Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн Бямба, Ням гарагт дэлхий даяар уламжлал болгон тэмдэглэдэг “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-ийг энэ жил “Шувуу бүр чухал – Таны ажиглалт үнэ цэнэтэй” уриан дор зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Өмнөговь аймаг “Өсөлттэй Өмнөговь”, “Өсөлттэй Даланзадгад хот” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачууд, иргэдийн байгаль орчны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, шувуу, байгаль хамгааллын ач холбогдлыг таниулах зорилгоор Даланзадгад хотод олон арга хэмжээг хийхээр төлөвлөөд байна.
Тодруулбал, энэхүү өдрийг Даланзадгад хотын эвент арга хэмжээ болгон хөгжүүлэх хүрээнд Монгол Улсын анхны Шувуу ажиглах уралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулагдах юм.
Тус арга хэмжээ нь хүүхэд, залуус, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээс гадна байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх, шувуу ажиглалтын соёлыг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын шинэ өнгө төрхийг бий болгоход чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )