-Хөх хотын Консулыг эгүүлэн татна гэж өөрт нь мэдэгдсэн-
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Монгол Улсаас Турк улсад суугаа Консулын газрын хоёр ажилтан 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэргээр Герман улсад саатуулагдаад байна. Энэ хоёр хүнээс гадна Монгол Улсын дипломат албаны нэр хүндийн асуудал яригдаж байна. Хар тамхи болон хууль бус наймаа эрхэлсэн дипломатуудаас болж тэдэнд итгэх итгэл, итгэлцэл гэдэг зүйл алга боллоо. Энэ итгэлцлийг яаж эргүүлэн олох вэ. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Энэ асуудлыг хүмүүс цочирдон хүлээн авч, жигшиж байна. Тэгж хүлээж авсан нь тэдний буруу биш. Нэгэнт өндрөө авсан ийм асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Холбогдох байгууллагууд нь энэ бүгдийг шалгаж байна. Ийм нөхцөлд онцгой шинэ арга хэмжээ авах тухай асуудлуудыг бид аль хэдийнээ яриад эхэлсэн. Хар тамхи тээвэрлэсэн асуудал нь олон улсын шинж чанартай, зохион байгуулалттай тул Монгол Улс дангаараа шийдэхэд маш хэцүү.
Тиймээс бусад орнуудтай харилцаж, нөхцөл байдлыг ойлгуулан тэднээс ч гэсэн дэмжлэг авах учиртай юм. Итгэлийг эргүүлэн олж авахын тулд бид хийж болох бүхий л арга хэмжээг авах ёстой. Итгэлцэл байна уу гэж асуусан таны асуудал маш зөв. Өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд ийм нөхцөл байдал үүссэн талаарх албан тоотыг холбогдох байгууллагууд руу нь явуулсан. 2018 оны эцсээр мансууруулах бодис зөөсөн асуудал гарсан даа. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарч ажиллахгүй бол болохгүй гээд Европод байгаа өөрийн улсын Элчин сайдын яамд руу чиглэсэн тусгай үйл ажиллагаа явуулъя гэдэг саналыг тавьсан. Бидний тавьсан саналын хүрээнд аль хэдийнээ ажиллаад эхэлсэн байсан. Холбогдох байгууллагууд маань өөрсдийн шугамаар мэдээлэл авч, бидний саналыг бас дэмжсэн гэсэн үг юм. 2018 оны 12 дугаар сард би Зүүн Европын хоёр оронд айлчлах байсан ч дотоод улс төрийн нөхцөл байдлаас болж хойшлогдож байлаа. Уг нь энэ асуудлыг ярилцахаар төлөвлөж байсан юм. Сая айлчлалаар явахдаа Гадаад хэргийн сайдтай нь уулзаад хар тамхины асуудлыг хөндөн “Бидэнд тусламж хэрэгтэй байна. Хамтарч ажиллах шаардлага бий” гэдгийг хэлсэн. Бидний тавьсан асуудлыг тэд хүлээж авсан. Учир нь хил дамнасан бүлэглэлүүдийн хар тамхины асуудал тэднийд ч гэсэн хүндрэл учруулж байгаа. Зүүн Европын орнуудтай дипломат сувгаар хамтран ажиллах асуудал яригдаад явж байсан юм аа. Энэ асуудалтай холбоотойгоор надад хэлэх өөр олон тодорхой зүйл бий.
-Тэр нь юу гэж?
-2008 онд намайг гадаад яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ирэхэд тамхины асуудал түгээмэл болчихсон байсан. Болгарт ажиллаж байсан дипломат албаны хүн тамхи тээвэрлээд тэндээ ялаа эдлээд гарсан. Гэхдээ тухайн үед ихэнхдээ энгийн тамхи тээвэрлэж байсан. Нэгэнт нөхцөл байдал газар аваад байсан тул би 2009 онд шийдвэр гаргаж дипломатуудтай цоо шинэ гэрээ байгуулж эхэлсэн. Өмнө нь хэн ч, хэзээ ч ийм гэрээг тусгай хуультай манай албанд байгуулдаг тогтолцоог нэвтрүүлж байгаагүй. Тэр гэрээнд хар тамхи, тамхи, аливаа хууль бус наймаа, CD зөөх үйл ажиллагаанд манай дипломат оролцох юм бол улсаас гарсан бүх мөнгөн зардлаа тэр хүнээс эргүүлэн нэхэмжилж авна гэдэг заалтыг оруулсан. Монгол Улсын нэр хүнд, дипломат албаны нэр хүндэд гарсан хохирлыг бас нэхэмжилнэ гээд бүр заачихсан. Энэ гэрээг, гэрээний өгүүлбэр бүрийг уншсан байгаад “Надад ямар хариуцлага ирэх вэ” гэдгийг хараад томилогдож буй хүмүүс гарын үсгээ зурдаг болсон. Одоо манайхан эх орны нэр хүнд муухай харагдаж байна гээд дор бүрнээ ярьж байна. Энэ эх орныхоо нэр хүндийг хайрлаж, хамгаалахад хэн яг тодорхой юу хийсэн юм бэ. Гэтэл бидний сэдсэн санаачилсан гэрээнд эх орны нэр хүндэд учруулсан хохирлыг нэхэмжлэх заалт орсон байдаг ийм тодорхой зүйл заалт бүхий ажил хийгдэж байж үр дүн гардаг.
-Монгол Улсын нэр хүндийг тэгээд яаж үнэлэх юм?
-Тэр хүн тухайн үед эх орныхоо нэрийг хэдээр үнэлэхэд бэлэн байсан юм. Хэр хэмжээний тамхи, бараа тээвэрлэж яваад баригдсан тэр бүх мөнгийг нэхэмжилж авна гэсэн энэ асуулт тухайн үед гарч байсан. Тэгэхээр тэр зөөвөрлөх ажил бизнес утгаараа ашиггүй болж байгаа биз дээ. 2012 онд би гадаад яамнаас явахдаа тамхины наймаанаас ангижирсан яам үлдээсэн. Таван жилийн дараа эргэж ирсэн. 2016 онд өмнө нь өөр яам манай яамтай нэгдэж, салахад орж ирээд тэтгэвэртээ гарчихсан нэг хүний л асуудал гарсан. Дараа нь мансууруулах бодис тээвэрлэсэн хүний асуудал 2018 онц эцсээр орж ирсэн л дээ. Ийм зүйл болонгуут бид албан бичгээр холбогдох байгууллагууддаа хандаад сайтар шалгаж эхэлсэн. Тиймээс бид зүгээр огт суугаагүй байгаа. Харин ч тамхитай тэмцэж байсан бидний өмнөх ажиллагааны үр дүнгээ өгсөн байсан. Одоо шинэ ажиллагааны дүн ч гарна.
Хар тамхины тухай асуудал бол гадаад яам өөрийн нөөц бололцоогоор дангаараа хийчих ажил биш. Хууль хяналтын байгууллага заавал оролцох хэрэгтэй. Шаардлагатай бол манайхныг бүгдийг нь шалгах хэрэгтэй.
-Таныг ч гэсэн үү?
-Намайг ч шалгах хэрэгтэй.
-Таныг шалгах болов уу?
-Шалгах үндэслэл байгаа бол шалгах л болно. Асуудал байхгүй. Мэргэжлийн байгууллага мэргэжлийн ажлаа хийж, урт хугацаанд үүнийгээ харуулж байж нийгэмд итгэлийг эргүүлэн олж авна.
Хар тамхи Монголын нийгэмд аюулын харанга дэлдэж байна гэдгийг урьд өмнө нь би олон нийтэд их ярьсан. “Бидэнд тусгай байгууллагуудын тусгай мэдээлэл хэрэгтэй байна” гэдгийг хэлэхэд олон хүн мушилзан шоолж байсан. Үндсэндээ нөхцөл байдал ийм амаргүй болчихоод байсан юм. Тусгай алба болох дипломат албаныхыгаа бид шалгаад зогсоож болно. Гэтэл цаана чинь зохион байгуулалттайгаар Монголын иргэдийг онилчихоод тээвэрлэлтэндээ татан оруулаад байна.
-Та бол 2009 онд энэ тушаал гарч, гэрээ байгуулагдсанаас хойш манай дипломат албаныханаас нэг хүнээс бусад нь тамхины хэрэгт холбогдож байгаагүй гэлээ. Германд баригдсан Станбулын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар танай яамаар бэлтгэгдсэн хүн мөн үү?
-Манай яамнаас томилогдсон хүн мөн. Б.Баттүшиг өмнө манайхаас Бангкокт сууж байсан. Дараа нь Станбулд дэд консулаар томилогдсон. Өмнө нь биечлэн уулзаж байгаагүй учраас танихгүй гэж хэлж болно. Томилгоотой холбоотойгоор намайг таньдаг байж таараа гэсэн хардлага гарч таарна биз дээ. Томилгоог Төрийн албаны зөвлөл хийдэг. Жолооч гэгдээд буй С.Эрдэнэбаяр өмнө нь манай яаманд 20 гаруй жил жолоочоор ажилласан. Надаас гадна олон сайд, дарга, Элчин сайд нарын жолоочоор ажилласан манай яамны гараажийн жолооч.
-Таныг Төрийн нарийн бичгийн дарга байхад жолоочоор ажиллаж байгаад сайд болоход мөн жолоочоор ажиллаж байсан. Та энэ хүнийг жолоочоор явуулсан юм биш үү. Ямар шалгуураар Станбул руу томилсон юм бэ?
-С.Эрдэнэбаяр ноднин жилийн томилгоонд уг нь ороогүй юм. Томилгоо хийгдэж дууссаны дараа Истанбулд томилогдсон хүн нь явж чадахааргүй болоод бүр сүүлд оронд нь явсан. Төрийн албаны үйлчилгээ эрхлэх газраас нэр нь орж Төрийн албаны зөвлөлөөрөө шийдэгдээд явсан хүн. Өнөөдрийг хүртэл энэ яаманд надтай таван жолооч хамтран ажилласан. Цаанаас ямар жолооч өгнө тэр жолоочтой нь л хамтарч ажилладаг байсан. Би яаманд ирэхдээ хэзээ ч жолоочтойгоо ирж байсангүй, өгсөн жолоочоос хэзээ ч татгалзаж байгаагүй.
-70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан гээд байгаа боловч хэд хэдэн удаагийн үйлдлээр гурил, будаа тээвэрлэж байгаа биш дээ 500 гаруй кг хар тамхи тээвэрлэсэн гэж байна. Дипломатуудыг яаж сонгосон болоод ийм хүмүүс нь хар тамхи зөөвөрлөөд байдаг юм бэ. Мерит зарчим алдагдаж улс төрийн томилгоо хийгдээд байгаатай холбоотой юу?
-Энэ яаманд ажиллаж байгаа үндсэн дипломат бие бүрэлдэхүүн 2012 оноос хойш ийм төрлийн ямар нэгэн асуудалд ороогүй. Зарим дипломатуудын хүүхдүүд байгаа. Тэд шалгалтаа өгөөд орж ирээд явдаг. Түүнээс онцгойлон харж үзээд байгаа юм байхгүй.
-Дэд консул Б.Баттүшиг хэзээ томилогдсон юм бэ?
-Ноднин томилогдсон.
-Энэ хүмүүс мафийн сүлжээнд нэгдчихсэн гэдэг нь харагдлаа. Гадаад яамыг гадагшаа гарах гарц болгож ашиглаад байгаа юм биш үү. Дипломат дугаартай авто машин ашиглаад нуун далдлах зорилготой гэж харахгүй байна уу?
-Улс үндэстний хувьд яалт ч үгүй томоор харах асуудлыг нэг нь энэ мөн. Ганцхан Гадаад яам гэлтгүй манай орны иргэдийг ийм зүйлдээ тээвэрлэгч болгон ашиглаад байна. Монгол Улс жижиг тул олон орон мэддэггүй. Мөн иргэд нь эрх чөлөөтэй, олон оронд зорчдог. Тиймээс анзаарагдахгүй хил нэвтрэх магадлалтай гэж манайхныг онилоод байгаа юм.
-Хар тамхи тээвэрлэж яваад баригдсан нь л энэ хоёр хүн болохоос биш цаана нь олон Элчин сайд яам, консулын газарт ийм зүйл байгаа юм биш биз гэх хардлага яах аргагүй төрж байна. Бусад Элчин сайдын яамдыг шалгах уу?
-Шалгана. Энд олон улсын сүлжээний тухай асуудал яригдаж байгаа биз. Тиймээс Монгол Улс дангаараа үүнийг шийдэхгүй. Хууль бус хар тамхины наймаатай зөвхөн бид биш дэлхий даяараа тэмцэж байгаа.
-Станбулын консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очирыг шалгах уу. Өөрөө бол өмнө нь би ажлаа өгчихсөн байсан гэдэг зүйлийг бичсэн байна лээ?
-Өнгөрөгч гуравдугаар сард татагдчихсан байсан. Хууль хяналтын байгууллагууд бүгдийг нь шалгаж байгаа.
-Жолооч гэхэд долоо хоногийн хугацаатайгаар олон удаа алга болдог байсан гэдэг. Энэ хүмүүсээ хаана, юу хийгээд явааг нь сэжиглэдэггүй байсан юм болов уу. Танай яам мэдээлэл авсан байсан. Тагнуул цаагуур нь өөрсдийн шугамаар ажиллаж байсан гэсэн. Тийм л юм бол заавал яагаад Германд баригдах хүртэл нь явуулсан юм бэ?
-Бид тамхины тал дээр анхаарч ажилласан. Тэр зүйл зогссон байгаа биз. Тэгвэл хар тамхи тээвэрлэсэн асуудал нь огт өөр бүлэглэлүүдтэй хийгдэж буй нууц ажиллагаа. Бид урьдчилан сэргийлэх үүднээс олон чиглэлээр ажилладаг. Үүнийгээ ил болгодоггүй. Энэ хүмүүс даварсаар Дагвын оронд гэдэг шиг баригдаж л байгаа байхгүй юу. Хөдлөх бүрт нь эднийг барьж байх ёстой. Гишгэх газаргүй болгож байж найдвартай зогсоох нөхцөл бүрдэнэ.
Өнөөдрийн үйлчилж буй журмаар бүх хүний пасспорт Элчин сайд дээрээ хураагдсан байдаг. Пасспортгүйгээр явна гэж байхгүй. Гарч байгаа машин бүр бүртгэлтэй, хаашаа явж байгаагаа уг нь төвдөө бүгд мэдээлдэг. Иймэрхүү зүйлд холбогдсон хүмүүс арга залиа олоод бидэнд баригдахгүй гээд явж байгаа бол гадна талын бидний түнш орны байгууллагуудад баригдаж л таарна. Бид барина.
-Б.Баттүшиг дээр Турк хэлгүй хүнийг Станбул руу томилсон гэдэг зүйл яригдаад байна...
-Консулаар явж байгаа хүмүүс англи хэлтэй байх ёстой. Явж байгаа хүн бүр дорнын хэлийг эзэмшсэн, консулын туршлагатай байна гэдэг түгээмэл биш. Томилгоон дээр НҮБ-ын үндсэн аль нэг хэлтэй, тэр орныхоо хууль хүчний байгууллагатай харилцаад, хамтран ажиллаад явах боломжтой өмнө нь ажиллаж байсан туршлагатай хүнийг томилж байгаа. Энэ хүн урьд нь Бангкокд ажиллаж байсан, Тай хэлгүй л байсан болов уу. Англи хэлтэй бол тэнд ажиллаж болж байсан юм.
-Туркэд консулын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Ерөнхий Консул нь татагдаад ирчихсэн. Хоёр нь Германд хоригдчихлоо?
-Хоёр хүн бий. Нэг нь Ерөнхий консулаа орлоод ажиллаж байна.
-Германд байгаа Элчин сайдын яамтайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Элчин сайдын яамаараа дамжуулан мэдээлэл авч байгаа. Хэрэг мөрдөн байцаах шатандаа яваа учраас бид олон зүйлийг ярих боломжгүй. Нэгдүгээрт, хар тамхи тээвэрлүүлсэн тэр сүлжээг олох нь тэнд байгаа байгууллагуудын нэн тэргүүний зорилго. Энэ хоёр хүн хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд л явна.
-Туркэд байгаа Элчин сайдын яам, Консулын газартайгаа хэр уялдаатай ажиллаж байсан юм бэ?
-Тухайн улсад байгаа Элчин сайдын яамандаа бусад дипломат төлөөлөгчийн газар нь захирагдана.
-Туркэд байгаа Элчин сайд Р.Болд ТЕГ-ын дарга байсан. Тагнуулын дарга байсан хүний хариуцаж буй газарт Консулын ажилтнууд нь ийм хэрэгт холбогдчихлоо. Р.Болдыг эгүүлэн татах асуудал яригдаад эхэллээ. Энэ хүн хариуцлага хүлээх үү?
-Элчин сайдын яам, Консулын газар хоёр өөр хотод байдаг. Ерөнхий хяналт л тавигдана. Тэнд ажиллаж байгаа нэг хүн хувийн шугамаар хүмүүстэй уулзаад явааг тэнд байгаа Элчин сайд, энд байгаа бид бүү хэл гэртээ байгаа гэргий нь ч мэдэхгүй. Нэгэнт ийм зүйл хийхээр зориг шулуудсан бол ийм зүйл хийж байгаагаа хэнд ч хэлэхгүй шүү дээ. Дипломат ажилтнууд маш олон уулзалт хийдэг. Уулзалтын тэмдэглэлдээ алийг нь оруулаад алийг нь оруулахгүй байгааг бид тэр бүр мэдэхгүй. Хууль бус зүйл хийсэн бол гэхдээ баригдаж л таарна. Хариуцлагаас мултарна гэсэн зүйл огт байхгүй. Дээр дурдсан гэрээг байгуулж эхлэхээс өмнө тамхи тээвэрлэж яваад баригдсан хүмүүс тэндээ ял эдэлчихээд ирсэн, нэг хэргээр хоёр ял эдлэхгүй гээд бултчихдаг байсан. Тэр улсад гаалийнх нь хуулийг нь зөрччихсөний төлөө ял эдэлсэн байдаг. Харин энд Монгол төрийн тангараг өргөөд, Төрийн тусгай албаны тухай хуулиа зөрччихсөн ялыг нь хэн тооцох юм гээд тусгай хэрэг үүсгэж эндээ ярина гэдгийг гэрээнд тусгаж өгсөн. 2012 онд би маш олон хүнтэй муудалцсан. Энэ гэрээнд гарын үсэг зурахгүй гэх нэгэн ч байсан. Ингэж л гаарч байлаа. “Та тамхины наймаа хийнэ гэж байгаа бол томилохгүй” гэхээр “Хүний эрх” ярьдаг байсан юм. “Тамхи зөөх хүний эрх гэж байхгүй. Гарын үсгээ зур. Эсвэл явуулахгүй” гэхэд бүгд гарын үсэг зурдаг болсон. Хариуцлага тооцоод эхлэхээр үр дүн гардаг л байхгүй юу.
-Энэ хэрэг Германдаа шийдэгдэх үү. Гэмт хэрэг хийсэн ч гэсэн Монгол Улсын иргэн гэдэг утгаараа Гадаад харилцааны яам эрхийг нь хангах хүрээнд ажиллаж байна уу. Ялтан солилцоогоор авч ирэх боломж байна уу?
-Манай яам Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь эрхийг нь хамгаалах үүднээс өмгөөлөгч авахаас эхлээд анхаарч байгаа. Хэргийн тухайд Германы шүүхээр шийдэгдэнэ. Шүүхийн ажиллагаанд бид хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй тул өмгөөлөгчтэй нь ажиллаж, оролцох юм.
-Хар тамхи тээвэрлэсэн хоёр хүн тэндээ ялаа эдэлж таарна. Монголд хэн хариуцлага хүлээх вэ. Нэг хэсэг нь Элчин сайд Р.Болдыг хариуцлагаа хүлээ гэж байна. Таныг хариуцлага хүлээж огцрох ёстой ч гэсэн хүн байна л даа...
-Тамхины хэрэг олон жил гарч байхад хэн арга хэмжээ авч, хэн ад үзэгдэж, их хэмжээний мөнгөний өөдөөс хэн босч ирсэн гэж бодож байна вэ. Монгол Улсын нэр хүнд гэж бүгд ярьдаг хэрнээ хэн Монголын нэр хүндийг хамгаалах тодорхой арга хэмжээг сэдэж хэрэгжүүлсэн юм бэ.
-Таны ярьсныг ойлгосон. Та ийм системийг таслан зогсооё гээд хоёр удаа тушаал шийдвэр гаргаж, бодлогоо чиглүүлж гэрээ байгуулдаг болгож ажилласан юм байна. Та өөрийгөө өмгөөлж болох тайлбар. Гэхдээ таныг огцрох ёстой гээд байна шүү дээ?
-Би албан тушаалтай зууралдахгүй. Хэзээ ч албан тушаалтай зууралдаж, хүмүүсээс албан тушаал гуйж, гүйж явсангүй. Монголд хулгай зөндөө гарч байна. Цагдаа тэмцсээр л байна шүү дээ. Хулгай гараад байна гээд цагдаагийн даргыг өөрчлөөд байвал үр дүн гарах уу. Бид нийгмийн хүнд үзэгдлийг даван туулах гээд явж байна. Хэн зориглож ийм асуудлыг гаргаж тавьж, үр дүнд хүргэсэн юм бэ. Энэ хангалтгүй гэж үзэж байгаа өөр асуудал. Монголын төр, удирдлагууд нь өөрсдөө шийдвэрээ гаргана биз. Өмнө нь хэн ч сэдээгүй аргуудыг сэдэж тамхины наймаачидтай хамгийн хорлонтойгоор би ажиллаж байгаа. Ярихын хувьд бүгд л ярьж байсан. Харин үр дүн гаргасан арга хэмжээг хэн ч аваагүй шүү.
-Мэдээллийг танайх дарсан уу, яагаад олон нийтэд мэдээлээгүй вэ?
-Ийм мэдээ ирэнгүүт бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдээллийг нь шууд хүргэдэг. Олон нийтэд гаргаж ярьдаг байгууллага нь бид биш. Биднээс үл хамаараад бидний хажуугаар нөгөө байгууллагууд бас мэдээллийг хүргэчихэж л байгаа.
-ҮАБЗ өнөөдөр /2019.06.10/ хуралдсан. Манай улсад хар тамхины хэрэглээ их байна гэдэг. Гэтэл 70 кг-аар нь тээвэрлэж яваад баригдлаа. Ноцтой хэмжээнд хүрсэн нь илт байна. Энэ талаар ярилцсан уу?
-ҮАБЗ-өөр айлчлал, гэрээ хэлэлцээрийн талаар ярьсан. Хар тамхины тухай асуудлыг тусгайлан ярина гээд материалуудаа бэлдэж байна. Байнгын хороогоор сонсоно.
-Германд хоёр хүн тавдугаар сарын 3-нд баригдсан. Үүний дараа Н.Анхбаяр дарга Германд очихдоо энэ талаар Элчин сайдын яамныхандаа огт хэлэлгүй байсаар буцаж ирсэн байна лээ. Ингэж дарж болох уу?
-Нууцгүй хэлэхэд гадаадад байгаа хэдийгээ бүгдийг нь хардахаас өөр аргагүй. Энд мэдээлэл өгөхгүй нууцалж байсны цаана өөр хэн нэгэн явах вий гэдгийг харж байгаа шүү дээ. Бид урьдилан сэргийлж чаддаггүй юм аа гэхэд тэднийг баригдахгүй явуулдаггүй байх ёстой юм. Үүнийг ойлгож байж л хар тамхины асуудал зогсоно.
-Туркийн Консулаас гадна өөр сэжиглэж байгаа Элчин сайдын яам, Консулын газрууд байна уу?
-Бүгдийг нь хянаж эхэлсэн.
-Станбулын Консулынхан шинээр очсон хүмүүс тул тэгж хар тамхи зөөх нь бүү хэл тухайн улстайгаа ч бүрэн танилцаж амжаагүй баймаар юм. Тэгэхээр тэднийг удирдан чиглүүлдэг хүмүүс, сүлжээ байна гэсэн үг...
-Тийм сүлжээ байх магадлал маш өндөр. Хаана, хэнтэй холбогдсон гээд бүхий л мэдээллийг авч байгаа.
-Консулын асуудлууд шил шилээ даран гарч байна. Хөх хотын Консул хууль бус машины наймаа хийдэг гэж байна л даа. Үүнд хариулт өгөөч?
-Хөх хотын консул дээр ийм асуудал гарсан тул бид “Эгүүлэн татна” гэдгээ өөрт нь мэдэгдсэн. Яагаад өнөөдөр эгүүлэн татагдаагүй байна вэ гэхээр тэнд хэрэг үүсгээд шалгагдаж байхад нь бид эгүүлэн татчихвал тэрбээр дархан эрхийн хамгаалалтын доор шалгагдахгүй, тайлбар тухайн орондоо өгөх шаардлагагүйгээр буцаад ирнэ. Дархан эрхтэйгээ байгаа болохоор тэр хүн рүү халдаж чадахгүй байгаа юм. Тиймээс тэндээ энэ хүрээнд тайлбараа өг гээд дархан эрхийг нь түдгэлзүүлээд зориудаар байлгаж байгаа.
Тухайлбал, Германд саатуулагдсан хоёр хүн өөрийн байгаа орондоо гэмт хэрэгт холбогдсон бол шалгагдахгүй байх нөхцөл үүсч, амаргүй маргаантай байдал бий болох байв. Өөр орон руу орчихсон, Монгол Улсын зүгээс ямар нэгэн тусгай даалгавар өгөөгүй байхад явсан тул дипломат эрх үйлчлэхгүй.
-Хөх хотын консул хэзээ томилогдож байсан юм бэ?
-2016 оны нэгдүгээр сард томилогдсон.
-Консулын ажилтнууд гэмт хэрэгт холбогдсоноор хоёр орны хоорон дахь харилцаанд сэв суух уу. Ямар нэгэн өөрчлөлт гарах уу. Нэр хүнд мэдээж унаж таарна. Сурах, ажиллах хүмүүсийн визэнд өөрчлөлт орох уу...
-Энэ хүмүүсээ хамгаалсан бол тэгнэ. Бид ийм хүмүүсийг олж зогсоомоор байна гээд тухайн оронтой хамтран ажиллаж буй тул биднийг ойлгож дэмжиж байгаа. Эсрэг нь тэмцэж байна гэсэн үг.
-Сурч, ажиллахаар яваа хүмүүст тэгж өөрчлөлт орохгүй. Визний асуудалд хүндрэл гарах ёсгүй.
Эх сурвалж: Өглөөний сонин