“Аримун” продакшны дэлгэцийн анхны бүтээл “Халуун зүрх” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод хэдхэн хонож буй атал халуун алга ташилт, хамгийн сайхан урмын үгс ар араасаа ундарсаар байна. Баяр хөөр, хагацал гуниг, жаргал зовлонгийн алинд ч хүмүүний ертөнцийн нэгэн жамаар уйлж, инээж, баярлаж, догдолсоор ирсэн бидний хувьд ч сэтгэлээ “суллаж”, мөс чанараа “нэгжсэн” тийм нэг нандин, мартагдашгүй мөч байлаа.
Магадгүй насан туршдаа нандигнан хадгалмаар, дурсаж уярмаар хайр шингэсэн тэр мөчүүд, бас хаа хол тэнгэрийн орноо заларсан хайртай дотны хүмүүс минь бидний халуун зүрхэнд МӨНХӨД оршсоор байдгийг хамгийн тодоор дахин санагалзуулав.
Киноны эхэнд өгүүлсэнчлэн нар ээж, байгаль ээж, хүний ээж гэх хамгийн нандин, бас хамгийн том хайрын нэгдлээс энэ дэлхий ертөнц бүрдэж байдаг нь туйлын үнэн. Энэ л их хайрын ундарга, эх үрийн хүйн холбоосыг бяцхан зүрхэндээ мэдэрсэн Анхилуун ч бүүвэйн дуутай хамт бүр холоо одсон ээжийгээ эргэж төрнө хэмээн итгэсээр ирсэн байдаг. Өсч томорсон хойноо бодлогогүй аашилж, өрөөлийн зовлонгоор тохуурхаж явахдаа ч үйлийн үр гээч өөрт бас ирдгийг хожуухан ойлгосон түүнд энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай эмэгтэй байсан бас хамгийн азгүй нэгэн болж хувирсан хар дарсан өдрүүд ч бий. Гэвч хамгийн чухал нь тэр цорын ганц итгэл найдвараа алдаагүй. Өөрт ирэх шаналал зовлонгоос илүү арав, зуу, бүр мянгад ганц тохиох боломжийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн эхийн хайр юутай агуу вэ...
Мөнхөд тасаршгүй мөр, үргэлжлэл нь болж үлдэхээр ирсэн үрээ ээж нь өлгийдөн авах тэр нандин мөч ХАЛУУН ЗҮРХ-тэй хэнийг ч хайлуулж, урсгаж чадсан. Эхийн хайр, энэ амьдралын утга учрыг зүрхэнд огштол харуулж чадсан кино зохиолыг Соёлын тэргүүний ажилтан жүжигчин А.Ганчимэг бичиж, гол дүрийг амилуулсан бол жүжигчин Д.Ганцэцэг найруулагчаар ажилласан юм.
Жүжигчин Д.Ганцэцэгийн хувьд дэлгэцийн урлагт мөнхөлж буй анхны бүтээлээ ханьдаа зориулжээ. Тэр өөрийн амьдралын нандин дурсамж хийгээд мартагдашгүй үйл явдлын чухал хэлхээсийг кинондоо шингээж өгсөн нь үнэхээр л “Халуун зүрх”-ийг амилуулсан байлаа. Өөрийн авьяас чадварыг илтэд баталсан анхны бүтээлээрээ Д.Ганцэцэг ийнхүү Монголын кино урлагт цахиур хагалах чансаатай найруулагч болж чадна гэсэн итгэлийг үзэгч олонд төрүүлснийг нуух юун.
Ханийнхаа зан чанартай төстэй байдал, мөн ур чадвар болон хувь хүнийх нь хүмүүжил, карьер зэрэг олон талыг нь харж сонгосон гэх жүжигчин Б.Тамир ч энэ киноны гол шигтгээ болж чадсан төдийгүй “Ийм хүмүүс үнэхээр бидний дунд байдаг гэж үү” хэмээн гайхаж биширтэл үзэгчдийг алмайруулж орхисон. Ийм л энгийн хэрнээ эгэл баатрууд бидний дунд хайр түгээн алхаж яваа гэдэгт итгэж баярлахдаа “Надад бас ийм нандин хайр, мөс чанар байгаа билүү. Хэрэв би түүний оронд байсан бол хэрхэх вэ” гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэл “нэгжих”...
Хамгийн ихээр хайрлаж явсан нөхөртөө хамгийн ихээр адлагдаж, хамгаас илүү хүсч хүлээсэн үрийнхээ төлөө үхэл амьдралын зааг дээр тэмцэлдсэн Анхилууныг /А.Ганчимэг/ мэс заслын орон дээр сэрэхэд хөлийнх нь тушаа тонгойн суугаа Эрдэнэ /Б.Тамир/ эмч яг л зүүрмэглэж байгаа мэт харагдана. Угтаа бол тэр хайртай бүсгүйнхээ өмнөөс харуусан шаналахдаа тэсрэх шахсан сэтгэлээ чандлан чимээгүйхэн уйлж суусан юм...
Эх хүний хайраас гадна энэ насны нандин хайр сэтгэлийг хамгийн гайхалтайгаар өгүүлсэн тус кинонд мөн өнөөгийн нийгэмд аюулын харанга дэлдээд байгаа хорт хавдрын өвчлөл гэдэг ямар аймшигтай зүйл болохыг ч харуулсан байв. Хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд очсон манай улсын хувьд энэ сэдэв тоохгүй орхих асуудал биш. Жилд хэдэн мянгаараа хорвоог орхин одож буй тэр л хүмүүсийн ард хэчнээн гэр бүл, хайртай дотны хүмүүс нь хагацал гунигт автаж, насан туршийн харуусал тээн хоцорч байгааг киноноос харж болно...
Чухамдаа ийм хэцүү шаналал, өвдөлт зовиур, тэсвэр тэвчээрийг мэдрүүлж, амьдрахын утга учрыг харуулж чадсан жүжигчин А.Ганчимэгт баяр хүргэе. Эр хүний дүрд хувираад эгээ л төрөл арилжих дөхсөн түүний “Атганд үлдсэн эрдэнэ” киноны жүжиглэлт ямар мундаг байлаа. Яг л тэгэхэд төрж байсан сэтгэгдлийг бататгах мэт гайхамшиг бүтээсэн түүнийг “Халуун зүрх” киноны дүрээр нь дахин шинээр хайрлаж сууна.
Өнгө мөнгөний төлөө өөрийн ганц хүүгийн амьдралыг юу ч үгүй болгож орхих эхийн хахир авир, өрөөлийн үр атал өөрийн төрсөн үр мэт хайрлаж өсгөх эцгийн сэтгэл, өргөсөн тангарагтаа үнэнч эмчийн хатуу байр суурь, өөдөсхөн жаахан хэрнээ хэрсүү, бас хэвлүүхэн ааштай Буржаак хүүгийн сэтгэл гээд “Халуун зүрх”-ийг дүүргэх олон дүр бий.
Тус киноны найруулагчаар ажилласан жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү Б.Хангал кинонд хэдий хорт хавдраар шаналж буй ч хөгжилтэй, хүн бүрийн хайрыг татсан Буржаакийн дүрийг сонирхолтойгоор гаргаж чаджээ. Цаг үргэлж Анхилуунд хань бараа болж, хамаг л чадлаараа хөгжилтэй байлгахыг чармайдаг Буржаак түүнийг өвдөж шаналах үед нь ч нулимс асгаруулан дуулж зогсохыг харах дэндүү хайрламаар, бас дэндүү гачлантай.
Сонирхолтой, ээдрээт амьдралын нандин хэлхээсээр бидний сэтгэл зүрхэнд ХАЛУУН тамга дарж чадсан “Аримун”-ы хоёрын гараа дэндүү өндрөөс эхэллээ. Эрчээ алдахгүй улам дүүлээрэй хоёр ГАНАА. Хайр бол мөнхийн үргэлжлэл, хайртай үрс минь амьдралын үргэлжлэл билээ.
Сэтгэгдэл ( 1 )
2 жүжигчины гангарааны хувцас сүр жавхааг нь яасан айхтар дараа вэ_ Гоё эмэгтэйлэг төрхөө илэрхийлж чадах хувцасаа сонгож чаддаггүй юм уу? нэг л хүйтэн сонин загварын хувцас өмссөн байж харагдах юс