Нарны төлөө, нам гүмийн төлөө

Надтай адилхан сарны төлөө

 Ялдам сэтгэлийн төлөө, гунигт сэтгэлтний төлөө

Яруу сайхны нэрийн өмнөөс зуун шүлэг бичлээ.

 

Дарсны үнэртэй, нулимсны амттай ч

Даан чиг нимгэхэн дэвтэр минь дүүрлээ.

Дахиж би амьдралыг дуулах эсэхээ мэдэхгүй

Дарвуулт хөлөг шиг нас минь дэвтэр шигээ л дуусаж байна.

 

Л.ӨЛЗИЙТӨГС


***

Чиний хотоос

Намрыг үүрээд буцаж явна

Цээжнээ навчис сэржигнээд

Нүднээ шувууд алсраад л...

 

Цэв цэнхэр тэнгэр

Урт шар нар

Сүүлчийн борооны дуслууд

Цувны халаасанд шаргиад

Цугтаа буцаж явна...

 

Чиний хотод

Өвлийг орхиод буцаж явна

Өглөө босоод цонхон дээрээсээ

Үлдээсэн захиаг минь уншаарай

 

Гар тээшээрээ

Дүүрэн дурсамжтай

Гарч явнадаа чиний хотоос...

 

Ц.ГОНЧИГ


***

Гаслан, зовлон, уй, хоосрол

Гаргаж хаяж байна би энэ үгсийг,

Залуу нас гэнэхэн болоод зоригтой

Завдсан үхэл эднээс ч баясгалантай...

 

Шаналал, цөхрөл, гутрал, хорсол,

Шал руу чулуудаж байна би энэ үгсийг,

Амьдралын эхлэл дээр юм бүхэн цагаахан

Амссан хагацал эднээс баясгалантай...

 

Б.БАЯСГАЛАН


***

Үд дундын бороо

Түр зуурын цас

Зам зуурын яриа

Үнэргүй амтат

Өнгөгүй гэрэлт учралууд

Бүгдэд нь хайртай.

Хормогчоо өмсөөд л

Хоол цай бэлдэж

Хонгорхон минь чамтай хоёрыг гурав,

Хорвоог дүүрэн болгоно гэж итгэсэн.

 

Шагайвчаар оргон зугтаж

Шар айраг ууж, сайхан шүлэг бичиж

Таарамжгүй нэгнээ өдөөн хатгаж

Тамхи баагиулж, хоосон амлаж

Нүдэнд минь нулимс зурсан чамайг

Ор тас мартаад

Одоо л жинхэнээсээ инээмсэглэмээр...

 

Э.БУЛГАН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top