Б.Цогтгэрэл: Бид гишүүнчлэлийн төлөө яваагүй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Монголын Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Намын дарга, улстөр судлаачийн хувьд Та өнөөгийн Монголын улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Монголын нийгэм намуудад аалзны тор шиг хүлэгдчихээд байна. Бүх мэргэжлийн холбоо, ассоциаци, соёл, спорт, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд улс төрийн намын субъект болчихсон. Өнөөдөр улс төрийн намуудын ритенг түүхэнд байгаагүйгээр уначихлаа. Энэ нь эрх баригч хоёр намын 30-аад жил хийж ирсэн үйл ажиллагаатай холбоотой. Тэгэхээр бид улс төрийн намуудын нэр хүндийг буцааж сэргээх ёстой. Гэхдээ одоогийн зарчмаараа сэргээх боломжгүй. Намууд цэвэр бодлогын нам болж байж сэргэнэ. Үүний хажуугаар төрийн бус байгууллагуудад алдагдсан боломжийг нь олгож, нам бус, хараат бусаар бие даан хөгжих түүхэн боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Улс төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд бүгд нийгмийн хөгжилд ижил тэнцүүгээр оролцох учиртай. Улс төрийн намын ялгаа бол төрийн бус байгууллага болоод иргэд, нийгмийн хүсэл зоригийг тусган сонгуульд оролцож, түүнийгээ төрийн бодлого болгоход чиглэдэг. Өөр ялгаа байхгүй. Гэтэл одоо бол бүх төрийн бус байгууллага намын дор орчихоод байна.

Учир нь манайд уламжлалт төрийн бус байгууллагын түүх алга. Европын орнуудад 400 жилийн өмнөөс мэргэжлийн холбоод ажиллаж ирсэн. Фермерүүдийн холбоо, Гахай үржүүлэгчдийн холбоо, Пивочдын холбоо, Тээвэрчдийн гээд бүх холбоо нь төлөвшчихсөн. Иргэний нийгмийн байгууллага нь төлөвшсөн нийгэмд суурилан улс төрийн намууд нь гарч ирсэн. Гэтэл манайд дан ганц улс төрийн нам байгаад тэр намыг л жижигхэн, жижигхэн хуулбарлаад л иргэний нийгмийн байгууллагууд нь үүсгэчихсэн. Нөгөөдүүл нь томрох тусмаа нам шиг үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг.

-Нийгэмд тогтчихоод байгаа намчирхалыг арилгахын тулд иргэний нийгмийн байгууллагуудыг хараат бус болгоход хангалттай хэрэг үү?

-Өнөөдөр 31 улстөрийн нам үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм олон нам дээр нэмэгдээд төрийн бус байгууллагууд намд үйлчилж байна. Ийм байхад намчихал арилахгүй. Тэд бүгдээрээ Монголын нийгмийг хөгжүүлнэ гээд явж байгаа ч ахуй амьдралаасаа хөндийрсөн солиорол, улстөрийн хийрхэл, намчирхал л авчирч байна. Энэ бүхнийг арай өөр өнцгөөс харж чадвал намчирхал саармагжиж болно.

-Хоёр том намд цэвэрлэгээ гэж хэлж болохоор зүйл явагдаж байна. Энэ бүхэн цаг үе өөрчлөгдөж байгаагийн хэлбэр мөн үү?

-Биш. Энэ бол нам доторх хүчний хуваарилалт болохоос биш өөрсдөө бий болгосон системээ өөрчлөх сонирхол энэ хоёр намд байхгүй. Яагаад гэвэл тус бүртээ 200 мянган гишүүнтэй намууд гэгддэг МАН, АН бол хоёр талд ажиллаж байгаа “орифлем”-ын сүлжээ л гэсэн үг. Түүгээр нь мөнгө цутгангуут салбарлаад доошоо түгээдэг. Буцаагаад сонгуулиар саналыг нь цуглуулж өгдөг л сүлжээ шүү дээ. Тэгэхээр иргэд өөрсдөө улстөрийн буруу тогтолцоог бэхжүүлж байгаа нь буруу. Эд нарыг дахин дахин сонгоод байгаа нь авлига болон бусад хууль бус үйлдлүүдийн хамгаалагч нь болж хувирч байна гэсэн үг.

-Өнгөрсөн 30-аад жил ингэж л явж ирлээ. Одоо оношоо мэдчихлээ. Бид яах учиртай вэ?

-Ерөөсөө л иргэний нийгмийн байгууллагуудыг бие даан хөгжих боломжийг олгох хэрэгтэй. Өнөөдөр залуучууд бүгд нэг нэг холбоонд орчихсон байгаа. Аль нэг аймгийн нутгийн хөгжлийн холбоо гэсэн нэртэй байгууллагын гишүүн. Тэр холбоо зүгээр л нэг УИХ-ын гишүүний арынх нь байгууллага шүү дээ. Сонгодог иргэний нийгмийн байгууллага гэдэг насан туршдаа тогтвортой ажиллах ёстой. Гэтэл манайд УИХ-ын гишүүн нь солигдвол нутгийн зөвлөлийн дарга нь дагаад солигдож байх жишээтэй. Дурын холбоог нэрлэхэд сонгуулийн дараа бүтэц нь өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр улс төрийн намын нэг бүтэц шиг л ажиллаж байгаа хэлбэр шүү дээ.

-Ийм тогтолцоо нь жижиг намуудад ямар боломж олгож байна вэ?

-Одоо жижиг нам гэж байхгүй болсон. Бүгд адилхан 10 хувийн сонгогчийн санал авч чадна. Спортоор бол бүгд нэг аймгийн шигшээ баг гээд л ойлгочих хэрэгтэй. Монгол Улс 21 аймаг, 9 дүүрэгтэй. Улсын аваргын тэмцээн боллоо гэж бодоход 30 баг өрсөлдөнө гэсэн үг. Үүн шиг 31 нам ажиллаж байна гэдэг нь бүгд нэг аймаг, дүүргийн шигшээ баг болж болно. Ингэж бодвол Баянхонгор юм уу, Архангай аймгийн шигшээ улсыг удирдаж болохгүй. Аймаг болгоны шигшээгээс шилдгийг нь шигшиж авсан улсын шигшээ баг нь улсаа удирдах ёстой. Гадаад орны шигшээтэй өрсөлдөх баг улсын шигшээ л байх ёстой. Түүнээс Дорноговийн шигшээг дэлхийд өрсөлдүүлж болохгүй.

-МҮАН лигийн аль хэсэгт явж байгаа бол?

-Би мэргэжлийн гэдэг ангилалд орно. МҮАН бол бодлогын нам. Анхнаасаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө байгуулагдсан. Бид гишүүнчлэлийн төлөө яваагүй. Хэрэв гишүүнчлэлийн төлөө явсан бол 500 мянган гишүүнтэй ч болж болох байсан. Манай намын үнэмлэх “алтан гэрэгэ” байдаг. “Гэрэгэ”-г 500 мянган хүнд ч тарааж болно. “Гэрэгэ” тараасан тоогоороо гишүүнчлэлээ тоолж болохгүй. Тэгэхээр бид ухамсартайгаар үүнээс татгалзаад ирсэн. Үүнийхээ төлөө ч байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hulhi tsogoo(66.181.190.136) 2019 оны 09 сарын 19

Hudalch novsh

0  |  0
Top