Одоогоос есөн жилийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сард иргэн Б.А гэгч нь найз охиноо 28 удаа хутгалж, амь насыг нь хохироосон онц ноцтой гэмт хэрэг үйлдэж байжээ.
Тэрбээр, өөрийн найз охин Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэж, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах гэрт нь худал хэлэн орж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн байна.
Улмаар талийгаачийн цогцсыг зөөвөрлөн, өөрийн унаж ирсэн төрийн албаны хэрэгцээний автомашинд ачсан байхдаа дүүргийн эргүүлийн цагдаа нарт баригдсанаар уг хэрэг илэрч байжээ.
Ингээд дээрх хэргийг шүүх хэлэлцээд, Б.А нь хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хаалттай хорих ангид 20 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан юм.
Хүмүүжигч А.Б нь өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа ба түүнд оноосон хорих ялын хугацаа 2037 онд дуусгавар болно.
Гэвч энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий хүмүүс оролцож эхэлсэн байх ба онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн дээрх этгээдийг хугацаанаас нь өмнө магадлангаар суллуулахаар Ардчилсан намын нэр бүхий гишүүн, хөөцөлдөж эхэлсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Угтаа бол Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар ялтныг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахад гэмт хэргийн ангиллаас шалтгаалаад 50-иас дээш хувийг биеэр эдэлсэн байна гэж заасан байдаг. Энэ хэргийн тухайд онц хүнд гэмт хэрэг тул ял шийтгэсэн хугацааны гуравны хоёр буюу дор хаяж 13,3 жил хоригдох ёстой ч АН-ын нэр бүхий гишүүн өөрийн төрсөн ах гэгдэх А.Б-ыг хугацаанаас нь өмнө суллуулахаар хуулийнханд нөлөөлөхийг оролдож буйд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байна.
Бид дараагийн дугаартаа хэргийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.

Сэтгэгдэл ( 1 )
Zavaarsan no-show ve