Хөвсгөл аймагт олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 05

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулан иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлалын үйлчилгээг хүргэх зорилготой “Жоб центр-Хөвсгөл” төв нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар оролцож үг хэллээ. Хэлсэн үгэндээ : “Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх ‘Job Center’ төв манай аймагт нээгдэж байгаад баяртай байна. Өрхийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тус төвийг аймгийн ЗДТГ-ын дэргэд байгуулж, өрөө танхимаар дэмжлэг үзүүллээ. Цаашид тус төвийн үйл ажиллагаа орон нутгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцолж амжилт хүслээ.

Мөн аймгийн Засаг даргын зүгээс тус төвөөр дамжуулан өрхийн үйлдвэрлэлийг дэмжих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ. Энэ хүрээнд 12 өрхөд өрхийн үйлдвэрлэхэд шаардлагатай төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх батламж гардууллаа.

“JOB CENTER” Хөвсгөл төв нь дараах хөдөлмөр эрхлэлтийн ЦОГЦ үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

-Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг ганцаарчилсан болон бүлгийн хэлбэрээр үзүүлэх;

-Ажил хайгч иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээ хийж хөдөлмөр эрхлэх хувийг төлөвлөгөө гаргахад нь дэмжлэг үзүүлэх;

-Ажлын байрны захиалгын мэдээг нэгтгэн иргэдийг ажилд зуучлах;

-Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл болон Хөдөлмөрийн салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээллийг нэг дор нэгдмэл байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх;

-Иргэдийн Бизнес санаагаа олох, бизнесээ хөгжүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөх; зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top