Иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх өдөрлөг”-ийг Өмнөговь аймагт зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хороо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, МУИС-ын Бизнесийн сургууль хамтран зохион байгуулсан өдөрлөгөөр иргэдэд санхүүгийн зах зээлийн боломж, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж, санхүүгийн шийдвэрээ зөв гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээлэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Арга хэмжээний үеэр санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, үнэт цаасны арилжаанд оролцох боломж, даатгал болон банк бус санхүүгийн салбарын хөгжил, зээлийн мэдээллийн сангийн талаарх мэдээллийг танилцуулж, иргэдийн асуултад мэргэжлийн зөвлөгөө, тайлбар өглөө. Түүнчлэн эрсдэлийн удирдлага, финтек технологийн хөгжил, санхүүгийн зөв хэрэглээний талаар мэдээлэл хүргэж, санхүүгийн гэмт хэрэг, цахим залилангаас урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан таниулав. Эдгээр нь иргэдэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох, эрсдэлийг үнэлэх, хувийн санхүүгээ хариуцлагатай удирдахад шаардлагатай мэдлэг, мэдээлэл авах боломж бүрдүүлснээрээ ач холбогдолтой байлаа.
Өдөрлөгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцаар ахлуулсан төлөөлөгчид Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбаттай уулзаж, аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцов. Мөн орон нутгийн хөгжилд санхүүгийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцлоо. Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тус аймгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санхүүгийн зах зээлийн өнөөгийн төлөв байдал, зохицуулалтын салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцов.
Түүнчлэн энэ өдөр иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хуримтлалын дадал хэвшил төлөвшүүлэх, санхүүгийн зөв зохистой хэрэглээг дэмжих зорилготой “Санхүүгийн боловсролын төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Орон нутагт санхүүгийн боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн тус төв нь иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургалт, зөвлөгөө, мэдээлэл тогтмол явуулахын зэрэгцээ мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, зөв дадал эзэмшихэд дэмжлэг үзүүлдэг юм байна.
Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх өдөрлөг нь иргэдэд санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хариуцлагатай ашиглах мэдлэг эзэмших, санхүүгийн зөв дадал хэвшил төлөвшүүлэх боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ боллоо.
.jpg)


Сэтгэгдэл ( 0 )