Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.
Энэхүү ажлын хүрээнд УИХ-ын 2024 оны "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" 64-р тогтоолын 01-р хавсралтад заасан орон нутгийн хөгжлийн төвөөс төсөл хэрэгжих газар нь шийдэгдэх боломжтой, мөн инженерийн дэд бүтэц, ерөнхий төлөвлөгөөний бэлэн байдал, нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт /ХББОС/-ын сайд 2025 оны 21-р тушаалаар төсөл хэрэгжих сумдын жагсаалтыг баталсан билээ.
Уг жагсаалтад багтсан сумдаас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар орон нутгийн хөгжлийн төв суурин газраар тогтоогдсон сумын төвд 15, бүсийн хөгжлийн төв суурин газарт таталцах сумдын төвд 8 айлын орон сууцыг барьж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 12 суманд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа бол 19 сумын хөрөнгө оруулалт шийдэгдэж, гэрээний ажил явагдаж байгаа аж.
Орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд говийн бүсэд ажиллаа.
Энэ үеэр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд баригдаж байгаа 8 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа "Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал. Нөгөө талаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон нутагтаа амьдрах боломжийг хангах бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна" гэлээ.
Эрдэнэдалай сум бол 5000 гаруй хүн амтай Дундговь аймгийн хамгийн том сумдын нэг бөгөөд нэгдсэн эмнэлэг, сургууль цэцэрлэг гээд төрийн албанд нэн шаардлагатай орон тоо олон бий. Энэхүү эрэлт хэрэгцээг дагаад суманд ирж ажиллах төрийн алба хаагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа учраас тэднийг орон сууцаар хангаж, тогтвортой ажлын байранд авч үлдэхийг зорьж байгаа талаар Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар хэллээ.
Мөн тэрбээр багш, цагдаа, эмч, онцгой байдлын алба хаагч нарыг юун түрүүнд орон сууцанд оруулахаар төлөвлөж байгаа талаар дурдаад, тухайн алба хаагчдыг эхний гурван жилд түрээсийн төлбөрөөс чөлөөлөх бөгөөд түүнээс дээш жил орон нутагтаа үргэлжлүүлэн ажиллах бол тодорхой төлбөрийн шатлалтай байхаар зохицуулсан гэв.


Харин Гурвансайхан сумын тухайд мөн 8 айлын орон сууцыг 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа ба орон нутгийн онцлогт тохируулан барьж буй уг орон сууцуудыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.


Ажлын хэсэг сүүлийн өдрөө Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны хамтаар Мандалговь сумын хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсан юм.
Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Төв халхын дуудлага жүжгийн театрын барилга, Улсын төсвийн 32,990 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК гэрээ байгуулж, бэлтгэл ажлаа ханган барилгын ажил эхлэх шатандаа явж байна.
Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга, Улсын төсвийн 12,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК гүйцэтгэж буй барилгын ажлын явц 70 хувьд хүрээд байна.
Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл болох “Хог хаягдал шатааж дулаан боловсруулах үйлдвэр” нь орон нутгийн төсвийн 8,649.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Бэсүжин Констракшн” ХХК-ий гүйцэтгэж буй барилгын ажлын явц 85 хувьд хүрч байна” гэлээ.
Мөн тэрбээр санхүүжилт авсан ч барилга угсралтын ажил эхлээгүй, ажлын гэрээ дууссан газруудад шаардлага хүргүүлж, холбогдох шүүхийн байгууллагад хандах зэрэг ажлыг хийж байна гэсэн юм.
Ийнхүү Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг хэрэгжиж буй төслүүдийн явц, чанар, цаг хугацааны биелэлттэй дэлгэрэнгүй танилцаж, барилгын ажлуудыг хугацаанд нь чанартай дуусгахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 0 )