БУУДЛАГА: Нино Салуквазе 9 дэх олимпдоо оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Сөүлийн олимпийн (1988) аварга, буудлагын тамирчин Нино Салуквазе “Токио 2020” наадмын эрх авлаа.

Нино Бээжинд болж байгаа Дэлхийн Цомын тэмцээний спорт гар бууны 10 метрийн дасгалд 179,6 оноогоор тавдугаар байр эзэлжээ. Түүний өмнө орсон дөрвөн тамирчин бүгд “Токио 2020” наадмын эрхээ авсан байсан тул ийнхүү тэрбээр Гүржийн тамирчдаас Токиогийн олимпийн эрх авсан анхны тамирчин боллоо.

Есөн удаа олимпийн наадамд оролцоно гэдэг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн олон олимпод оролцсон рекорд амжилт болох юм. Нинотой ижил найман олимпод оролцоод байгаа хоёр эмэгтэй тамирчин байдаг нь хоёул завины спортын бүсгүйчүүд. Италийн Йозеф Идем зодог тайлсан бол Канадын Лесли Томпсон олимпийн эрх авах тэмцээнд оролцож байгаа.

Нино Салуквазе бол олимпийн бүх өнгийн медаль хүртсэн Гүржийн цорын ганц эмэгтэй тамирчин. 1988 онд Сөүлд спорт гар буун 25 метрт алт, хийн гар бууны 10 метрт мөнгөн медаль, 2008 оны Бээжингийн олимпод хийн гар бууны 10 метрийн зайд хүрэл медаль авч байлаа. 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод хүү Цотнэ нь мөн буудлагын төрөлд оролцож, тэд түүхэнд анх удаа нэгэн олимпод хамт оролцсон ээж, хүү хоёр болж байлаа.

Олимпийн наадамд хамгийн олон оролцсон тамирчин бол Канадын Иан Миллар. Тэр морин спортоор 1972-2012 онд олимпод оролцсон.

Манай тамирчдаас О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нар тус бүр 6 удаа олимпод оролцсон. Гэхдээ Д.Мөнхбаяр Монголын нэрийн өмнөөс 3, Германы далбаан дор 3 удаа оролцож байжээ.

О.Гүндэгмаа одоо Бээжинд болж байгаа буудлагын Дэлхийн Цомын тэмцээнд оролцож байгаа. Ирэх ням гарагт спорт гар буун 25 метрийн зайд өрсөлдөнө. Хэрэв амжилттай оролцвол олимпийн 7 дахь наадамдаа орох эрхээ авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top