“Poetry night”-д Д.Урианхай шинэ шүлгүүдээ уншив

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

“Fat Cat” жазз клуб болон Ub.Life сайт, “Гэрэг” сэтгүүлээс хамтран сар бүрийн эхний хоёр дахь долоо хоногийн даваа гарагт “Яруу найраг, жазз үдэш” зохион байгуулахаар болсон. Өнгөрсөн даваа гарагт ээлжит “Яруу найраг, жазз үдэш” үдэшлэг боллоо.

Энэ удаагийн үдэшлэгт их зохиолч Д.Нацагдоржийг дурсаж, уран бүтээл, амьдралын зам мөрийг хөөн Европын орнуудаар явсан “Найрагчийн мөрөөр” төслийн багийг танилцуулснаараа онцлог байв. Яруу найраг, жазз үдэшлэгийн “Зочид”-ын хэсэгт Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, яруу найрагч Я.Баяраа, Д.Эрдэнэзулай нар шүлгээу ншлаа. Үүнээс гадна долоон залуу яруу найрагч шүлгээ дуудсан юм.

Та бүхэнд яруу найрагч Д.Урианхайн “Яруу найраг, жазз үдэш” үдэшлэгт уншсан шинэ шүлгүүдийн дээжээс хүргэж байна.


***

Өөрөөсөө ичих

Олон олон зүүдлэнгүй дурсамжуудаа шатаах

Өчигдрийн шороон шуурганы эсрэг

Ганцаараа хашхирсныхаа хохийг шатаах

Өнөөдрийн амьсгаа бүгчим аниргүйд

Ам хамхиастай тэссэнийхээ бурууг шатаах

Өөрийнхөө нүдрүү дуугүй удаан ширтэх

Арьсруугаа шинэ үг цоо цоо шивэх

Тэгээд хэлэндээ хэзээ ч мартахааргүй тогтоолгох

Өөрөөсөө ичих, дахиад л, дахиад л

Үл танигдах, үл харагдах биеэн бүтээх

Улаан нүүрлүүгээ дуугүй, удаан цоо ширтэх

Урьдынхаасаа бүүр шинэ үг

Арьсруугаа нэвт, нэвт шивэх

Дахиад л олон зүүдлэнгүй дурсамжуудаа шатаах

Дахиад төрөх ээжрүүгээ бүүр өндрөөс ирэх

Дахиад л, дахиад л төрөх

Бүүр алс өндрөөс эргэж унахаар одох.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top