Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.28) хуралдаан 11 цаг 48 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаарх албан бичгийг тус зөвлөлөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсний дагуу холбогдох тогтоолын төслийг хэлэлцэж байгаа талаар Байнгын хороооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, О.Номинчимэг, С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулахаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдвэрлэсэн болохыг гишүүд сануулж байв. Тус зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, томилохдоо дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллахаар томилдог онцлогтой сануулж байв. Гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгаан болон үүнээс үүдэх үр дагаварын талаар тодруулж, байр сууриа илэрхийлж байв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг 2021 оны 11 дүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдсон бөгөөд нэг жилийн өмнө чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргасан гэв. Тэрбээр салбартаа 26 жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 3 жилд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж. Тус зөвлөлд ажиллах хугацаандаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсныг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлд төвлөрч ажилласан бол үргэлжүүлэн шүүхийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх хүрээнд эдийн засгийн хувьд бэхжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн шүүхийн салбарын цахимжилтын чиглэлээр дэвшилт гаргахаар ажилласан болохоо дэлгэрэнгүй тайлбарлаад, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Уянгахишиг, Л.Заяабал, Д.Цогтбаатар нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний цөөнх буюу 41.7 хувь нь дэмжив. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт танилцуулсан юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулсан гэлээ.
Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц, Авилгатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо нийт 288 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болохоо Сангийн сайд танилцуулав.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр Хууль зүйн байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 161 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1 их наяд 87 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 73.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Улсын төсвөөс 1 их наяд 129.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 21 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.
Дараа нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн нэгтгэсэн тайланд 229 тайлан нэгтгэснээс 140 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 89 байгууллагыг түүвэрт хамруулсан ба 134 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэлээ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. 2 байгууллагын хувьд байгууллагыг түүвэрт хамруулжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тухайн оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бол Шүүхийн сахилгын хорооны даргын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Улсын ерөнхий прокурорын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар мөн “Өөрчлөлтгүй”, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2023 оны оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн аж. Авлигатай тэмцэх газрын даргын 2023 оны оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн аж.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлсэн. Ингээд Байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )