Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.05.26/ эхлүүллээ.
Сэтгүүлч, редакторуудад парламентын бүтэц, үйл ажиллагаа, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүрэг, механизмын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэн өгч, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, тэнцвэртэй, баримтад тулгуурлан, түргэн шуурхай түгээх, асуудалд агуулгын болон бодлогын дүн шинжилгээ хийх арга зүйн талаар мэдээлэл хүргэх зорилготой сургалтыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж, сэтгүүлчдэд парламентын шинэчлэлийн бодлогыг танилцууллаа.
Парламентын нэр хүнд институтийн түвшинд хангалтгүй, сул байгаа нь судалгаанаас тодорхой харагдаж байгаа учраас иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байгаа алдааг засахаас ажлаа эхэлсэн гэдгээ Улсын Их Хурлын дарга онцлов. Тиймээс парламентын дархлааг бэхжүүлэхийн тулд парламент өөрийнхөө хууль, дэг, эрх зүйн орчныг илүү сайжруулах ёстой гэж үзэж байгаагаа тэмдэглэв.
Сайн парламентыг цогцлоох эрх зүйн тулгын гурван чулуу болсон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа юм. Тэгвэл эдгээр хуулиудад ямар өөрчлөлт оруулж, тулгарч буй асуудлуудыг хэрхэн засахаар төлөвлөж буй талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа. Дээр дурьдсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар хариуцлага, сахилга баттай, иргэдэд ээлтэй, ил тод, хийдэлгүй хууль баталж, хэрэгжилтэд хяналт тавьдаг сайн парламент төлөвшинө гэж үзэж байна хэмээгээд, цаашдаа парламентын мэдээлэл, батлагдсан хууль, шийдвэрийг энгийн ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэхэд анхааран ажиллаж байгааг танилцуулсан.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа,”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцлоод, улстөржилт бус хуулийн мөн чанар, ажил хэрэгч мэтгэлцээнийг ард иргэдэд хүргэхэд түлхүү анхаарахыг уриаллаа.
“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэтгүүлчдэд зориулсан сургалтад Монгол Улсын Их Хурал, Тамгын газрын удирдлагууд, Улсын Их Хурлын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын албан хаагчид, парламентын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд оролцож байна.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтын эхний өдөр сэтгүүлчид Үндсэн хууль ба төрийн байгууллын суурь ойлголт, хууль тогтоох онол практикийн асуудал гэсэн үндсэн сэдвийн хүрээнд нийт 10 илтгэгчийн илтгэл, мэдээлэлтэй танилцана

Сэтгэгдэл ( 0 )