Лаосын агуйд гацсан хүмүүсийг аврахаар Тайландын аврагчид нэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

2018 онд Тайландын өсвөрийн хөлбөмбөгийн багийг агуйгаас аварсан шумбагчид  Лаост үерт автсан агуйд тав хоног гацсан долоон хүнийг аврах ажиллагаанд нэгдээд байна.

Агуйд гацсан хүмүүс Лаосын Сайсомбун муж дахь агуйд лхагва гарагт амьтан агнах болон алт хайхаар орсон аж. Гэвч хүчтэй борооны улмаас хөрсний нуралт үүсэж, агуйн ам хаагджээ. Ослын газарт очсон Тайландын сайн дурын аврах багийн нийтэлсэн дүрс бичлэгт аврагчид харанхуй, нарийн хонгилуудаар мөлхөж, авирч буй нь харагдсан бөгөөд зарим хэсэг нь шавартай усаар дүүрсэн байна.

 

 

Аврагчдын хэлснээр агуй руу орох нэг хонгил ердөө 60 см өндөртэй. Агуйн гадна ажиллаж буй аврагчдын баг ус соруулахаар ажиллаж байгаа бол дотор ажиллаж буй аврагчид олс татаж байна гэж Тайландын аврах баг болох “Metta Tham Rescue”-ийн ажиллагааны ахлагч Кенгкард Бонгкавонг ярьжээ. Тэрбээр агуйд гацсан хүмүүс амьд байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа ч амьд байгаа хэмээн найдаж байна. Учир нь өмнө нь агуйгаас гарч чадсан нэг хүн агуйн гүнд усанд автаагүй хэсэг үлдсэн гэж мэдээлсэн байна.

Аврагчид хүмүүс байж магадгүй гэж үзэж буй хэсгээс 40 метрийн зайд хүрсэн ч үргэлжилсэн борооны улмаас шавар, лаг хонгилыг бөглөж, цааш явах боломжгүй болсон байна.

Тэдгээр хүмүүс хувиараа алт олборлож байсан эсвэл уурхайн компанид ажиллаж байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн жилүүдэд Лаост шороон ордын олборлолт эрчимтэй өссөн бөгөөд АНУ-ын судалгааны байгууллага болох Stimson Center-ийн судалгаагаар 2023–2025 оны хооронд ийм төрлийн 200 уурхай шинээр нээгдсэн аж. Өнгөрсөн жил Лаосын засгийн газар байгаль орчны асуудлаас шалтгаалан алтны шороон ордын олборлолтын зөвшөөрөл олгохыг хориглосон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top