Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн “Булган Мээж” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /ОНӨХХК/ захирал асан Г.Ганбаатарыг шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл тогтоогдсон учраас Г.Ганбаатарыг шалгуулахаар хэрэг үүсгэн Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.
Г.Ганбаатар нь “Булган Мээж” ОНӨХХК-ийн захиралаар ажиллах байхдаа их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан гэх бөгөөд дээрх өр төлбөрийг барагдуулахгүй бол Булган аймгийн иргэд энэ өвөл эрчим хүч, халуун ус, дулаангүй өвөлжих бодит эрсдэлд ороод байгаа юм.
Гэтэл түүний үүсгэсэн дээрх өр төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр буюу улсын төсөв рүү гар дүрэн, төлөх гэж байна.
Энэ асуудлыг Шадар сайд Н.Номтойбаяр орон нутгийн эрчим хүч, дулаан хангамжийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, өвөлжилтийг хүндрэлгүй давах нэрээр Засгийн газарт танилцуулж, улмаар Эрчим хүчний сайдын багцад 6 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгуулжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй ажиллаж, их хэмжээний өр төлбөр үүсгэсэн захирал зүгээр л ажлаа өгсөн байхад түүний алдааг иргэд бидний мөнгөөр залруулахаар болсон нь үүний цаана авлига, ашиг сонирхлын зөрчил байгаа гэж хардахад хүргэж буй юм.
Дашрамд дурдахад, Булган аймгийн АН-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаатар нь, “Булган Мээж” ОНӨХХК-ийн захирал буюу төрийн албанд ажиллахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлэн мөн хууль зөрчиж ирсэн байх ба тэрбээр ШУТИС-ийг “Иргэний ба үйлдвэрлэлийн барилга” мэргэжлээр төгссөн гэх баклаврын дипломоо хуурамчаар үйлдэж, байжээ.

Сэтгэгдэл ( 0 )