Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр нуранги үүсч, хоёр техник дөрвөн хүн дарагдсан ноцтой осол гарч байв. Улмаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшгийн шуурхай удирдлагын газар, Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн алба хаагчдаас бүрдсэн 100 гаруй хүн 9 хоногийн турш аврах ажиллагаа явуулсны дүнд дөрвөн иргэний цогцсыг гарган авсан байдаг.
Талийгаач нар нь 26-54 насны хүмүүс байсан бөгөөд тэдний ар гэрийнхэнд тэтгэмж тогтоож өгсөн талаар өчигдөр /2019.04.03/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан мэдээлсэн юм. Тэрбээр, “Эко Алтан Заамар”-тай холбоотой асуудлын дүгнэлтийг Уул, уурхайн яаманд хүргүүлсэн. Ажилчдынхаа нийгмийн даатгалыг жил бүр тогтмол төлдөг болох нь шалгалтаар тогтоогдсон. Нас барсан дөрвөн иргэний ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг тогтоосон. Амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт нийт 200 сая төгрөг буюу айл тус бүрт 50 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон. Харин уурхайн үйл ажиллагаа зогссон хэвээр байгаа. Гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд уул уурхайн компаниудыг шалгах явцдаа уурхайн аюулгүйн зурвасыг нэмж татуулсан” гэсэн юм.
Осол гармагц аврах ажиллагаатай хамт, хууль хяналтын шалгалтын ажиллагаа давхар явагдаж байсан ба МХЕГ-аас ослын шалтгаан нөхцлийг, ил уурхайн шанага байрласан газарт усны ундарга байгаа учир ийнхүү нуранги үүссэн хэмээн тайлбарласан. Харин цагдаагийн байгууллагаас “Эко Алтан Заамар” компанийн албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Дөрвөн хүний амь эрсэдсэн гэх энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад, уурхайн үйл ажиллагааны аюулгүй байдлын дүрэм алдагдсан, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс хүний амь эрсэдсэн нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 1 )
erdenet hunii ami togloom iumuu, barij horioch