“Монос” групп ЗУРАГ ТӨСЛИЙН ДАГУУ баригдаагүй барилгад өндөр үнээр захиалга авч, иргэдийг хохироож байна

Б.Цог | Zindaa.mn
41 минутын өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан толгойн зүүн талд хэрэгжиж буй “F.I-One” бизнес зэрэглэлийн хотхон иргэд, захиалагчдыг хохироохуйц чанаргүй барилгад захиалга авч байна гэх мэдээлэл байна.

Тус төслийг БНСУ-ын хөрөнгө оруулалттай гэх “Шинэсэгэ бүйлд” ХХК болон “Монос” групп хамтран 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт дөрвөн блокоос бүрдэнэ.

Одоогоор гурван блок барилга ашиглалтад ороод байгаа бол хамгийн сүүлийн блок болох 104 дүгээр блокын барилгад иргэдээс өндөр үнээр захиалга авах үйл ажиллагаа явагдаж буй аж.

Тэгвэл ийнхүү иргэдээс өндөр үнээр захиалга авч буй тус барилга нь архитектурын зураг төслийн дагуу явагдаагүй байх ба хяналтын тайлангаар эдгээр нь баталгаажсан байна.

Хяналтын тайланд:

-БНбД 52-03-05 угсармал, төмөр бетон бүтээцийн нормын дагуу гүйцэтгээгүйн улмаас угсралтын ажлын явцад зарим узель, диафрагм хана, дам нурууны ул, хацранд суларсан бетон, ажлын арматур, ажлын хом ил гарсаныг технологийн дагуу шавардлага болон бетон дүүргэгчээр дүүргээгүй

- Хананы 3-р үеийн хэвний эгцэлгээ нь шаардлага хангаагүй, зарим хамар ханануудын эгцэлгээ муу (ханарсан, савсан) байдалтай

-Агааржуулалтын хоолой нэвтрэн гарах нүх байхгүй. Зарим ариун цэврийн босоо хоолойн нүхийг солбиж гаргасан

-Шатны хонгилд агаар өгөх хоолойн нүх гаргаагүй

-Хонгилын утаа сорох хоолойн трасс байрлах нүх гаргалгаа байхгүй

-Бохир цэвэр усны хоолойн нүхийг өрөмдөж гаргах, бохир усны цохилтын хүчийг сааруулах арга хэмжээ авах, борооны усны шугамын трассын нүх гаргах, борооны  усны уналт сааруулах  талаар арга хэмжээ авах, зоорийн давхарт оролт гаралтын нүх гаргах тус тус шаардлагатай гэжээ.

Мөн иргэдэд үзүүлэн захиалга авч буй show room-тэй харьцуулахад далд монтажны хар хоолойн сувагчлалын ажил нь интерьер зургийн дагуу хийгдээгүй зэрэг зөрчил дурдагджээ.

Эдгээрээс хамгийн ноцтой нь диафрагм хана, дам нурууны ул, хацранд суларсан бетон, ажлын арматур, ажлын хом ил гарсан байх ба шавардлага хийж, бетон дүүргэлт хийгээгүй зэрэг юм.

Өөрөөр хэлбэл, тус барилга нь анхнаасаа батлагдсан зураг төслийн дагуу хийгдээгүй байгаа нь улсын комисс хүлээн авах боломжгүй гэдгийг харуулж буй юм.

Нөгөө талаас дээрх барилгыг “Монос” группийн эзэмшлийн газар дээр барьж буй бөгөөд барилгын ажлыг дээр дурдсанчлан  “Шинэсэгэ Бүйлд” ХХК хариуцан ажиллаж байгаа ч энэ компани нь барилга барих тусгай зөвшөөрөлгүй зөвхөн барилгын засвар, зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй компани гэж бүртгэгдсэн байгаа нь анхнаасаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж, худалдсан байх магадлалтайг харуулж байгаа юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top