ЗАВХАН | Төрийн алба хаагчид нэгнээ зодож, хүнд гэмтээсэн хэргийг нуун дарагдуулахыг завджээ

Б.Цог | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнгөрөгч аравдугаар сарын сүүлчээр Завхан аймгийн төрийн албан хаагчид, архидан согтуурч нэгнээ зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарсан.

Тодруулбал, аравдугаар сарын 27-ны орой Завхан аймгийн Сонгино суманд томилогдон ажиллаж буй Онцгой байдлын алба хаагч бусдад зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн байдаг.

Хохирогч эрэгтэйг Сонгино сумын Тариат багийн Зааг дарга О.Мөнхжаргал болон багийн эмч н.Пүрэврагчаа нар сумын төвөөс хоёр км-ын зайд байрлах наадмын стадионд аваачин биед нь халджээ. Ингэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэх бөгөөд энэ үйл явдлыг аймгийн удирдлагууд нуун дарагдуулахыг завдаж буй талаарх эх сурвалжийн мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар, хохирогчийн  хоёр уушиг няцарсан, 5 хавирга хугарсан, нулимсны сүв сэтэрч судас тасарсан, тархинд цус хуралдаж, хавагнасан гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Уг хэрэгт өнөөдөр хэн нэгэн хариуцлага хүлээгээгүй байх ба энэ мэт төрийн албан хаагчдын ёс зүйн доройтол, хариуцлагагүй байдлыг таслан зогсоож, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл бүрд хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг анхаарах цаг болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top