
Монгол Улсад анх удаа говь, цөлөрхөг хээрийн бүсийн ургамлын олон янз байдлыг хамгаалах, унаган ургамлын үрийн нөөцийг бүрдүүлэн хадгалах зорилготой “Ботаникийн цэцэрлэг” байгуулах санаачилгын эхлэлийг Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд тавилаа.
Энэ хүрээнд “Монгол элсний” улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг түшиглэн говь, цөлөрхөг хээрийн бүсийн ботаникийн цэцэрлэг байгуулах боломж, хэрэгжүүлэх үе шат, хамтын ажиллагааны чиглэл болон богино, дунд хугацааны төлөвлөлтийг тодорхойлох хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, эрдэм шинжилгээний байгууллага, хамгаалалтын захиргаа, төсөл, хөтөлбөрийн төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүд оролцож, ургамлын нөөц хамгаалал, үрийн сан бүрдүүлэлт, нөхөн сэргээх арга хэмжээ, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
“Ботаникийн цэцэрлэг” байгуулснаар говийн бүсийн унаган ургамлыг хамгаалах, үрийн нөөцийг хадгалах төдийгүй суль, элсний цулхир, урал чихэр өвс, монгол хунчир, чонон хармаг зэрэг эмийн болон эдийн засгийн ач холбогдолтой ургамлыг тарималжуулж, тогтвортой ашиглах боломж бүрдэх юм. Мөн судалгаа шинжилгээ, инноваци, экологийн боловсрол, сургалтын чиглэлээр хөгжих шинэ орчин бүрдэж, говь, цөлөрхөг хээрийн бүсийн экосистем хамгааллын урт хугацааны суурь бэхжих ач холбогдолтой.
Ийнхүү Монгол Улсад анх удаа байгуулагдах говь, цөлөрхөг хээрийн бүсийн ботаникийн цэцэрлэг нь цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах үндэсний хүчин чармайлтыг дэмжсэн шинэ алхам болж байна.

Сэтгэгдэл ( 0 )