Хөдөлмөрлөх эрхийг хөндөх Үндэсний чуулган зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

УИХ-ын энэ хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” сэдэвт үндэсний чуулганыг дөрөвдүгээр сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос өнөөдөр /2019.04.08/ мэдээлэл хийлээ.

Энэ талаар Үйлдвэрчний эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга Г.Адьяа хэлэхдээ "МҮЭ-ийн холбоо ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд МХЕГ, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран “Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсийн сургалтыг 2014 оноос эхлэн бүх аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулсан. Эндээс гарсан санал дүгнэлтийг нэгтгэн, үндэсний чуулган зохион байгуулж байна. Нийгмийн түншлэгч талууд болон хүний эрхийн ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, удахгүй хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгуулахад чиглэнэ" гэв. 

Үндэсний чуулганд МҮЭХ, МАОЭНХ, ХНХЯ, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Хүний эрхийн Үндэсний комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв, орон нутаг дахь хүний эрхийн ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид, хуульчид, өмгөөлөгчид зэрэг 140 гаруй хүн оролцох аж. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, талуудын байр суурь, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал, тулгамдсан асуудал, хөдөлмөрийн хяналтыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар үндсэн илтгэлүүдийг холбогдох яамд, байгууллагуудын удирдлагууд тавих ба “Нийгмийн түншлэл, хамтын гэрээ, хэлэлцээр, ҮЭ-ийн оролцоо”, “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ”, “Цалин хөлс, ажил амралтын цаг, ХАБЭА-н асуудал”, “Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын асуудал”, “Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, маргаан зохицуулалтын асуудал” зэрэг таван сэдвээр салбар хуралдаан зохион байгуулах юм байна. 

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн харилцааны чиглэлээр өөрсдийн саналаа тусгуулж,  хүнд ээлтэй хөдөлмөрийн хууль батлуулахын тулд тус чуулганы гол зорилго оршиж байгаа гэж тодотгож байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top