Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Али Курт, хөтөлбөр зохицуулагчийн орлогч Өзгүр Юсуф Йылдырым нар Хөвсгөл аймагт ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд ТИКА-гийн төлөөлөгчдийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар хүлээн авч уулзан, тус агентлагийн дэмжлэгээр орон нутагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр цаатан иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн өмнө нь хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг дүгнэж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцлээ.
ТИКА-гийн дэмжлэгээр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гүний усны худаг гаргаж, орон нутгийн иргэдийн ундны усны хангамжийг сайжруулахад хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн цаатан иргэдэд хүнсний дэмжлэг үзүүлэх зэрэг хүмүүнлэгийн чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлжээ.
Энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд ТИКА-гийн төлөөлөгчид Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллаж, тус агентлагийн санхүүжилт, дэмжлэгээр гаргасан гүний усны худгийг хүлээн авах үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. Мөн цаатан иргэдтэй уулзаж, тэдний аж амьдрал, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагатай газар дээр нь танилцах юм.

Сэтгэгдэл ( 2 )
дээр үед байшин бариад өгсөн сууршиагүй эсгий дулаалганд өгсөн хадны агуйд хийгээд нүүгээд явсан гэдэг яриа байдаг энэ социализмын үеийн яриа
Цаатан иргэдийн өнөөг хүртэл яваад ирсэн амьдралын онцлог, нийгмийн асуудлыг гадныхнаар өөрчлүүлэх гэж оролдох нь үндэсний аюулгүй байдал, хүний эрхэд шууд халдаж байгаахэрэг байх шүү. Унаа тэрэг нь цаа, Идэж хүнс нь цааны мах, сүү, цагаан идээ. Бэлчээр тэжээл, өвөлжөө хаваржаа, зулсан зкэрэг нутаг орон нь хүрэлцээтэй. Тэдний нийгмийн асуудлыг хэвийн гэж үзэх ёстой шүү. Янз бүрийн зорилготой хүмүүс маш их очиж байна. маш их өөрчлөгдөж байгааг харах ёстой.