Азийн хуулийн сургуулийн захирлуудын VI форум эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

МУИС-ийн Хууль зүйн сургуулиас зохион байгуулж буй Азийн хууль зүйн сургуулийн захирлуудын VI форум өнөөдөр /2019.06.14/ эхэллээ. Анх 2001 онд Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан тус форум нь   энэхүү бүс нутагт хууль зүйн боловсрол олгох, туршлага солилцох  чухал ач холбогдол бүхий форумыг бий болгожээ. Энэ удаа Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой бөгөөд  БНХАУ-ын Эрх зүйн боловсролын Ассоциац, Хятадын Эрх зүйн боловсролын нийгэмлэг, тус улсын Ренминий их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулж байна. Форумд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хятадын Реминий их сургууль,  Цинхуа их сургууль, БНСУ-ын Кориа их сургууль, Күүкмины их сургууль, Япон улсын Нагоягийн их сургууль зэрэг нийт таван орны 24 их дээд сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, дэд захирлууд оролцож, илтгэл хэлэлцүүлэн  туршлага хуваалцаж байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган форумын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсад анх удаа Азийн хуулийн их дээд сургуулиудын форумыг зохион байгуулж байна. Энэхүү форум нь хуулийн их дээд сургуулиудын онцлог,  цаашдын хөгжлийг тодотгох бодлогын шинжтэй уулзалт  юм. МУИС гадаадын 30 гаруй сургуультай хамтын ажиллагаа явуулж байна. Мөн энэхүү форумын үр дүнд өнөөдөр манай Хууль зүйн сургууль  дээр Японы эрх зүйн боловсролын төв, Солонгосын эрх зүйн боловсролын төв гэсэн хоёр том төв байгуулагдаж тухайн орнуудын эрх зүйн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг  хамт явуулах болж  байгаагаараа онцлогтой юм” гэлээ.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл “Сүүлийн үед манай орны хуульчид нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлж чадахгүйгээс ёс суртахууны ялзрал, гажуудалд автах, нийгэмд шударга бус байдлыг өөгшүүлэх явдал газар аваад байна. Тийм учраас бид Ази тивийн нэр нөлөө бүхий сургуулиудын туршлагыг судалж, хуульчдыг оюутан байх хугацаанд нь ёс суртахуунлаг байх зарчмыг суулгаж өгөх, олон улсын туршлагаас суралцах зорилгоор  энэхүү форумыг зохион байгуулж байна. Үүнд ач холбогдол нь оршиж байгаа юм” гэж дурдлаа.

БНХАУ-ын  Реминий их сургуулийн Хууль зүйн сургуулийн доктор, профессор Han Dayuan “Бид хоорондоо харилцаа холбоотой байна гэдэг нь хүний эрхийг хангах болон эрх зүйн боловсролыг дээшлүүлэх өргөн цар хүрээтэй гэж ойлгож байна. Азийн орнууд өөрсдийн гэсэн олон соёл, ёс заншилтай байдаг. Тийм учир ингэж уулзсанаараа бид шинэ дэвшилтэт зүйл хаана байна гэдгийг олж харах ач холбогдолтой. Энэ нь эрх зүйн боловсролыг өргөн хөгжүүлж чадна гэж бодож байна” хэмээн онцолж байлаа.  

Уг форум нь “Хуулийн сургуулийн нийгэм дэх үүрэг ба өрсөлдөх чадвар: Азийн хуулийн сургуулиудын туршлага ба ирээдүй” гэсэн сэдвийн дор хоёр өдөр үргэлжилнэ.

Э.Анхзаяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top