Төрийн хошой шагналт Д.Намдагийг ЭРГЭН ДУРСАХУЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, Монголын театрын урлагийн анхдагч Д.Намдагийн насан эцэслэсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Д.Намдаг нь 1911 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу, эдүгээгийн Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ар шанд гэдэг газар өртөө улаач Донровын гэр бүлд төржээ. Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж Монгол бичиг сурчээ. 1926 -1927 онд  Герман улсын хэлний бэлтгэлд, 1927-1929 онд Германы "Вихерсдоф" сургуульд Л.Намхайцэрэн, Д.Нацагдорж, Д.Пагмадулам зэрэг нөхдийн хамт суралцаж байжээ. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд 1925 онд элсч, 4 дүгээр  их хурлын төлөөлөгчөөр сонгогдон, Улаанбаатар хотноо ирсэн нь түүний сурч боловсрох үүдийг нээсэн гэдэг.

Д.Намдагийн бүтээл туурвилын он жилүүд баялаг, арвин түүхтэй. 1934 онд их зохиолч Д.Нацагдоржтой хамтран алдарт "Учиртай гурван толгой"  дуурь,  "Би биш" жүжгээ 23-хан насандаа найруулан тавьж байсан юм. 1936 онд 25 насандаа "Сүрэг чоно", "Амь ба амьдралын үнэ", "Мөлжигч ба туслагч" жүжгээ бичсэн байна.

Түүний залуу насыг хэлмэгдүүлэлтийн он жилүүд ч мөн дайран өнгөрсөн юм. 1941-1949 онд 30 насандаа германы эсэргүү тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүн хэргээр ахин баригдаж хилс хэргээр шоронд суув. 1943 онд 32 насандаа мөн 2 жил мөрдөнд сууж 7 жилээр яллагдан Төв засанд шилжин хоригдож байжээ.

Тэрээр 1962 онд "Цаг төрийн үймээн" цорын ганц романаараа анх "Төрийн шагнал" хүртэж байжээ. 1962-1964 онд  "Хөгшин чоно ульсан нь" туужаа бичжээ.

Монголын орчин үеийн уран зохиолын сонгодог төлөөлөгч, нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Д.Намдаг 1984 оны гуравдугаар сарын 11-ний энэ өдөр 73 насандаа өөд болсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top