Олон улсын эмэгтэйчүүдийн баярын тухай сонирхолтой баримтууд

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 08

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр энэ хорвоогийн бүх эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиодог. Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийе: Дэвшлийг хурдасгая” сэдвийн дор тэмдэглэж байна. 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхэн болон сонирхолтой баримтууд сонирхуулж байна. 

-Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүх албан бусаар 1857 оны гуравдугаар сарын 8-нд эхэлжээ. Энэ өдөр оёдлын үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүд Нью Йорк хотноо “хоосон савны жагсаал” зохион байгуулжээ. Ийм замаар тэд эрх баригчдын анхаарлыг хөдөлмөрийн хүнд нөхцөл, бага цалин хөлс, тэгш эрхийн асуудалд хандуулахыг зорьжээ. Хожим нь энэ өдрийг “эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн нэрлэдэг. Энэ үйл явдлаас хойш тавин жилийн дараа түүх дахин давтагдав. 1908 онд эмэгтэйчүүд сонгох эрх, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахын төлөө дуу хоолойгоо өргөжээ. Эл явдал хоёрдугаар сарын сүүлээр болсон бөгөөд жагсагчдыг хүйтэн усаар шүршин, тарааж байв. 

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санааг Клара Цеткин гаргажээ. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин, Роза Люксембург нар энэ өдөр эмэгтэйчүүдэд хандан жагсаал, цуглаан зохион байгуулах замаар эмэгтэйчүүдийн асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахыг уриалдаг байжээ. 1910 онд Копенхаген хотноо болсон Социалист эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлаар Клара Цеткиний санал болгосны дагуу Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргаж байсан түүхтэй. 

-1975 оноос эхлэн НҮБ-ын гишүүн орнууд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг албан ёсоор тэмдэглэж эхлэв. 

-Эмэгтэйчүүдийн баярыг эртний Ромд тэмдэглэж байжээ. Энэ өдөр эртний Ромын эрчүүд эхнэрүүддээ илүү анхаарал тавьж, бэлэг бэлэглэдэг байсан бол эмэгтэй боолуудыг ажлаас чөлөөлдөг байв. Ромын иргэд энэ өдөр ёслолын хувцас өмсөж, сүмд очин, гэрийн гал голомтын бурхан Вестад мөргөдөг байжээ. 

-Олон улсын эмэгтэйчүүдийн баярын бэлэг тэмдэг нь мимоза буюу гамба цэцэг. Эртний Ромд эл цэцгийг хайртай эмэгтэйчүүддээ бэлэглэдэг байжээ. 

-Дэлхийн эдийн засгийн форумын мэдээллээр, дэлхий дахинд эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад дунджаар 20 хувиар бага цалин авдаг байна. Эл ялгаа бага цалинтай ажил дээр их гардаг. Судлаачдын тооцоолсноор, орлогын ялгааг арилгахад 130 гаруй жил шаардагдана. 

-Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл дэлхий дахины асуудал болоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, гурван эмэгтэй тутмын нэг нь биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг. 

-Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, спортын салбарт эмэгтэйчүүдийн төлөөлөл бага. Статистик мэдээллээс үзвэл, эрдэмтэн, судлаачдын 30 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. 2020 оны олимпын наадамд оролцсон тамирчдын 49 хувь нь эмэгтэй тамирчид байв. Дэлхийд эмэгтэйчүүдийг спортын тэмцээнд оролцохыг хориглосон улс орон байсаар байна. 

-2019 онд Бернадин Эваристо олон улсын нэр хүндтэй Booker шагналыг хүртсэн түүхэн дэх хамгийн анхны хар арьст эмэгтэй болов. 

-АНУ-ын зохиолч, сэтгүүлч Мэрилин вос Самант хамгийн өндөр IQ-тай хүнээр гурван жил дараалан /1986-1989/ шалгарч, Гинессийн номд бичигдсэн. Түүний IQ нь 228. 

-ЮНИСЕФ-ийн мэдээллээр, боловсролтой эхчүүд хүүхдүүдээ сургуульд явуулах магадлал хоёр дахин өндөр байдаг.

-Дэлхий дахинд 130 сая орчим охин ерөнхий боловсролын сургуульд хамрагдаагүйгээс ковид цар тахлын дараа 11 сая охин сургуульдаа эргэн ороогүй байна. 

-Дунд сургууль төгссөн охид насанд хүрээгүй байхдаа гэрлэх магадлал гурав дахин бага байдаг аж. Дэлхий дахинд 750 сая эмэгтэй 18 нас хүрээгүй байхдаа гэрлэжээ. Дэлхийн 117 улс, нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтээс хамгаалах хууль байдаггүй. 

-Бэлэгний тухайд мөн сонирхолтой статистик бий. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр эрчүүдийн 55 хувь цэцэг бэлэглэдэг бол эмэгтэйчүүдийн 43 хувь цэцэг авахыг хүсдэг байна. Эрчүүдийн дөнгөж найман хувь үнэт эдлэл бэлэглэдэг бол бүсгүйчүүдийн 15 хувь үнэт эдлэл бэлгэнд авахыг хүсдэг. 

Эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтууд 

-Нэг зуу нас хүрсэн таван хүн тутмын дөрөв нь эмэгтэйчүүд. 

-Халуун элс, хайрган дээр хөл нүцгэн алхахдаа эмэгтэйчүүд өлмий дээрээ явдаг бол эрчүүд өсгий дээрээ явдаг байна. 

-Дундаж эмэгтэй амьдралдаа хоёр кг уруулын будаг хэрэглэдэг. 

-Дэлхийд хамгийн түгээмэл эмэгтэй нэр бол Анна. Ийм нэртэй 100 сая эмэгтэй бий. 

-Эмэгтэйчүүдийн үнэрлэх чадвар эрчүүдээс өндөр. Дэлхий дээр 50 хүн тутмын нэг нь үнэр ялгадаггүй байна. 

-1477 онд Бургундийн Анна очир эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж авч байсан анхны эмэгтэй. 

-АНУ-ын Калифорнийн оршин суугч Жулиа Гнус биеийнхээ 95 хувьд шивээс хийлгэжээ. 

-Италид Мариа нэртэй эмэгтэйд бие үнэлэхийг хуулиар хориглодог. 

-Эмэгтэй хүнд долоо хоногийн турш хүүхдийн уйлах чимээг сонсговол хөх нь 2.87 см томордог болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. 

-АНУ-ын Виржиниа мужид эмэгтэйчүүдийг гижигдэхийг хуулиар хориглосон байдаг. 

-Дээр үед Колорадо мужийн хуулиар унтаж буй эмэгтэйг нөхөр нь хүртэл үнсэх эрхгүй байжээ. 

-Эмэгтэйчүүд жилд 30-64 удаа уйлдаг бол эрчүүд 6-17 удаа л уйлдаг байна.

-Эмэгтэйчүүдийн зүрх эрчүүдийнхээс хэмжээгээр 20 хувь бага байдаг аж. 

-Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд өдөрт 13 мянган үг илүү хэлдэг. 

-XII зуунд Германы III Конрад хаан эзэлсэн хотын эмэгтэйчүүдэд хамгийн үнэтэй зүйлээ авч гарахыг зөвшөөрөхөд эмэгтэйчүүд нөхрүүдээ нуруундаа үүрэн авч гарч, амийг нь аварч байсан түүх бий. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top