Ерөнхий сайдын ивээл дор бодибилдинг, фитнесийн тэмцээн зохион байгуулна

2019 оны 04 сарын 30

"Хүчирхэг Монгол" тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор жил бүр уламжлал болгон аль нэг спортын төрлөөр зохион байгуулагддаг. 2018 оны "Хүчирхэг Монгол" тэмцээн нь паурлифтинг буюу хүчний 3 төрөлтийн спортоор есдүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон эрүүл мэнд, спортын өдөрлөгийн хэмжээнд зохион байгуулагдсан. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Улаанбаатар хотын биеийн тамир спортын газар, дүүргүүд, эрүүл мэндийн яам, улсын 1,2,3 дугаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, спорт хороод өргөнөөр хамрагдан, олон нийтэд ажлын үйл явц болон үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн. Мөн эрүүл зөв хооллолтын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй аж ахуй нэгжүүд хамрагдан бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулсан.

Тэгвэл энэ жил тус тэмцээнийг бодибилдинг, фитнесийн төрлөөр зургадугаар сарын 8-ны өдөр "Корпорэйт конвеншн центр"-т зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний зорилго нь бодибилдинг, фитнесийн спорт, нийтийн биеийн тамирын идэвхийг сайжруулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх юм.

Тус тэмцээн Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит болж анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр шагналын сантай бодибилдинг, фитнесийн тэмцээнээр нэрлэгджээ. Бодибилдинг, классик физик, мэнс физик, бикини фитнес гэсэн нийт 4 төрөл, 9 ангиллаар тэмцээнд оролцогчдыг шалгаруулна. 

Тэмцээний цахим бүртгэл 2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд нээгдсэн ба бодибилдинг, фитнесийн тамирчдад нээлттэй. Одоогийн байдлаар Монгол Улсын Гавьяат тамирчин, мистер Г.Дорж, Монгол Улсын 4 удаагийн н.Бат-Эрдэнэ, Монгол Улсын 3 удаагийн аварга Э.Ганзориг нар тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top