Японы нэн шинэ үеийн уран зохиолын содон төлөөлөгчдийн нэг зохиолч Саяака Муратагийн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" номыг Б.Дэлгэрмаагийн орчуулгаар "Тагтаа" хэвлэлийн газар эрхлэн гаргаад удаагүй байгаа билээ.
Хувьд хүнд ямар ч боломж эс олгох хачин чигжүү иргэншил, хотжил, нийгмийн дагтаршсан хэв маягт эс нийцэгчдийн тухай голчлон бичдэг Саяакагийн зохиолууд хэвлэгдэж эхэлсэн цагаасаа олны анхаарлыг ихээхэн татжээ.
Улмаар зохиолч 2003 онд буюу 23 насандаа шинэ гарч ирж буй зохиолчдод олгодог Гунзо шагналын эзэн болж, цаашлаад Японы уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагналууд болох Мишимагийн шагнал, Акутагавагийн шагналыг хүртжээ.
Хөнгөн бичлэгээрээ хүндийг оносон, ёжтой, жигтэй, эрс тэрс бүтээл болох "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" номоос онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
1
Хориод настай байхдаа аав, ээжийнхээ өмнө гэм буруутай мэт санагдаж өөр ажилд орох хүсэлт уйгагүй бөглөдөг байсан ч нэг ажилдаа хэт удсан намайг барагтай л бол сонгон шалгаруулалтанд дууддаггүй байв.
2
Хүмүүс миний тухай яримаар байгаагаа л ярьдаг. Ингэх нь ч тэдэнд амар байдаг биз.
3
Өөрсдийгөө хэвийн гэж дүгнэдэг хүмүүс намайг этгээд гаж гээд бодчих юм бол өөрчилж засах гээд салахгүй. Бөөн түвэг болно. Харин тэрийг нь өөгшүүлэхээргүй нэг шалтаг олоод хэлчихвэл илүү амар.
4
Бусдад дорд үзэгдэж буй хүний ялангуяа нүд нь их сонин харагддаг юм. Тэднээс би сэрэмж болгоомж, маргаан зөрчилдөөнөөс айх айдас аль эсвэл үсэрч очоод цохиход бэлэн түрэмгий байдлыг олж хардаг.
5
Бусдыг алагчилж дорд үздэг хоёр төрлийн хүмүүс байдаг. Эхнийх нь үхширмэл үзлийнхээ буулгад хэт баглагдсандаа тийм хахир байдаг бол үлдсэн хэсэг нь энэ тэндээс болж олж сонссон элдэв ойлголтоороо бусдыг юу ч бодолгүй шүүж байдаг.
6
Бидний яриад байгаа орчин үеийн нийгэм чинь зүгээр л нэг төөрөгдөл. Дэлхий ертөнц эрт баларын үеэс хойш бараг өөрчлөгдөөгүй. Хүйсийн тэгш эрхийн тухай ч юмуу, ярьж болох л байх. Гэхдээ...
7
Энэ ертөнцөд олноос этгээд, гажууд хэн бүхэнд багтах зай үгүйн дээр тийм хүмүүс чимээгүйхэн адлагдаж, төдөлгүй арчигдах нь дамжиггүй билээ.
8
Дур зоргоороо амьдрахын тулд нийгэмтэй ана мана үзэлцдэг хүн түүнээс ирэх зовлон шаналалаа ч хүлцэх учиртай.
9
Нийгэмд хэрэг болохгүй хүн оршин байгаагийнхаа төлөө яллагдаж, шүүгдэх тийм л цаг үе ирээд байна.
10
Эр хүн байна гэдэг чухамдаа “ажилтай байх”, “гэрлэх” гэсэн үг юм.
Сэтгэгдэл ( 0 )