Цөл гэхээр хамгийн түрүүнд Говь эсвэл Сахарын цөлийн уудам хязгаар санаанд ордог. Үнэндээ говь, цөл нь олон янз байдаг бөгөөд ургамал, амьтны аймгийн хөгжлийн түвшин болон хүний оролцооны хэмжээгээр ялгаатай байдаг болохыг ВВС агентлаг онцолжээ.
Египетийн нийслэл Каир хот нь цөлийн бүсэд сүндэрлэсэн дэлхий дээрх хамгийн том хотод тооцогддог. Хүн ам нь 23 саяыг давна. Ерөнхийд нь цөл гэдэг нь туйлын хуурай орчныг хэлдэг байна. Энд ихэнх амьд организм амьдрах нөхцөлгүй.
Сүүлийн үед цөл хил хязгаараа тэлсээр байна. НҮБ-ын мэдээллээр, жил бүр нэг сая орчим кв км талбай үржил шимтэй газар доройтож байна. Үржил шимтэй газрын талбай ийн буурч байгаатай зэрэгцэн нэгэн асуулт урган гарч ирж байна. Ус гаргаж авах стандарт бус шинэ аргууд говь, цөлийг ургамлаар баян газар болгож болох уу?
Цаг агаарыг өөрчлөх нь
Цөлжилт гэдэг нь нуга, ой төгөл зэрэг газрууд ямар нэгэн шалтгаанаар хуурайшиж, улмаар цөл болохыг хэлдэг гэж Бээжингийн боловсролын их сургуулийн газар зүйн шинжлэх ухааны профессор Ян Ли тайлбарлажээ. 1970-аад оны үед Жул Чарни гэгч эрдэмтэн цөлжилтийн үйл явцад хүний үйл ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон байна.
Энэхүү үйл явц нь альбедо буюу гадаргууны ойлгох коэффициент өөрчлөгдөхөд хүргэдэг байна. Учир нь элс дангаараа маш хурц тод бөгөөд нарны гэрлийг их ойлгодог. Газар дулааныг шингээлгүй ойлгоход агаар бага халдаг байна. Ингэснээр чийг бага ууршиж, улмаар бага хэмжээний үүл хөгждөг. Ийн хур тунадасны хэмжээ багасаж, тухайн газар улам хуурай болно.

Тиймээс профессор Ли гадаргууны альбедог багасгавал юу болох, хур тунадасны хэмжээ нэмэгдэх эсэхийг судалсан байна.
Түүний ярьснаар, нарны зайн хавтангууд энэхүү асуудлыг шийдэхэд туйлын тохиромжтой аж. Тэдгээр нь бараан өнгөтэй тул дулааныг шингээх чадвар нь өндөр. Өөрөөр хэлбэл агаарыг халааж, чийгийг ууршуулан, үүл бүрэлдэхэд тустай.
Ли профессороор удирдуулсан баг Сахарын цөлийн 20 хувьд нарны зайн хавтан байрлуулсантай ижил симуляц загварыг бүтээжээ. Тэд мөн салхин сэнснүүдийг байрлуулсан байна. Тэдний загвар Сахарын цөлийн нутаг дэвсгэрийн хур тунадасны хэмжээ хоёр дахин нэмэгдэхийг харуулсан байна.
Гэхдээ энэ нь одоогоор загвар төдий бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд нийт хоёр сая кв км талбайд байрлуулах асар их хэмжээний нарны зайн хавтан, салхин сэнс шаардлагатай. Энэ нь Мексик эсвэл Индонезийн газар нутгийн хэмжээтэй тэнцүү гэсэн үг.
Түүнчлэн, энэ арга нь Сахара зэрэг зөвхөн далайгаас холгүй оршдог цөлд л үр дүнтэй. Ийм цөлд далайгаас чийгтэй агаар хуурай газрын гүнд хүрдэг байна. Харин Говь болон Ойрх Дорнодын цөл газрууд далай, тэнгисээс хэт хол байрладаг.
Үүл хураах нь
Манай гарагийн хамгийн хуурайд тооцогддог Атакама цөлд агаараас ус гаргаж авах технологи үр дүнтэй. Чилийн Майорын их сургуулийн судлаач Виржиниа Картер манан хураах систем хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү технологи нь Чилид 50 жилийн өмнө гарчээ. Гол зорилго нь цөлд үүлнээс ус гаргаж авахад оршино.
Манангаас ус гаргаж авах нь гайхалтай энгийн арга. Хоёр шон хооронд тор татдаг ба үүл энэхүү нарийн ширхэгтэй тороор нэвт гарахад торон дээр усны дуслууд тогтож үлддэг байна. Улмаар усны дуслууд хоолойгоор урсан, хадгалах саванд хуримтлагддаг.

Чилид өдөрт нэг кв метрээс хоёр литр ус хураах боломжтой. Зарим газарт долоон литр ус хураах боломжтой.
Тэгвэл энэ технологи цөлийг ногооруулахад тус болох уу?
Картер үүнийг боломжтой гэж үзэж байна. Өдгөө түүний баг Атакама цөлд ийм төсөл хэрэгжүүлж байна. Тэд манангаас гаргаж авсан усыг хайдрапоник буюу тэжээллэг усанд ургамал ургуулахад ашиглаж байна.
Гэхдээ сул тал бас бий. Ийм аргаар хураан авах боломжтой усны хэмжээ нь бусад аргынхаас хамаагүй бага төдийгүй үүнийг зөвхөн манан их татдаг эрэг орчим ашиглахад тохиромжтой аж.
Далайн уснаас ундны ус
Далайн усыг цэвэршүүлэх технологи нь итгэмээргүй үр дүнтэй хэдий ч орчин үеийн арга технологи нь ихээхэн хэмжээний эрчим хүч шаарддаг тул голдуу малтмал түлш ашигладаг.
Дербийн их сургуулийн профессор Кристофер Сэнсом нарны эрчим хүчээр ажилладаг бага оврын төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна. Тэд толины тусламжтай нарны гэрлийг тусгай хоолойнуудад тусгах замаар далайн усыг буцалгаж, давсыг нь ялган авдаг байна.

Цөлийг ногооруулах битгий хэл хүмүүсийн өсөн нэмэгдэж буй усны хэрэглээг хангахын тулд асар их хэмжээний усыг цэнгэгжүүлэх шаардлагатай байна.
Үүний зэрэгцээ тухайн арга технологиос шалтгаалан их хэмжээний давс бий болж, төхөөрөмж суурилуулсан орчинд хохирол учруулж болзошгүй.
Цаашид хэрхэх вэ?
Онолын хувьд далайн усыг цэнгэгжүүлэх, үүлнээс ус хураах эсвэл бүр цаг агаарыг өөрчлөх замаар цөлийг ногооруулах боломжтой.
Гэвч цөл нь өөрөө тийм ч муу газар огт биш. Говь, цөл бол байгалийн үзэгдэл гэж Ли онцолжээ. Хэрэв говь, цөл тогтвортой байгаа бол айх зүйл байхгүй. Байгаагаар нь үлдээх учиртай.

Цөлийг ногооруулах эсвэл усаар хангахын оронд говь, цөлд буй амьдралыг хамгаалах хэрэгтэй гэж Ноттингемийн их сургуулийн судлаач Зинниа Гонсалес Карранса үзэж байна. Түүний ярьснаар, цөлийг ногооруулах оролдлого нь урт хугацаанд байгаль орчин болон орон нутгийн хүмүүст хохиролтой байх талтай.
Шинэ ургамал тариалснаар бид хэсэг хугацаанд л сайн ургац хураах боломжтой. Гэвч үүний тулд их хэмжээний ус зарцуулна. Ингэснээр цөл газарт амьдарч буй нутгийн ард иргэд хохирдог. Тиймээс бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол говь, цөлийг ойлгож, хүндэтгэн, зохицон амьдрах хэрэгтэй гэж Зинниа Карранса үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )