Засгийн газарт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар чиглэл өгнө

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Хүний эрхийн үндэсний комиссын "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар хэлэлцлээ. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар ХЭҮК тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүр УИХ-д өргөн мэдүүлдэг хүрээнд ийнхүү хэлэлцсэн юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүнд өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлсэн 17 илтгэл, 295 санал, дүгнэлтийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсныг тодруулахын зэрэгцээ С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой шүүгдэгчдийг эрүүдэн шүүсэн талаарх асуудлыг хөндөж байсан юм. Мөн бага насны хүүхдийн хүчирхийллийн хэргүүдэд анхаарахыг сануулж байлаа.

Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж, гэмт хэрэг тулган хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул Т.Чимгээ, Б.Содономдаржаа нарыг нэн даруй суллах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгох гэсэн санал оруулахад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Учир нь Байнгын хорооноос “Хүнийг суулла, хорь гэдэг чиглэл өгч болохгүй. Агуулгыг нь дэмжиж байгаа ч өөрчлөх хэрэгтэй” гэж тайлбарлаж байлаа.

Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Эрүүдэн шүүсэн асуудлын шалгалтыг дуусгаж саналаа шүүхэд тавих байдлаар зөөлрүүлж оруулах хэрэгтэй. Асар их бэрхшээл учирч байгаа. Шаардсан материалыг гаргаж өгөхдөө хугацаа алдах. Хүлээлгэх байдал өдөр тутамд гарч байна. Дургүйд хүчгүй гэдэг зүйл болж байна. Энэ бол зүгээр нэг асуудал биш. Энэ бол 1937 оны хэлмэгдүүлэлтийг Монголын төр таслан зогсоож чадах уу, үгүй юу гэдэг асуудал. Хоног хугацаа алдмааргүй байна. Энэ чинь ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрт там болж байгаа. Одоо хангалттай биш үү. Шүүх дээр асуудал гараад байна. Гарцаагүй хорьж шалгасан эрх мэдэлтнүүд нь одоо байгаад байгаа болохоор нэг тийшээ болгоход хэцүү байна. Та нар энд суучихаад амархан юм яриад байна. Би хоёр жил зургаан сар энэ хэрэгтэй ноцолдож байна. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хурцаар ярьж байгаа эмэгтэй гишүүн байна уу. Тиймээс хууль хяналтын байгууллагыг хурдал гэсэн чиглэл өгсөн нь дээр. Энэ хэргийн араас явсан хүн болгон дээр хэрэг үүсгэсэн. Хуучин прокурор үүнийг хөдөлгөдөггүй байсан. Одоогийн удирдлага нь санаанд хүрч ажиллахгүй байна. Прокурор нэн даруй суллах арга хэмжээ авах ёстой гээд хуулинд биччихсэн байгаа. Прокурор, цагдаа яаж ажилладыгийг би гадарлана. Хүсвэл нэг өдрийн ажил. Эрүүдэн шүүхдээ хамгийн муухай, хамгийн харгисаар эрүүдэн шүүсэн. Айлын хашаанд цогцос аваачиж хаяад дөрвөн жил болж байна. Одоо саармагжуулах гэсэн зүйл тасралтгүй хийж байна. Хурдан наад асуудлаа шийд. Энэ Монголд чинь төр байгаа юм уу? Тэр Ерөнхий шүүгчийн томилгоог яагаад хийхгүй байгаа юм. Сар боллоо. Хүний эрхийн комисс зоримог байх хэрэгтэй. Монголд сүүлийн 70 жилийн түүхэнд ийм хэрэг гарсан гэж би сонсоогүй. Их зовоож байгаа. Материалаа нуугаад, жүжиг тавиад байгаа” гэсэн юм.

Иймд Л.Болд гишүүн саналаа татаж, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт холбогдсон иргэдийн асуудлыг хуулийн хүрээнд яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл өгөх, шүүх, хяналтын байгууллагад зөвлөмж хүргүүлэхээр шийдсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hurts(208.54.37.134) 2019 оны 05 сарын 08

Ene hergiig zaaval shiideh yostoi! Odoo l unen zoviig haih heregtei shuu! Yavch shantarch bolohgui!

0  |  0
Hurts(208.54.37.134) 2019 оны 05 сарын 08

Ene hergiig zaaval shiideh yostoi! Odoo l unen zoviig haih heregtei shuu! Yavch shantarch bolohgui!

0  |  0
Зочин(202.126.89.40) 2019 оны 05 сарын 08

Өөр хийх ажил мөн ч их бна даа шоу хийхээ болимоор ард түмнийхээ амьдралыг яаж дээшлүүлэхээ 1рт байлгамаар байхын

0  |  0
Top