Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра “Номын сан гэдэг бол зөвхөн ном, сандал, ширээ биш. Энд шүлэг сонсох гэж, багаар ажиллах гэж, найз нөхөд болох гэж, бие биенээ хайрлах ухааныг номоос таньж мэдэх гэж олон зүйлийг сурахын тулд номын санд ирдэг болсон. Энэ л номын сан орших жинхэнэ утга учир юм” хэмээн Дэлхийн номын өдөрт зориулсан өдөрлөгийг нээхдээ хэлсэн юм. Үүнтэй санал нийлж байна. Өдөрлөг өчигдөр /2019.04.23/ болов.
Д.Нацагдоржийн номын сангийн уншлагын танхимын гаднах зааланд олон зохиолч, яруу найрагчид өөрсдийн зохиол бүтээлийг эгнүүлэн суусан байв. Тэдэн дунд хараагүйчүүдийн уншлагын танхимын номын санч П.Оюунбаяр номоо дэлгэн, хүүхдүүд тойруулан уншуулж суусан нь анхаарал татлаа. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд ч мөн ялгаагүй энэ өдрийг тэмдэглэн хөөрөлдөж байгааг харах сэтгэлд дулаахан, сайхан байлаа. Тэдний уншдаг номыг “Брайль” гэдэг. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд өөрсддөд нь зориулж бүтээсэн брайл номыг хурууныхаа өндгөөр мэдрэн төвөггүйхэн унших аж.
Энэ үеэр номын санч П.Отгонбаяр бид хоёр богинохон яриа өрнүүлж амжив. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэргэдэх харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимыг 2004 онд анх байгуулжээ.
-Танд Дэлхийн номын өдрийн мэнд хүргэе. Брайль номын уншлагын танхим хэчнээн номтой вэ?
-Брайль номыг ихэвчлэн Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх Брайль хэвлэлийн төвд хэвлэдэг. Одоогоор брайль уншлагын танхим монгол хэл дээр гарсан 200-гаад төрлийн, 5000 боть дэвтэр номтой. Үүнээс гадна англи, орос хэл дээрх сэтгүүлүүд ирдэг.
-Сүүлийн үед харааны бэрхшээлтэй залуучууд ярьдаг номыг түлхүү сонгодог болсон гэж байна. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуус сүүлийн үед ярьдаг номыг хэрэглэх болсон. Ярьдаг номын давуу тал нь хэвлэмэл номыг уншигч яаж хэрэглэдэгтэй адилхан хуудас хуудсаар нь сонсох боломжтой. Сонсдог номыг тусгай төхөөрөмжөөр аудио хэлбэрт оруулсан байдаг.
-Брайль номын уншлагын танхимаар хэр олон хүн тогтмол үйлчлүүлдэг вэ?
-Карт нээлгүүлж байнгын уншдаг хүн гэвэл 250 орчим бий. Сардаа 100-200 гаруй хүн давхардсан тоогоор үйлчлүүлдэг. Өдөртөө 5-6 хүн тогтмол сууж ном уншдаг.
-Тэд ихэвчлэн ямар насныхан байдаг вэ?
-Бүх л насны хүмүүс ирж, ном уншдаг. Гэхдээ нийтийн номын сангийн жишгээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуус ихэнхдээ үйлчлүүлдэг.
-Брайль үсгээр ихэвчлэн ямар ном хэвлэдэг вэ?
-Бид брайль хэлбэрээр хэвлэх номынхоо саналыг 116-р сургууль болон бусад байгууллагуудын уншигч, хэрэглэгчдээс авдаг. Ихэнхдээ агуулга нь хурдан өөрчлөгддөггүй ном сонгож хэвлэлдэг. Брайль ном өртөг өндөртэй хэвлэгддэг учир хүүхдэд зориулсан жижиг хэмжээтэй, үлгэрийн ном, танин мэдэхүйн номуудаас гадна хүүхдийн сонгодог зохиолуудын хялбаршуулсан хувилбарыг брайль болгон уншиж байна. Харааны бэрхшээлтэй хүүхэд брайль ном уншсанаар ой тогтоолт нь сайжирч, цээжээр бичих чадвар нь нэмэгддэг.
-Дунджаар хэдэн хуудастай номыг хэвлэх байдаг вэ?
-Брайль номыг дунджаар ар өвөргүй 100 хуудастай байхаар хэвлэдэг. Жишээ нь, Б.Ренчингийн “Заан залуудай” ном брайл хэлээр найман дэвтэр ном болдог. Д.Алтангэрэлийн толь гэхэд 19 том дэвтэр болж хэвлэгддэг.
Номын санч П.Отгонбаяр бидэнд товчхон ч гэлээ сонирхолтой, шинэлэг мэдээлэл өгөв. Миний анзаарснаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн ном унших сонирхол маш их байдаг юм шиг санагдсан. Харин хүүхдүүдийн уншиж байгаа номын сэдэв, агуулга нь жаахан дутмаг санагдав. Жишээлбэл, хөгжмийн зэмсгийн түүх, үүх түүх гэх мэт ерөнхий сэдвийн, агуулга, мэдээллийн хувьд хэт хуучирсан, шинэлэг биш ном, сурах бичиг, мэдээллийг одоо байгаа брайл хэвлэл дээрх ном, товхимолоос авч байгаа харагдсан.
Энэ бодол маань надад “Брайль номын хэвлэлийн талаар асуудал хөндөж, сурвалжлах хэрэгтэй юм байна” гэсэн шинэ санааг ч төрүүлсэн. Дэлхийн номын баярын өдөрт зориулсан цомхон өдөрлөгөөс нийгэмд хэрэгтэй шинэ сэдэв олж харсан нь энэ өдрөөс өөртөө авсан “бэлэг” байлаа. Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуус яагаад утга зохиолын хамгийн сүүлийн үеийн сонирхолтой номуудыг, өөрийнхөө хүссэн төрөл, жанрын бэстселлер бүтээлийг төвөггүй уншиж болохгүй гэж... Зохиолчид яагаад тэдэнд ийм бэлэг барьж болохгүй гэж... Энэ талаар мэргэжлийн хүмүүстэй уулзаж, брайль номын хэвлэлийн талаар эргэн бичих болно.
Сануулахад, ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласнаас хойш номонд дуртай сая сая уншигчид энэ өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэлээ.
2019 оны “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас ийн ном хэвлэн нийтлэгчид, зохиолчидтой хамтран “Улаанбаатарчууд уншиж байна” уриан дор номын өдөрлөг зохион байгуулсан нь өдрөө олсон үйл явдал байлаа. Өдөрлөгт “Номын хямдралтай үзэсгэлэн худалдаа”, номын сангийн сан хөмрөгт тулгуурласан “Ховор номын үзэсгэлэн”, “Их хотын уншлага” яруу найргийн уншлага, ЕБС-иудтай хамтарсан “Шилдэг шүлгийн уран уншлага" зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтсан нь номонд шимтэгчдэд уйдах зав олгосонгүй.
Сэтгэгдэл ( 0 )