Солгой урлаг: Хөнгөн ИЛЭРХИЙЛ, хөрстэй СЭТГЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад олон гайхалтай урлагийн бүтээлийг бий болгосон. Одоо ч бүтээсээр л буй. Алдар цуу нь дэлхий даяар тарсан уран бүтээлээс гадна олон уран бүтээлчийн дотоод ертөнц ямагт урлаг сонирхогчдын анхаарлын төвд байсаар ирсэн.

Тэгвэл өнөө цагийн урлагт үзэгч, урлагийн бүтээлийн харьцаа холбоо хэрхэн бий болж нэгэн цогц болдог тухай "Кракко" арт галерейн куратор Д.Төмөрсүх "Солгой урлаг" цуврал лекцээрээ сонирхолтой яриаг дэлгэж байна. Үргэлж л хаа нэгтээ дүрслэх урлагийн тухай сонирхолтой, шинэлэг бүхнийг эрэн явдаг тэрбээр сүүлийн үед ч тун завгүй байгааг түүний зохион байгуулсан тус эвентээс харж болно. Сонирхож ирсэн хүмүүст өөрөө лекц уншиж мөн сонирхолтой зочдыг урин орчин үеийн урлагийн талаар халуун яриа өрнүүлэх "Солгой урлаг"-ийн онцлог.
 

Нийт 8 цуврал явах "Солгой урлаг"  арга хэмжээ одоогийн байдлаар 5 цувралаа амжилттай дүрслэх урлаг хийгээд контемпорари арт сонирхогчдод хүргээд байна. Д.Төмөрсүх цуврал лекцээрээ яг одоо цагийн урлаг болох контемпорари артын голлох 12 урсгал хөдөлгөөн, өнөөгийн дүрслэх урлагийн зах зээл болоод нийгмийн нөлөөллийн хувьд хамгийн топ гэгдэж буй 25 уран бүтээлчийг олон нийтэд танилцуулж контемпорари урлагийг олон нийтэд таниулах зорилгыг агуулаад буй.

"Солгой урлаг"-ийн хамгийн сүүлийн болзоондоо тэр зочин оролцогчоор Нью-Йорк дахь Монголын холбоос байгууллагыг үүсгэн байгуулагч, Монголын Музей холбооны удирдах зөвлөлийн гишүүн, менежментийн зөвлөх Санжаажамцын Ариун урьж оролцуулж орчин үеийн контемпорари урлаг дэлхий дахинд хэрхэн хөгжиж буй талаар ярилцжээ. "Солгой урлаг" урлагийн лекц болох ээлжит өдрөө товложээ. Дөрөвдүгээр сарын 9-нд "Хэлбэрт биш агуулгад итгэ..." зургаа дахь цуврал лекц орох болно. Урлаг таг солгой байх ёстой. Учрыг нь тус эвентээс олох боломжтой.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top