Трамп Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн Мексикээс тус улсад орж ирж буй бүх бараа бүтээгдэхүүнд таван хувийн гаалийн татвар ногдуулна гэж мэдэгдэв. Мексик улс хууль бус цагаачдын асуудлаа шийдэхгүй бол гаалийн татварын хэмжээ сар бүр нэмэгдэх гэнэ.

Хууль бус цагаачдын урсгал зогссон тохиолдолд гаалийн татварыг цуцлах бөгөөд удахгүй Цагаан ордон дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж Трамп өөрийн твиттерт жиргэжээ. Гаалийн татварыг Мексиктэй залгаа хил дээр үүссэн хямралын хариу арга хэмжээг гэж тэрбээр мэдэгдсэн байна. Хэрэв Мексик энэ асуудлыг шийдэх тал дээр үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол гаалийн татварын хэмжээ сард таван хувиар өсөж, энэ оны аравдугаар сарын нэгэн гэхэд 25 хувьд хүрэх гэнэ. Мексик улс цагаачдын урсгалыг зогсоотол гаалийн татварын хэмжээ 25 хувьтай байна гэж Трамп өөрийн мэдэгдэлдээ онцолжээ.

Доналд Трамп хилийн хана барихад шаардлагатай хөрөнгийг төсвөөс Конгрессын оролцоогүйгээр гаргах зорилгоор АНУ-ын Мексиктэй залгаа хил дээр онцгой байдал тогтоосон. Энэ асуудал шүүхэд очсон бөгөөд Калифорнийн холбооны шүүх батлан хамгаалах яамны төсвийг хилийн хаалтад зориулж зарцуулахыг түр хугацаанд хориглох тухай шийдвэр гаргасан билээ. Харин Трампын засаг захиргаа энэхүү шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top