“Эрдэнэс-Тавантолгой”-н нэр хүндэд халдаж, зохион байгуулалттай улстөржиж байна гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо Л.Наранбаатар тэргүүтэй “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос зохион байгуулж байгаа нь улс төржсөн, увиагүй үйлдэл гэж мэдэгдлээ. Цаашид “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ажилчид энэ мэт зохион байгуулалттай үйл ажиллагааны эсрэг тэмцэнэ гэдгээ ч мөн илэрхийлсэн юм.

“Л.Наранбаатар гэдэг хүн 2015 онд “Эрдэнэс-Тавантолгой” компани хэрэггүй гэдэг байр суурьтай байсан. Хэдхэн сарын өмнө төмөр замын бүтээн байгуулалтад ногдол ашиг тараах ёстой гэж мэдэгдэж байсан бол одоо ногдол ашиг тараа гэж байгаа нь хүртэл цаанаа ашиг сонирхол байгааг харуулж байна. Бид Л.Наранбаатарын үгийг сонсох ёстой, авч хэрэгжүүлэх санаа байна гэж олон сар дуугүй явлаа. Энэ мэт хэт нэг талыг барьсан үйлдэл даамжирвал бид ч мөн адил тэмцэх болно” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ ярьсан юм.

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос энэ сарын 24-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг байхаар тооцож бэлэн мөнгөөр ногдол ашиг тараах шийдвэр гаргахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн юм. Шаардсан хугацаанд шийдвэр гаргаагүй тул  энэ сарын 29-ний өдөр жагсаал зохион байгуулсан билээ.

Компанийн тухайд дүрэм, журмаараа Уул уурхайн яам буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр ногдол ашиг тараахыг шийдвэрлэдэг, 1072 хувьцааны ногдол ашиг Монгол төрийн бодлогоор их бүтээн байгуулалт төмөр замын хөрөнгө оруулалтад тусгагдсан тул шийдвэрээ өөрчлөх боломжгүй гэж хариу мэдэгдэл хүргүүлсэн байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын бодлого, чиглэлийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаж 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top