УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллалаа.
Тэрбээр Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургууль дээр аймгийн төвийн сургуулиудын багш нарын төлөөлөлтэй уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагаа болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийв. Мөн Өсвөрийн даамчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, Азийн аваргад оролцох эрхээ гардан авсан тус аймгийн баг тамирчдад баяр хүргэж, дэмжлэг туслалцаа үзүүллээ.
Архангайчуудын олон жил хүлээж буй барилгуудын нэг Хөгжимт драмын театрын шинэ барилгын ажлын явцтай танилцаж, "Акми холдинг" ХХК-ийг гүйцэтгэлээ эрчимжүүлж, ондоо багтааж дуусгах ажлын график боловсруулж, танилцуулах үүрэг өгчээ. Мөн театрын барилгын ашиглалтыг сайжруулах боломжуудыг судлах, байгууллагын ажилчдын хүүхдийн цэцэрлэгийг багтааж болох талаар тооцоо судалгаа хийхийг орон нутгийн холбогдох албаныханд салбарын сайд даалгасан байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Хархорин сумын хоёрдугаар сургуулийн залуу багш П.Эрдэнэбаатарынд зочилж, орон нутгийн багш нарын цалин, урамшуулал, багш нар хэрхэн орон сууцтай болох боломжийн талаар ярилцлаа. П.Эрдэнэбаатар биеийн тамирын багш бол эхнэр Б.Энхтуяа нь монгол хэлний багш ажээ. Тэд “Байрны урьдчилгааны эх үүсвэр бидний хувьд хамгийн том бэрхшээл болж байна, зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө шаардана. Багш нарын цалин бага учраас зээл авсан ч байртай болоход хангалттай хэмжээгээр олддоггүй” талаар хуваалцаж байлаа. “Манай сургуулийн багш нар их, бага хэмжээгээр ямар нэгэн зээлтэй. Одоо зээлтэй учраас нэмж зээл авах боломжгүй. Ар гэрийн хүн нь ажилгүй бол орон сууцны тухай ярихад бэрх” гэж хоёрдугаар сургуулийн захирал Г.Энхрийцэцэг ч ярьж байв.
Багш нараа орон сууцжуулах ажлыг салбарын яам судалж, холбогдох байгууллагуудаас тооцоо судалгаа авч, аймаг орон нутаг, байгууллага бүр өөрийн онцлогтоо тохируулан хэрхэн шийдвэрлэж байгаад анхаарал хандуулж байгаа ажээ. Арилжааны өндөр үнэтэй бэлэн байр авахаас илүүтэй газар, дэд бүтцээ нэгдсэн байдлаар шийдвэрлүүлээд өөрөө барих, барилгын компанитай тусгай гэрээгээр хамтрах хэлбэрийг зарим аймаг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )