СУРВАЛЖИЛГА | Нар тоссон тэмээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өмнийн цэнхэр говийг зүглэн явж ахуйд нэг тийм тансаг зураглал нүдэнд туссан юм. Цас нүдгүй шуурч, жавар хацар алгадсан өвлийн сүүл сарын нэгэн өдөр. Салхинаас өөр сонсогдох аниргүй говийн талд өдөр шувтрах нэгэнт дөхжээ. Өдөржин их талыг ээн тэнгэр сүлжиж аяншсан нар тэмээн бөхөөр ёлтойн үзэгдэх нь тэмээ нарыг тосоод тэшин жонжуулж яваа мэт үзэгдэх аж. Түмэн тэмээний баярыг зорьж явахад чухам ийм зураглал нүдэнд туссан нь чухам энэ баярт хурдан очиж, нар тоссон тэмээг дэргэдээс нь харах гэсэн чин хүсэл эрмэлзлийг бадраасан юм. Бадарсан хүсэлд харин зам л хорогдож өгдөггүй юм билээ.

“Тэнүүн говийн тэнхээт алхаагаар
Тэнгэрээ тээгээд наашлан айсуй...”

Тэмээ. Хоёр бөхт тэмээний тархцын зураглалыг сайтар ажиглах юм бол гэрийн хаяанд хэсэг газар шар тос асгасан юм шиг үзэгдэнэ. Дэлхий даяар ердөө хоёр сая хүрэхтэй үгүйтэй үлдсэн хоёр бөхт тэмээ гэдэг бол хүн төрөлхтөнтэй 2500 жилийн өмнөөс ижилссэн тийм л амьтан. Өнгөрсөн жил Монгол Улсад 501.3 мянган тэмээ тоологдсон. Энэ нь тэмээн сүргийн тоогоор дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Ердөө 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн бахдам үзүүлэлт юм. Устаж болзошгүй ангилалд орсон энэ амьтны цаашдын тавиланг бодсон ч энэ үзүүлэлт бахархам биш гэж үү.

“Түмэн тэмээний баяр”. Анх зохион байгуулсан цагаас нь тооцвол энэ жилийнх 29 дэх нь. Анх Сэврэй суманд зохион байгуулж байсан түүхтэй. Тухайн цаг үед тэмээн тоо толгой 200 мянга хүрэхтэй үгүйтэй байлаа. Энэ утгаар нь харвал энэ зөвхөн баяр биш агаад тэмээн сүргээ хадгалж үлдэх тэмээчдийн цагаан сэтгэлтэй холбоотой аж. Зөвхөн энэ жилийн баярт оролцохоор дөрвөн аймаг, 60 орчим сумын тэмээчид Өмнийн говийг зүглэн иржээ. Оролцсон тэмээн тоо 1000 дөхсөн. Үзэж сонирхохоор дотоод, гадаадын 8000 орчим хүн иржээ.

Ердөө 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн бахдам үзүүлэлт юм. Устаж болзошгүй ангилалд орсон энэ амьтны цаашдын тавиланг бодсон ч энэ үзүүлэлт бахархам биш гэж үү.

Тэмээний баяр, тэр дундаа тэмээний уралдаангүйгээр энэ баярыг төсөөлшгүй. Яг 10 жилийн өмнө “Түмэн тэмээний баяр”-аар 1108 тэмээ нэг дор уралдаж дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхтэй. Энэ жилийн тэмээний баярын хурдан тэмээний богино зайн уралдаанд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, аймгийн алдарт уяач Ш.Ням-Осорын хар түрүүлж, тод магнай, торгон жолоогоо өргүүлсэн юм. Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэмээчдэд “Алдарт уяач” цол олгож, жил бүрийн нэгдүгээр сарын 24-ний өдрийг “Тэмээний өдөр” болгох зарлиг буулгасан билээ.

Хоёр бөхт тэмээ гэдэг ховор амьтан. Дэлхийн улаан ном болон олон улсын байгууллагын судалгаагаар 40-50 жилийн дараа тэмээн сүргийн тоо толгой эрс цөөрнө гэсэн базаахгүй дүгнэлт гаргасан. Учир нь уур амьсгал, цаг уурын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн даац саарч байгаатай холбоотой. Чухам тиймийн учир бид “Тэмээний өдөр”-тэй болоод говийн бүсийн дөрвөн аймаг тэмээний баяр тэмдэглэн зөвхөн эх орондоо бус, дэлхий нийтийн анхааралд аваачдаг юм. Тэмээний баяраар сонор мялаах соньхон мэдээ дуулдсан нь ингэний ферм байлаа. Монгол төдийгүй дэлхийд ховор ферм. Уг фермийг “Солид Партнерс” групп таван жилийн өмнө нээжээ. Одоогоор нийт 225 тэмээтэй, 160 нь ингэ. Өдөрт 70 ингэ сааж, 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү авдаг. Энэ нь бэлчээрийн тэмээнээс хоёр дахин их тоо. Нийт 15 хүн ажилладаг. Зуны улиралд энэ тоо бүр дөрвөн литр ч хүрэх нь бий. Одоогоор тараг, ундаа, хуурай сүү зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цаашдаа дэлхийд экспортлох зорилготой. Дотоодын хэрэгцээгээ хангаад, дээр нь дэлхийд гарахын тулд дотооддоо танигдах ёстой. Тиймийн учир бүтээгдэхүүнүүдээ төв болон бусад аймгийн иргэдэд таниулах ажилд анхаарч байгааг компанийн удирдлагууд ярилаа.

Монголын анхны бөгөөд цор ганц ингэний ферм дэлхийд гарах зорилготой. Одоогоор өдөрт 70 ингэ сааж, 140-150 литр сүү авч байна.

“Түмэн тэмээний баяр”. Агуулгыг нь таниулж чадвал жуулчид татах брэнд. Магадгүй “Go Mongolia” нэрээр гаднын хөлбөмбөгийн багийг спонсордхоос ч илүү брэнд байж мэднэ. Жуулчид авахын тулд аймгийн нисэх буудал олон улсын нислэг авдаг байх ёстой. Одоогоор “Гурвансайхан” нисэх буудлаар 22.3 мянган зорчигч үйлчлүүлж, нийт 724 удаагийн нислэг үйлджээ. Брэнд болгохын тулд одоогийн барилга байгууламжийг шинэчилж, олон улсын нислэг авах ёстойг нутгийн иргэд ч дуу нэгтэй хэлж байв. Засгийн газрын зүгээс энэ асуудалд анхаарч буй аж. Хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр цахилгааны ачаалал хэтэрчээ. Мэдээж нисэх буудал гэдэг цахилгаанаар ажиллаж таараа. Даланзадгадын ДЦС 20 орчим жилийн өмнө ашиглалтад орсон. Гэхдээ цахилгааны ачаалал хэтэрсэн хотын зовлон энд ч бас бий. Өмнөговь аймаг аймгуудаас анх удаа бонд гаргаж, 50 МВт-ын станц барихаар болжээ. Одоо төсөл нь эхэлсэн. Үүнийг Ерөнхий сайд өөрийнхөө амаар хэлнэ лээ.

Одоогоор “Гурвансайхан” нисэх буудлаар 22.3 мянган зорчигч үйлчлүүлж, нийт 724 удаагийн нислэг үйлджээ. үнй

Түмэн тэмээний баярын үеэр цаг улирлын байдал уярч, биднийг ирэхэд нүүр алгадсан жавар арилсан байлаа. Их говийн эзэн тэмээн сүргийн илчинд цагийн байдал уярсан ч байж мэднэ. “Тэмээн дээрээс наран ойрхон” гэж дуу бий. Тэшинхэн, жонжуулдаг энэ сүрлэг амьтан нарыг илчтэй нь хамт тосдог учраас тийм ойрхон байдаг ч байж мэднэ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top