Монгол, Япон улсууд эдийн засгийн түшнлэлээ гүнзгийрүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Мөн Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол-Япон Сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолд оролцов.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улс нь социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд тусламж, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурлан хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ. Тухайлбал, Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Япон руу 6000 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн тарифын хөнгөлөлттэй оруулах болсон ч бодит байдал дээр ноолууран бүтээгдэхүүнээс бусад экспортын нэр төрөл нэмэгдэхгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатайг цохон тэмдэглэв.

Айлчлалын гол хэлэлцээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно нарын хооронд болсон бөгөөд талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчилсан байна.

ГХ-ны сайд Д.ЦОГТБААТАР: Хоёр улсын Гадаад харилцааны сайдын хэлэлцээр хоёр улсын стратегийн түншлэлээ цаашид бэхжүүлэхдээ өндөр, дээд түвшний итгэлцсэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж явах чухал ач холбогдолтой боллоо. Хэлэлцээрийн үеэр ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн нэгдүгээр шатыг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Хоёрдугаар шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгох тал дээр яриа хэлэлцээ явж байгаа. Японы тал бусад түншүүдтэй яриа хэлэлцээг урагшлуулна гэдгээ хэллээ.

Хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлж байгаа нэг зүйл нь эдийн засгийн түншлэл. Гэхдээ манай бизнес эрхлэгчдийн зүгээс бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад тусламж, дэмжлэг хүсч байгаа юм. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар ярилцлаа. Түүнчлэн иргэд хоорондын харилцаа жил бүр нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Консулын анхдугаар уулзалтыг ирэх долдугаар сард хийхээр тохирлоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд болох гэж байгаатай холбогдуулан соёл урлаг, биеийн тамир, спортын чиглэлээр нягт хамтран ажиллахаар боллоо. Мөн олон талт хамтын ажиллагааны салбарт хэлэлцээгээ өрнүүлж ажиллахаар тохирсон.

Япон Улсын ГХ-ийн сайд КОТО ТОРА: Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй асуудлаар чухал яриа хэлэлцээр өрнөсөн гэж дүгнэж байна. Нисэх онгоцны буудлын асуудал зөвхөн бүс нутгийн агаарын замыг холбох төдийгүй Монголын эдийн засагт хувь нэмэр оруулна гэж ойлгож байгаа. Ийм учраас шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахын тулд хоёр талаасаа хамтраад ажиллах сонирхолтой байна.

Япон улс 2012 оноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчинтэй хамтарч энхийг сахиулах ажиллагааны автозам гүүр байгуулах ажилд оролцож ирсэн. Монголын 900 цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан байдаг. Цаашид гуравдагч орныг хамруулсан хамтын ажиллагааг дэмжиж ажиллах сонирхолтой байна. “Хааны эрэлд” хамтарсан ажиллагаанд Японы талаас хуурай замын цэргийн албан хаагчид оролцож байгаа. Мөн бүс нутгийн асуудлаа Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө ямар арга хэмжээ авах талаар ярилцлаа. Японы буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлгийг  барьж ашиглалтад оруулсан нь Япон-Монголын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Япон Улс цаашдаа ч Монголын ард иргэдтэй хамт алхах болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.112.220) 2019 оны 06 сарын 17

Хэт өндөр өртөгөөр бариулчихаад аль 2016-н онд ашиглалтад орох ёстой буулал энэ жилч ашиглалтад авч чадахгүй байгаа ИНЕГ-ын муруйтай тоглоомчидод хариуцлага тооцох хэрэгтэйшдээ!!

1  |  0
Итгэг(59.153.112.220) 2019 оны 06 сарын 17

Хэт өндөр өртөгөөр бариулчихаад аль 2016-н онд ашиглалтад орох ёстой буулал энэ жилч ашиглалтад авч чадахгүй байгаа ИНЕГ-ын муруйтай тоглоомчидод хариуцлага тооцох хэрэгтэйшдээ!!

1  |  0
Иргэг(59.153.112.220) 2019 оны 06 сарын 17

Хэт өндөр өртөгөөр бариулчихаад аль 2016-н онд ашиглалтад орох ёстой буулал энэ жилч ашиглалтад авч чадахгүй байгаа ИНЕГ-ын муруйтай тоглоомчидод хариуцлага тооцох хэрэгтэйшдээ!!

1  |  0
Top