Дагавар хүүхдүүдээ зодож гэмтээсэн Б.Тодзаяаг шүүх хурлын тов гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-ны хооронд Баянгол дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт амьдран суух хаягтай Б.Тодзаяа гэгч өөрийнхөө дагавар хөвгүүд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг гарсан. Хохирогч дөрвөн настай Э есөн удаагийн хүнд хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь сайжирч буй. 

Хэргийн сэжигтэн болох Б.Тодзаяаг эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2.2, 11.1.2.3 дахь зүйл заалт буюу "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа юм.

Улмаар Б.Тодзаяад прокуророос яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан ба энэ сарын 29-ний өдрийн 10:00 цагт шүүх хурал товлогджээ.

Шүүхээс Б.Тодзаяаг гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу хамгийн ихдээ найм хүртэлх жилийн хорих ял оноох, эсвэл 10-40 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top