Нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКО-гоос 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр" болгон зарлажээ. Энэ өдрийг дэлхий даяар 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлсээр байна. ЮНЕСКО-гоос дэлхийн номын өдрөөр зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг.
Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр" сонгох болсон шалтгаан нь уг өдөр алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог аж.
Дэлхийн номын өдрөөр хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхогчид хамтран ажиллах, ном унших нь хичнээн чухал болох, хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах, тэдэнд туслахад чиглэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг. Сонирхуулахад, энэ өдөр дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо тус бүр 1$ үнэтэйгээр зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог ажээ.
Манай улсад жил бүр “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэж, номын сан, хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газрууд, зохиолчид өргөнөөр оролцож, иргэд, хүүхэд залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн ном бүтээлийг алдаршуулж, олон нийтэд түгээх, хямдралтай номын худалдаа хийх ажлыг өргөнөөр зохион байгуулсаар ирсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )