Венецийн биенналийг зорих "АГШИН ЗУУР"-ын туршилт

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Саяхан Үлэг гүрвэлийн төв музейд онц сонирхолтой, нэн орчин үеийн нэгэн арга хэмжээ боллоо. Олон улсад нэрд гарсан Герман уран бүтээлч, хөгжмийн зохиолч Карстэн Николай (Alva Noto), хөөмэйч Н.Ашид, Д.Даваасүрэн, А.Ундармаа, Х.Дамдин, Ц.Баяржаргал, Тольцэцэг, Б.Хосбаяр, С.Мишээлт нар хамтарч "Агшин зуур" нэртэй харилцан үйлдэлт авиан дүрслэлийн тоглолтыг хийв. Тус төслийг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос монголын уламжлалт биет бус соёлын өв болох хөөмэйг нэн орчин үеийн урлагийн хэллэг рүү хөрвүүлж, цоо шинэ бүтээл туурвих зорилготой санаачилсан аж.
 


Музейн нүсэр орон зайнд улаан туяатай гэрэл тусгаж, Карстэн Николайн электрон синтезаторын минимал дуу авианд монгол хөөмэйчид орон зай, мөчлөгт үүсэх өөрийн мэдрэмжээ дуу авиагаар дамжуулан гаргах тэрхүү тоглолтыг үзсэн үзэгчид бүгд нүдээ анин, бясалган сонсож сууж байгаа нь харагдана. Тэдний дуу авиа намуухнаар эхлэн аажмаар хоорондоо сүлэлдэн эрчилдэж, заримдаа тасалдаж, сүнслэг, амгалан мэт хэрнээ оргилсон ер бусын холилдсон мэдрэмжийг төрүүлэх нь онцгой. Хэдийгээр авиан дүрслэлийн тоглолт ч зарим талаасаа контэмпорари дуурийг санагдуулам тус тоглолт 40 орчим минутын туршид үргэлжилсэн ба цэвэр импровизац байсан гэдгийг төслийн куратор Б.Гантуяа тайлбарлан хэлж байв.
 

 

Карстэн Николай нь 1965 онд төрсөн ба медиа урлаг, авиан дүрлэл, хөгжмийн бүтээлээр олон улсад өөрийн байр суурийг бий болгож чадсан дэлхийд нэртэй герман уран бүтээлч.  Түүний бүтээлүүд хүний мэдрэхүй, хүртэхүй, шинжлэх ухааны үзэгдэл, математикийн бүтцийг агуулах ба хөгжим, урлаг, шинжлэх ухааны завсар орон зайд төрөн гардгаараа онцгой. Тэр монгол хөөмэйчидтэй анх уулзсанаас хойш 3 хоног хамтран ажиллажээ. Тэрбээр Улаанбаатар хотын Zu Club, Дундговь аймгийн Их газрын чулуунд очиж өөрийн дотоод дуу хоолойг болон юмс үзэгдлийг сонсох дасгалыг нийт зургаан цаг орчим л хийж. "Агшин зуур" тоглолт уран бүтээлчдийн хувьд анхны туршилт байсан бөгөөд орон зай, биет зүйлс, дуу авиа бүхнээр дамжуулан үзэгчдэд агшин зуурын мэдрэмжийг төрүүлж, өнгөрсөн ба одоо цагийн дурсамжийг сэргээхийг зорьсон гэв.

Төслийн санаа нь монголчуудын дотоод, гадаад ертөнцтэй дуу авиагаар дамжин харьцдаг байсан эртний уламжлалаас сэдэлтэй. "Агшин зуур" төсөл Германы "Гёте" Институтийн олон улсын хамтын бүтээлийг дэмжих сангаас зарладаг олон улсын уралдаанаас шагнал хүртэж, бүтээл туурвих санхүүжилт авчээ. Уран бүтээлчид эцсийн бүтээлээ Венецийн дүрслэх урлагийн 58-р олон улсын наадмын нээлтэн дээр уран бүтээлч Э.Жанцанхоролын орон зайн барималтай харьцан амьд тоглолт хийж үзүүлэх ба дуу авианы бичлэгийг Монголын павильоны үзэсгэлэнгийн орон зайнд байршуулах аж.

 

 

Карстэн Николайн минималист, нууцлаг өрөг бүтээлүүд нь олон улсын Документа, Венецийн 49, 50 дахь удаагийн наадмуудад анх дэлгэгдэж улмаар Нью Йоркийн Орчин үеийн урлагийн музей, Гүгэнхэйм, Сан Францискогийн Орчин үеийн урлагийн музей, Парисын Помпеду, Токиогийн НТТ, Лондоны Тэйт Модэрн зэрэг дэлхийн тэргүүлэх музейнуудэд дэлгэгдэн олон нийтийн хүртээл болж байжээ.     

"Агшин Зуур" бүтээлийг Венецийн олон улсын биеннальд оролцуулахад Германы "Гёте" институтийн олон улсын хамтын бүтээлийг дэмжих сангаас гадна, БСШУСЯ, МИАТ ХК, Германы IFA, Швейцарийн хөгжлийн агентлаг санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top