УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.16) хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Б.Ундармаа, Л.Элдэв-очир нар ажилласан байна. Хоёр удаа хуралдсан ажлын хэсэг хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зарим зүйл, заалтыг нь Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулиудад нийцүүлэх, уялдааг хангах, зөрчил давхардлыг арилгах, үг найруулгыг засах, томъёоллыг ойлгомжтой болгох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэв. Түүнчлэн төсөлд “Аж ахуйн нэгж, байгууллагын хориглох зүйл” гэсэн шинээр нэмсэнтэй холбогдуулан хууль болон тогтоолын зарим төслийг боловсруулах шаардлага үүссэн талаар танилцуулгад дурдсан юм.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар зарим зүйлийг тодруулан ажлын хэсгээс хариулт авав. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар нэр томъёог олон улсын стандартын дагуу нэгтгэн, хэмжлийн нэгж, хэмжлийн нэгжийн эталон, стандартчилсан загвар, нэгж дамжуулалт, хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалын талаарх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн салбарын ажлын давхардал, хийдлийг арилгах чиглэлээр зарчмын зохицуулалтуудыг багтаасан болохыг ажлын хэсэг тайлбарлалаа. Салбарын төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хэмжил зүйн талаар хүлээх эрх, үүргийн талаар төсөлд тодорхой зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааг эрхлэхгүй аж. Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэх юм байна. Харин хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэмжил зүйн хөгжлийн стратеги, бодлого боловсруулах, батлуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн дэргэдээ хэмжил зүйн үндэсний хүрээлэн, хэмжил зүйн мэдээллийн санг ажиллуулахаар төсөлд тусгажээ.
Үргэлжлүүлэн төслийн талаар ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, “хэмжил зүй” гэж хэмжлийн тухай шинжлэх ухаан, түүний хэрэглээг” гэсэн төслийн 3.1.1 дэх заалтыг хасахыг, “хэмжил зүйн хяналт шалгалт гэж хэмжил зүйн салбарт төрөөс хууль эрх зүй, зохицуулалтыг хэрэгжүүлэх дадал, үйл ажиллагааг” гэсэн 3.1.11 дэх заалтыг хасахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төслийн зарим зүйл заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналуудын гишүүдийн олонх дэмжсэн. Санал хураалтын явцад ажлын хэсгийн зарим саналын томъёоллыг татах шийдвэр гаргасан бөгөөд хуралдаан даргалагч саналын томъёоллуудыг дахин боловсруулах чиглэл өгснөөр Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Сэтгэгдэл ( 0 )