"Никитон" хамтлагийн 25 жилийн ойд зориулан ДАХИН НИЙТЛЭВ
Эх сурвалж: PLAY ME сэтгүүл
Ярилцсан: Ж.Нандинзаяа
Архив: 2009 он
-Тантай холбогдох гэж нэлээн хэдэн өдөр боллоо...
-Яагаад надаас ярилцлага авах гэсэн юм? Сэтгүүлийн нүүрэн дээр загвар өмсөж барьдаг хүүхнүүд л гардаг биз дээ.
-Зүгээр л та сонирхолтой санагддаг. Бас хэвлэлд бараг ярилцлага өгдөггүй болохоор хүмүүс таны талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг.
-Би сонин хэвлэлд ярилцлага өгөх угаасаа их дургүй. Миний зарчим бол өөрийгөө рекламдахгүй байх. Тэгээд ч надад сонин хэвлэл, телевизүүдээр ярилцлага өгөөд байх шаардлага ч байхгүй. Надад реклам хэрэггүй. Машинаар яривал би Монголын рок попын Феррари биз дээ. Феррарид реклам шаардлагагүй байдаг юм. Энэ рок попод шалдар булдар юмнууд хийгээд нийгэмд таалагдаад яваа хүмүүсийн хажууд би өөрийгөө рекламдаж явахыг хүсэхгүй.
-Та жаахан бухимдангуй байх шиг?
-Ер нь өнөөдөр Улаанбаатарт би жаахан хавчигдангуй л байгаа ш дээ. Ингэж хэлэнгүүт хүмүүс намайг “Яана аа, чи ямар аймаар гутранги юм бэ” гэдэг юм /инээв/. Үнэндээ энэ Монголын рок поп шалдар булдар юмнуудаар дүүрчихээд байна. Ийм байхад надад яаж сайхан байх юм. Тэгээд нийгэм нь тэд нарыг хүлээн зөвшөөрөөд байгаа нь инээдтэй. Аймаар чадалтай залуу үе гарч ирээд, би дуулж чадахаа больчихсон бол өөр хэрэг. За, тэгээд намайг сонсвол сонсоно л биз, боливол болино л биз. Угаасаа Феррариг олон хүн унадаггүй. Би Монголын рок попын түвшинд хангалттай дээд хэмжээнд өөрийгөө боловсорсон гэж боддог. Тиймээс өөрийгөө Феррари гэж бардам хэлж байна.
-Таны уран бүтээлийг сонсох хэсэг нь сонсож, үнэлэх хэсэг нь үнэлж л байгаа ш дээ? Гэтэл та өөрийгөө хавчигдангуй байна гээд байх юм?
-Үгүй ээ, чи мэдэхгүй байна. Үнэлэх хэсэг нь дэндүү жаахан. Маш цөөхөн. CD-ний борлуулалт энэ тэрээс харахад л ойлгомжтой ш дээ. Би жишээлбэл тоглолт хийх ямар ч сонирхол байдаггүй. Ийм нийгэмд, ийм хүмүүст тоглоод ч яалаа гэж боддог юм.
-Таны хөгжимд дуртай, таны дуунуудыг хайрладаг хүмүүс зөндөө байхад та ингэж хэлж болж байгаа юм уу? “Никитон” хамтлаг тоглолт хийнэ гэвэл тасалбар нь шуураад л дуусмаар санагдах юм.
-Хэрвээ Монголд өнөөдөр урлагаар супер мөнгө олдог бол за дүүрчээ, би өөрийгөө арилжвал арилжина. Бас зарим хүмүүсийн хийгээд байгаа шиг аар шаархан юм хийгээд аргалаад байж чадна. Амархан ш дээ. Шалиа булиа юм дуулаад л явъя гэвэл амархан биз дээ. /хэсэг бодолхийлснээ/ Ээ тэглээ ч хэцүү дээ.
-Та дууныхаа аянуудыг ихэнхийг нь өөрөө зохиодог уу?
-Тийм, бараг 100 хувь миний аянууд.
-Сүүлийн “Нандин шүтээн”, “Би чамд хайртай” ч таны ая уу?
-Тийм. “Би чамд хайртай”-гийн хөгжим бол лүгзэр ш дээ. Үнэхээр гоё хөгжимтэй хийсэн. Хүмүүс янз бүр л байдаг юм. Зарим нь “Нандин шүтээн” гоё, зарим нь “Би чамд хайртай”-г илүү гээд л. Ихэнх хүмүүс “Нандин шүтээн”-ийг гоё гэдэг юм. Жишээлбэл, чамд “Нандин шүтээн”, “Би чамд хайртай” хоёрын аль нь илүү санагддаг вэ?
-Миний хувьд бол “Би чамд хайртай” хамгийн гоё. Сая л гэхэд би ажил дээрээ бусад хүмүүсийг бараг залхтал нь сонсож байгаад гарч ирлээ. Миний бодлоор үг нь аяндаа арай жулдсан юм шиг санагддаг. Хөгжим бол үнэхээр гоё. Харин “Нандин шүтээн”-ий үг, ая аль, аль нь гоё. “Нандин шүтээн” хэний үг вэ?
-Рок мангас Мөнхсайханы үг. Зэвүүн үг байгаа биз дээ? Миний “Хос хунгийн дууль”-ийг бас Мөнхсайхан зохиож байсан. Би ч гэсэн өөрөө “Би чамд хайртай”-гаа их гоё болсон гэж боддог. Үгний хувьд чиний хэлсэн чинь яг үнэн. Би харин яг мэдээд байгаа. “Би чамд хайртай”-гийн үг бол яалт ч үгүй жулдсан. Хөгжим нь үнэхээр гоё болсон болохоор дуугаа нийтэд нь аваад явчихсан л даа. Сүүлийн дуунуудын үг яах аргагүй муудсан. Тэгээд би үгэн дээр л их санаа зовоод байгаа. “Би чамд хайртай”-г миний стильд гүнзгий дуртай хүмүүс илүү сонсох дуртай байх.
-Таны Америкаас ирээд хийсэн анхны дуу чинь “Аргагүй сайхан Бурмаа” байх аа? Нэлээн шуугиан тарьж байсан. Топ модель Э.Одгэрэл клипэнд тоглоод л... Их мөнгө зарж хийсэн клип байх.
-Аягүй сонин. Би цомог гаргаад байхад хүмүүст очоогүй байдаг байхгүй юу? Баачка, чи юу хийгээд байна аа гээд асуугаад байдаг. “Аргагүй сайхан Бурмаа” чинь ерөнхийдөө дажгүй дуу ш дээ. Их дажгүй болсон. Бурмаа гэдэг нэр л жаахан дөхөөний болчихсон болохоос биш.
-Дөхөөний? Арай гоё нэр өгч болоогүй юм уу?
-Хөдөөний л нэр биз дээ. Өөр нэр сонгох гэхээр хөгжимдөө тэр нэр л яг тохироод байсан юм аа. Тэр клипэнд тоглоод Одгэрэлийн карьер аягүй өссөн гэж би боддог. Одгэрэлийн хувьд бол супер рекламын клип болсон. Одгэрэл бид нар найзууд л даа. Микрт хөршүүд байсан ш дээ. Тэгээд Одгэрэл миний клипэнд аягүй хямдхан, 500 ногооноор тоглож өгсөн. Тэгээд л тэр клипэнд нэлээн ч их хэмжээний мөнгө гаргасан. Тэгээд нэмэргүй ш дээ. Гоё, зэвүүн юм хийлээ гээд ямар ч нэмэр байхгүй. Би нэг их олон тооны клип хийе гэж угаасаа боддоггүй юм. Цөөхөн, гэхдээ даацтай байхад болно. Миний хэлж байгаа зөв үү?
-Нэмэргүй гэж юу гэж байгаа юм бэ? “Аргагүй сайхан Бурмаа” хүмүүст их хүрсэн шүү дээ. Одоо ч хөгжмийн сувгуудаар байнга гарч л байдаг. Энд тэнд явж л байдаг. Гараад бас л багагүй хугацаа өнгөрсөн биз дээ?
-Миний дуунуудын нэг юм нь юу вэ гэхээр их удаан амьдардаг. Тэгээд миний дуу бас писсс гээд хүмүүст нэг их хурдан оччихдоггүй. Нэг оччихоороо тэгээд л гөлийгөөд л байгаад байдаг. Бурмаа чинь тэгээд гөлийгөөд яваад л байгаа биз дээ. Бурмаа ямар ч гэсэн надад муу болоогүй санагддаг.
-“Би чамд хайртай”, “Нандин шүтээн” хоёрт арай хүрэхгүй ч гэсэн дажгүй л дуу санагддаг...
-Тийм, гайгүй тээ? “Би чамд хайртай” бол Монголын амьд хөгжмийг ээ дээ, бас л харуулахаар хийсэн дуу даа. Хөгжмийн тоглолт бол үнэхээр гоё болсон гэж боддог. Тэгэхэд л миний “Би чамд хайртай”-г ихэнх хүмүүс ойлгоогүй ш дээ. Ард түмэн нь гоё тосоод авбал урамтай. Ямар ч реакцгүй байхаар чинь урам хугарах юм. Одоо тэгээд яая гэхэв дээ. Ийм оронд төрсөн миний хохь. Тэгээд байж л байхаас биш. Нэг сайн бүтээл хийх гэж бас их хугацаа шаардана ш дээ.
-Одоо та ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байна уу?
-Нэг гоё дуун дээр ажиллаж байгаа.
-Бас яая даа гэсэн гоё үгтэй дуу байх даа?
-Үг нь их гоё оо. Өнгөрсөн жилийн “Болор цом” наадмын хоёрдугаар байранд орсон Цэнд-Аюуш гээд яруу найрагч залуу тэр дууны маань үгийг зохиосон. “Үүлэн үст” гэдэг нэртэй. Би хөгжмөн дээр нь нэлээд ажиллаж байна. Бараг жил гаруй болж байна. Дахин дахин засаад л байна. Одоо бараг болсон доо.
-Таны ихэнх дуунууд эмэгтэй хүнийг магтан дуулсан утгатай байдаг. “Ялгуун”, “Төгөлдөр”, “Чамд би”, “Хөөрхөн хүүхэн”, “Бүсгүй”, сүүлийн үеийнхээс бол “Аргагүй сайхан Бурмаа”гээд л...
-Эмэгтэй хүний тухай сэдэв чинь мөнхийн хоцрогдохгүй сэдэв юм биш үү.
-Бас “Ялгуун”-ны үг үнэхээр гоё...
-"Ялгуун"-ыг бараг үг нь аваад явчихсан. “Болор цом”-ын эзэн болж байсан буурал Бадарч гуайн үг ш дээ. Бас П.Бадарч гуайн хүү Гэрэлбаатар гээд залуу миний дуунуудын үгийг бичдэг байсан. Харамсалтай нь, одоо нас барчихсан. Тэр залуу миний 90-ээд онд хит болж байсан бараг бүх дууны үгийг зохиосон.
-Харамсалтай байна. Таны уран бүтээлд том гарз болсон байх даа?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр харамсалтай.
-“Үүлэн үст” гэдэг нэр бас их гоё юм аа. Юуны тухай вэ? Бас л эмэгтэй хүний тухай юу?
-Үүлэн үстэй эмэгтэй хүний тухай.
-Үүлэн үс гэж ямар үсийг хэлдэг юм бол? Том, том долгионтой сэвсгэр үс юм болов уу?
-Би чамд үгнээс нь хэлж өгье. Их гоё үгтэй.
Үүлийг үсийг чинь гэж боддог
Цасыг царай чинь гэж боддог
Салхийг уруулыг чинь гэж боддог
Сарыг гунигийг чинь гэж боддог
Үүлэн үстэй, цасан царайтай
Салхин уруултай, саран гунигтай... гээд л
-Тийм байна. Үнэхээр гоё үгтэй юм. Та дууныхаа үгийг өөрөө захиалдаг уу?
-Ерөнхийдөө би этгээд талдаа л байвал л зүгээр гээд хэлчихдэг юм. Тэгээд уншиж байгаад болдог. Миний “Нандин шүтээн” шиг тийм гоё үгтэй дуу байна уу? Бараг байхгүй л байгаа биз дээ? “Хөөе, жолоочоо хурдаа жаахан хасаад өг” гээд ийм гоё үг байна уу? "Хонх"-ын Цогтсайхан агсны “Намайг дуудаач” дууныхаа үгэнд би аймаар дуртай. Ая нь том Жагаа ахынх. Энэ дууны үг их гоё. “Чамд би”-гийн үгийг би диван доороос олж байсан ш дээ. “Хөх тэнгэр” хамтлаг Драмын театраас нүүх болоод. Тэгээд диван дороос гараад ирсэн. Хэний үг юм бүү мэд. Тэгээд би ая зохиосон.
-Таны анхны дуу юу байв?
-“Янаг цэцэг”. Би 1987 онд зохиож байсан. Долдугаар ангид байхдаа зохиосон дуу ш дээ.
-Тийм жаахан байхдаа юу? Долдугаар ангийн хүүхэд “Янаг цэцэг”-ийг зохиосон гэхээр үнэхээр гайхмаар сонсогдож байна...
-13, 14-тэй л байсан байх. Үгийг нь "Гамин" Батаа гээд манай доод айлын ах зохиож байсан. Тэр үед ах хүү 30 орчим настай байсан. Тэгээд хоёр жилийн дараа 89 онд тэр дуугаа нэг тоглолтон дээр анх дуулсан. Би есдүгээр ангид байхдаа “Хос хунгийн дууль”-аа зохиож байсан.
-Та Хөгжим бүжгийн коллежид байхдаа ямархуу сурагч байсан бэ? Онц сурлагатан байв уу?
-Би их муу сурлагатай хүүхэд байсан ш дээ. Манай мэргэжлийн багш нар рок, иймэрхүү хөгжим мөгжимд дургүй байсан. Тэгээд миний хувийн хэрэг дээр авьяас муу, сонсгол дунд зэрэг энэ тэр гэсэн тодорхойлолтууд л байдаг байсан.
-Хүмүүс анх “Янаг цэцэг”-ийг яаж хүлээж авсан бол?
-Анхандаа хүмүүс ерөөсөө хүлээж аваагүй. Би нэг тоглолт дээр дуулчихаад хэд хоногийн дараахан автобусны буудал дээр хажуу байрныхаа нэг охинтой таарахгүй юу. Тэгсэн тэр охин миний дуулсныг үзчихэж. Тэгээд “Чи дуулж муулаад л, тээ? Ямар хачин тэнэг дуу дуулдаг юм бэ” гэж байсан. Тэгэхэд би гайхаад л ”За, би ч ер нь нэг бүтэхгүй л юм хийгээд яваа хүн юм байна даа” гэж өөрийгөө бодсон. Ер нь манай “Никитон”-ыг ч гэсэн хүмүүс ерөөсөө тоодоггүй байсан. Тэр үед "Харш", "Титэм", "Шигтгээ"-гийнхэн ёстой цөм авч байсан ш дээ. “Жирийн монгол охин”, “Үзэсгэлэнт од” энэ тэр гээд л. Тэд нар ч гоё байсан л даа. Хот тэр чигээрээ тэд нарт нурж байсан байхгүй юу. Гэтэл Баачкад тэгж байгаагүй. Тэгээд хоёр, гурван жилийн дараа өөр болоод эхэлсэн.
-“Хос хунгийн дууль”, “Янаг цэцэг”, “Чамд би”, “Ялгуун”... Таны дуулсан хит дуунуудыг нэрлээд барахгүй нь ээ. “Никитон” Монголын залуусыг тэр чигт нь байлдан дагуулж байснаа та гэнэтхэн нэг өдөр Америк явах болчихсон. Америк явснаараа та хожсон уу? Эсвэл алдсан болов уу?
-Би аягүй зөв сонголт хийсэн гэж боддог. Харин зарим хүмүүс буруу гээд байдаг юм. Би явсан. Хөгжсөн. Миний үзэж бодол ч саак болсон гэж боддог. Би мөнгө олох гэсэндээ биш өөрийгөө нээх гэж Америк явсан. Тэр хөгжилтэй оронд хүмүүс яаж амьдардгийг мэдэх гэсэн. Хүмүүс намайг Баачка нэг л мөнгө хөөгөөд явчихсан юм шиг ойлгоод байдаг юм. Америк яваад амьдралаас их юм сурлаа. Долоо хоног биш, долоон сар биш, долоон жил гэдэг бол урт хугацаа шүү дээ. Анх тэнд очоод надад аймаар уйтгартай орон юм шиг л санагдаж байсан. Өглөө босно, хичээлд явна, ажилд явна гээд л. Бүх юм хайрцгалчихсан юм шиг сонин санагддаг байсан. Манай Монгол хажууд нь үнэхээр чөлөөтэй санагдаж байсан. Яваандаа бүх зүйл хэвийн болсон.
-Америк явахынхаа өмнөхөн та "Пентатоник"-т тоож орохгүй гэж шуугиан дэгдээж байсан. Тэр үед та үнэхээр тэгж их бухимдсан юм уу?
-Тэр үед хүмүүсийн хооронд мөнгөний зөвшилцөөн болоод л өнгөрсөн ш дээ. Улаан цайм даруулахаар ямар олиг байхав дээ. Намайг анх хүчтэй гарч ирэхэд урлагийнхан, рок попынхон дургүй байсан. Дарж байсан. Одоо болохоор домогт “Хос хунгийн дууль” гээд яриад байдаг. Тэр үед миний “Хос хунгийн дууль”-ийг тэгж үнэлээгүй л байхгүй юу. Тэгээд би "Пентатоник"-т орохгүй гэсэн. Хөөрхөн аятайхан дуунууд байдаг аа. Гэхдээ хит дууг сайн бүтээлтэй хольж болохгүй. “Цэргийн бодол” зүгээр хөөрхөн л дуу байсан. Хит болсон. Гэхдээ “Хос хунгийн дууль”-ийг бол давахгүй байсан ш дээ. Гэтэл "Пентатоник"-т “Цэргийн бодол” шилдэг дуу авчихаж байсан. Тэгээд л би "Пентатоник"-т тоож орохгүй гэсэн. Одоо “Цэргийн бодол”-ыг хэн домогт “Цэргийн бодол” гээд байгаа бэ?
-Та Америкт гэр бүлтэйгээ байсан уу?
-Тийм. Эхнэр, хүү хоёртойгоо цуг амьдарч байсан. Миний хүү Мянхай 15 настай. Одоо ээжтэйгээ Чикагод амьдарч байгаа.
-Та гэр бүлээсээ салсан билүү? Одоо дахин амьдрал зохиох бодол байна уу?
-Үл ойлголцлоос болоод хоёр тийшээ болсон. Гэхдээ холбоотой байдаг. Одоо тэгээд хүн л юм чинь амьдрал зохиогдох байлгүй дээ /инээв/. Би зохиох биш, цаанаасаа л зохиогдох байх гэж бодож байна ш дээ.
-Танд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?
-Эмэгтэй хүн ухаалаг байвал гоё. Хувцас хунар угаагаад, тогоо шанага барьснаараа эхнэр биш болоод байна ш дээ. Тэгэхийн бол гэрийн сайн үйлчлэгч л авчих хэрэгтэй.
Миний “Би чамд хайртай”, “Хос хунгийн дууль” хоёрыг харьцуулаад үз л дээ. Шал өөр ш дээ. Би үүгээрээ “Хос хунгийн дууль”-ийг үгүйсгэж байгаа юм биш л дээ. Гэхдээ л үнэхээр өдөр, шөнө шиг ялгаатай. Тэр үед дуулахад төвөгтэй байсан дуунууд гэхэд одоо надад амархан санагддаг...
-Америкт амьдраад долоон жилийн хугацаандаа та ирсэн үү. Олон жилийн дараа ирэхэд юу өөрчлөгдсөн байв?
-Нэг ч ирээгүй. Би Америкаас ирэхдээ Монголын зрителийг их өөрөөр бодож байсан. Рок хөгжим бараг нийтийн хөгжим болсон мэтээр л ойлгож байсан. Тэгээд ирсэн чинь намайг гурав, дөрөвдүгээр ангид байхад радиогоор явдаг байсан дуунууд дахиад явдаг болчихсон байсан. Ирэнгүүт гаднаасаа бол хөгжсөн харагдаж байсан л даа. Монгол гоё болсон байсан. Залуучуудын биеэ авч яваа байдал энэ тэр гээд л их гоё болсон санагдаж байсан. Яг надад хэрэгтэй зүйл дээрээ хачин болчихсон байсан. Бизнес хөөсөн чиглэлүүд бол бүгд хөгжсөн байсан. Манай рок попынхон бараг бүгдээрээ зохиолын дуучин болчихсон. "Харанга"-ын Лхагваа үнэхээр сайн дуучин. Би Лхагваагийн дуунуудад дуртай. Тэгээд Лхагваагийн сүүлийн уран бүтээлүүдийг нь харсан чинь дандаа попын поп дуунууд байсан. Тэр “Толин хул” гэдэг дуу нь гоё дуу. Сар шиг холын нутгаас гээд дуулдаг тэр дуу нь хит болоод л байсан. Тэгсэн тэр дуу нь попын поп дуу. Гэтэл Лхагваа чинь рок дуучин ш дээ. Би Лхагвааг “Замд гаръя”, рок баллад маягийн “Алс хол хүний нутагт” гэдэг дуунуудаар нь төсөөлдөг. Тэр одоо гаргаад байгаа дуунууд нь гоё л доо, надад таалагддаг. Гэхдээ тэр чинь рокын рок дуучин ш дээ. Тэрэн дээр л би эмзэглэсэн. Энэ бол миний зүгээр нөхөрсөг шүүмжлэл байхгүй юу. Манай рок попынхон өөрсдөдөө анализ хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Намайг Америк явахад “Харанга” рок хамтлаг байсан, “Хурд” хамтлаг л гэхэд “Чоно” энэ тэр гээд л гоё рок дуу дуулдаг байсан. Ирсэн чинь бүүр өөрчлөгдчихсөн байсан. “Эрэл Хурд” юу юу ч билээ дээ. Манай рок попынхон ингээд хөдөөний ард түмний аясаар дагаж ханараад байж болохгүй ш дээ. Тугаа бариад урд нь алхаж явахын оронд тугаа хумьж барьчихаад ард нь яваад байна. Хүмүүс яагаад өөрсдийнхөө чиг хандлага, үзэл баримтлалаас гажаад байгаа нь л сонин байна. Тэр л онцгүй байна. Ер нь дуучин хүнд ч юм уу, оргил үе гэж байдаг байх л даа. Гэхдээ Америк яваад, тэндээс ирэхдээ би хөгжим болон дуулалтын аль алин дээр өөрийнхөө чадварыг хамаагүй өссөн гэж боддог.
-Өөрийн гэсэн стиль, өөрийн чиг шугаман дээрээ тууштай зогсож байгаа хүн цөөхөн байх шиг?
-Намайг “Баачка, чи стилээ өөрчил” гээд загнаад байдаг. Би тэрийг ёстой ойлгодоггүй. Би хаашаа юм, гэнэтхэн өнөөдөр төгөлдөр хуураа хаяад, R&B дуучин болох ёстой юм уу, эсвэл хип хоп болох ёстой юм уу. Би өөрийнхөө тоглодгийг л тоглоно, өөрийнхөө дуулдгийг л дуулна.
Рок попынхон нийтээрээ нийлээд дуулдаг нэг балиар стиль манайд байна аа. Аль нэг намын ч юм уу, нэг сан, холбоо эвслийн дууг хамтраад дуулчихдаг. Тэгээд бүгдээрээ алгаа ташаад л, ганхаад л дуулаад байна. Намайг тэрэн дундаа ороод дуулаад өгөөч гэдэг юм. Би тийм юманд ёстой дуулдаггүй, дуулах ч үгүй. Нээх балиар бүгд алгаа ташаад л гараад ирнэ. Сая сүүлд телевиз үзэж байсан чинь Халх голын ойгоор хүртэл хамтраад л дуулчихаж. Америкийн оддын бүгдээрээ нийлж дуулсан “We are the world” гээд дуу байдаг даа. Тэр бол гоё ш дээ. Яагаад гэвэл тэр дуу ганц л байгаа. Намайг стилээ соль гээд байгаа хүмүүст хэлэхэд та нар намайг стилээ өөрчил энэ тэр гэж байхын оронд тэр улиг домог болсон балиар юмнуудаа болиулаач гэмээр байна. Бас нөгөө комментуудаас харахад зарим хүмүүс “Баачка чи Америк явж ирчихээд өлгий рүүгээ нулимаад л” гэсэн утгатай юм бичсэн байсан. Нэг талаас харвал тэр хүмүүсийн зөв ч юм шиг. Гэхдээ нөгөө талаас бас тийм биш. Бид л өөрсдөө хэлж ярьж, засаж залруулж, энэ өлгийгөө өөд нь татах ёстой биз дээ. Гэр оронд маань хог шороо байвал бид нар өөрсдөө л шүүрдэж гаргах ёстой биз дээ.
-Та хүмүүсийн сэтгэгдлүүдийг нэлээд уншдаг юм аа даа?
-Уншина ш дээ. Хүмүүсийн бодлыг бас мэдэж байх хэрэгтэй.
-Гэхдээ Америк явж ирээд таны хөгжим, дуулалт өөрчлөгдсөн тээ?
-Тийм үү? Магадгүй.
-Надад тэгж санагдаад байдаг. Тэр нь тэгээд хуучнаасаа зүгээр үү, ямар вэ? Таны сүүлийн үеийн хөгжмүүд илүү даацтай, мэргэжлийн тал руугаа болсон санагддаг. Харин дуулалт нь илүү хөнгөн болсон байх аа. Гэхдээ бүх зүйл цаг үедээ л байдаг биз дээ?
-“Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл” тэр үедээ бол сенсаац байсан. Гэхдээ одоо бол арай өөр. Одоо бүгд л өөрчлөгдсөн шүү дээ. Би бас яг тэгж л бодож юм хийж байгаа.
-Америкаас ирээд Баачка дуулж чадахаа байчихаж гэсэн хандлага хүмүүсийн дунд их анзаарагдсан. Үнэхээр уран бүтээлч хүнд оргил үе гэж байдаг юм болов уу? Хэрвээ тийм бол таны оргил үе өнгөрчихөөд байна уу?
-Ер нь дуучин хүнд ч юм уу оргил үе гэж байдаг байх л даа. Гэхдээ Америкаас ирэхдээ би хөгжим болон дуулалтын аль алин дээр өөрийнхөө чадварыг хамаагүй өссөн гэж боддог. Одоо миний “Би чамд хайртай”, “Хос хунгийн дууль” хоёрыг харьцуулаад үз л дээ. Шал өөр ш дээ. Би үүгээрээ “Хос хунгийн дууль”-ийг үгүйсгэж байгаа юм биш л дээ. Гэхдээ л үнэхээр өдөр, шөнө шиг ялгаатай. Тэр үед дуулахад төвөгтэй байсан дуунууд гэхэд одоо надад амархан санагддаг.
-Тэр үед ямар дуу танд дуулахад хамгийн төвөгтэй байсан бол?
-“Цамцаа тайл”-ыг жаахан хэцүү дуулдаг байсан. Одоо дуулахад бол хөнгөхөөн болчихсон байна лээ. Ер нь гуч гараад ирэхээр хоолой задраад, арга барилаа олоод дуулахад бүр л эвтэйхэн болчихдог юм байна.
-Та өөрийнхөө дуунуудаас ямар дуундаа хамгийн их хайртай вэ?
-Миний анхны дуу болохоор би “Янаг цэцэг”-тээ их хайртай. Энд тэнд яг дуу дуулъя гэхээр хамгийн түрүүнд "Янаг цэцэг" л санаанд орж ирээд байдаг юм.
-Та мотоцикль унадаг байх аа?
-Одоо өвөл болчихсон, унахгүй. Ер нь нэг их унахгүй гэж бодож байгаа. Drugstar гэдэг мотоцикл унадаг байсан. Одоо зарчихсан. Их эрсдэлтэй унаа ш дээ. Манай Улаанбаатар шиг салхи, шороотой газар бүр ч хэцүү.
-Таны хобби? Биллиард, нохой гэдгийг зөндөө сонсож байсан?
-Мэргэжлийн бокс, снукер биллиард сонирхдог. Хааяа Poker тоглох дуртай. За нохой бол ёстой миний хобби ш дээ. Хүмүүс морь цуглуулдаг бол би нохой цуглуулдаг.
-Хэдэн нохойтой вэ?
-Хүний өөрийн нийлсэн нэлээд хэдэн юм бий. Тасархай гөлөг харангуут л таалагдаад чичрээд дайрчихдаг. Одоо миний гол нохой бол герман немц овчарк байгаа.
-Цэвэр үү?
-Цэвэр гэдэг утга ухагдахуун байхаа больчихсон. Одоо бүр эцэг, эх нь дэлхийн аварга энэ тэр гэдэг ухагдахуунаар л ярьдаг болсон. Бараг худалч хүнд гудамжны нохой л бараг овчарк болчих гээд байна.
-Таны нохой тэгээд ямар удам судартай вэ?
-Удам судартай хоёр ч нохой байгаа. Одоо нэгийг нь улсын аваргад оруулна гэж бодож байгаа. Би өөрөө байнга нохойны тэмцээн очиж үздэг. Гэхдээ миний нохой яг тэмцээнд орох дайны биш байгаад байна аа. Жаахан том биетэй болчихсон. Тэр чинь их нарийн байхгүй юу. Манай нохой стандарт өндрөөсөө жаахан илүү гарчихаад байгаа. Ники гэдэг юм. Тон залгачихвал "Никитон" болохоор байгаа биз дээ. Никигийн эцэг нь Оросын хоёр удаагийн улсын аварга Келвин гээд алдартай нохой бий. Ээж нь бас удам сайтай. Миний Ники бол Монголд үзэсгэлэнгээрээ эхний тавд орно. Их үзэсгэлэнтэй. Толгой нь бол дэндүү гоё. Манай нохойчид миний Никигийн толгойнд үхнэ ш дээ. Толгойгоороо бол эхний нэгд орно доо.
-Өө, тийм юм бас байх уу? Гоё толгой энэ тэр гэж?
-Байлгүй яадаг юм. Нохойнд ч бас үзэсгэлэн гэж байна ш дээ.
-"Никитон" анх гарч ирж байхад охид миний дуунд биш хувцаслалтад их шуурдаг байсан гэж та нэг ярьсан байсан?
-Тэр үед их ганган л байсан ш дээ. Аягүй тарчиг. Тэгсэн мөртлөө гандан буурахгүй тэр байдлынхаа л дээд зэргээр байхыг эрмэлздэг л байсан байхгүй юу /инээв/. Кноптой гутал. Өргөн мөртэй пиджак энэ тэр гээд л. Тэрүүхэн үедээ их л гоё байсан. Ерөнхийдөө гадаад байдалдаа их анхаарал тавьдаг байсан.
-Түрүүн яриан дундаа та өөрийгөө их азгүй хүн гэсэн? Яагаад?
-Энэ нийгэмд тохируулаад юм хийгээд яваад байгаа хүмүүс бол азтай л байгаа биз дээ. Миний хөгжим энэ нийгэмд нийтийн хэрэглээ болж чадахгүй байгаад л миний уур хүрээд байдаг. Хөгжилтэй оронд бол рок хөгжим нийтийн хэрэглээ болчихсон ш дээ. Гэтэл манайд тийм юм байхгүй. Би цаг үеэсээ түрүүлж юм хийгээд байна.
-Ferrari-г цөөхөн хүн унадаг гэж та хэлсэн. Тэгвэл та яагаад өөрийнхөө хөгжмийг заавал нийтэд хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа юм бэ?
-Нөгөө талаар комментуудыг уншихад “Чи Баачка өөрөө юм хийхгүй байж юу яриад байгаа юм бэ энэ тэр гэсэн байдаг. Нэг талаас энэ үнэн л дээ. Би зарим хүмүүс шиг шаргуу уран бүтээл хийхгүй байгаа нь маргашгүй үнэн. Тийм бол уучлаарай. Ийм нийгэмд би юу ч хийгээд нэмэргүй байна. Бүх л юм хөдөлбөл хөлс болчхоод байна ш дээ. Тэнгэр рүү л зүгээр мөнгөө чулуудаад байгаа юм шиг л болчихоод байна. Өнөөдөр Монголын рок попын түвшинд би дээд хэмжээнд нь хөгжмийн боловсрол эзэмшсэн. Тэгэхээр би рок попод бөхөөр яривал аваргуудын л нэг гэсэн үг биз дээ. Хамгийн гол нь өнөөдөр рок попод начин ч биш юмнууд зөндөө байгаад би сэтгэлээр унадаг. Начныг хэн ч аваргатай харьцуулахгүй биз дээ. Бүх юм чинь зиндаатай. Борооны дараах мөөг шиг тэр олон хүүхдүүдтэй намайг битгий андуур л даа. Тэд нар чинь 100 жил бэлтгэл хийгээд ч Баачкад хүрэхгүй ш дээ. Цаанаасаа мэдрэмж байдаг байхгүй юу. Тэгэхэд нийгэм над руу нуруугаа харуулаад начин ч болоогүй хүүхдүүд рүү нүүрээ харуулаад байгаад би их эмзэглэдэг. Энэ нь нийгмийн вкусыг л харуулж байгаа хэрэг. Дэлхийн стандарт руу би чадвараа ойртуулахыг хичээж байна гэж боддог. Сонгодгийн мангасуудын хажууд бол би ялаа, шумуул байхгүй юу. Тэд нарыг бол хөгжмийн дээд цэгтээ хүрсэн гэж хэлж болох байх. Би Монголын түвшинд л дээд түвшинд боловсорсон гэж яриад байгаа юм шүү.
-Хүмүүс андуурч байна гэж би бодохгүй байна аа. Үзэгчид, сонсогчид ялгаж салгаж чадна ш дээ...
-Тийм байж болно л доо. Гэхдээ ерөнхийдөө бол надад тэгж санагддаг юм. Ер нь миний хэлдэг зөв биз дээ. Найрааны начингууд бол манай рок попод хогоороо байна ш дээ. Гашуун боловч үнэн л дээ.
-Та төрөөс ямар нэгэн шагнал аваагүй байгаа юу?
-Надад тэр Соёлын тэргүүний ажилтан гэдэг шагнал ч байхгүй ш дээ. Надад бол үнэндээ инээдтэй санагддаг. Шагнал магнал бол ёстой хэрэггүй зүйл. Тэр СТА бол хүн бүрт л байдаг юм биш үү?
-Та ер нь тогтлолт хийхгүй юм уу?
-Үгүй ээ, тоглолт хийх ямар ч сонирхол байхгүй байна. Тэгээд нэг тоглолт хийлээ гэхэд би чинь аймаар гоё нүсэр тоглолт хийнэ гээд л зүтгэчихнэ ш дээ. Зүгээр нэг миа тоглолт хийхгүй ш дээ. Тэгээд хийхээр олж байгаа ашиг маруухан. Дээр нь зритель бага цуглавал бүр хэцүү.
-Зритель бага цуглах гэдэг айдас танд бол байхааргүй зүйл юм шиг? Хүмүүсийн хүлээлт маш их байгаа гэж бодож байна.
-Мэдэхгүй ээ, би бас буруу бодож, дүгнэж байж ч магадгүй л дээ. Миний явдаг жим гээд нэг нарийхан жим л байдаг юм шиг санагддаг.
-Та гэхдээ бэлтгэлээ тогтмол хийж байгаа юу?
-Өдөртөө байнга бэлтгэлээ хийдэг. Хөгжмөө хаяж чадахгүй ш дээ. Гоё юм хийчих юмсан гээд л зав гарвал хөгжим дээрээ суучихна.
-Нэг хэсэг “Face club”-т их тоглодог байсан?
-Ирчихээд удаагүй байхдаа жил хагас тоглосон. Одоо болсон. Дахиж тийм газар тоглохгүй.
-Уран бүтээлээсээ гадуур ямар нэг бизнес хийдэг үү?
-Жижиг сажиг юм хийнэ ээ. Нууц. Нээрээ комментуудаас уншихад бас нэг ийм юм байсан. “Баачка, чи одоо стилээ солиоч ээ. Ондоо стилээр дуулаач” гээд байгаа байхгүй юу. Би чамаас асууя. Би стилээ солих хэрэгтэй юу? Үгүй ээ. Энэ стилээрээ дуулахгүй бол Баачка биш болох биз. Тийм ш дээ. Би юу гэж стилээ сольж байдаг юм. Баачка бол Баачка, тэр чигээрээ л үлдэнэ. Зарим комментууд дээр харин тэгээд байдаг юм /инээв/.
-"Хос хунгийн дууль"-ийн клип тухайн үедээ аймаар секси клип байсан, тийм ээ?
-Тийм. “On and Off” production хийсэн. Манай найзууд ямар сайндаа чиний “Хос хунгийн дууль”-ийг ээж, аавын дэргэд үзэхээр ичиж үхэх гээд байдаг гэдэг байсан ш дээ.
-Та хэр найзархаг хүн бэ?
-Зөндөө найзтай. Надад олон төрлийн найзууд бий. Хобби хоббигоороо л найзууд байна. Боксчин найзууд ч байна. Багын найз, бизнесийн найзууд, зам зуурын найз, нохойны найз гээд л. Хүн болгон л тийм байдаг байлгүй дээ.
-Тэр гоё хөгжим, аялгуунууд ямар үед төрдөг байсан бол?
-Би шөнө оройн цагаар их сууж, хөгжим тоглодог байсан. Доод айл, хажуу айл гээд манай хөршүүд бүгд намайг их дэмждэг байсан. Азаар би их сайхан хөршүүдтэй байжээ. Байнгын төгөлдөр хуур тоглоод байхаар чимээ шуугиан гаргалаа гэж дургүйцэж болох л байсан.
-Та микрийнх үү?
-Тийм.
-Микрийнхэн гэж ямар нөхдүүд байна? Таны тэр дуу их сонирхолтой.
-Манай микрийнхэн гэж нэлээн сайн "Гагарин"-ууд байдаг шүү. Ихэнх нь одоо сансарт явцгааж байна /инээв/. Өдөр тутам сансарт нисдэг хүмүүс байна.
-Дурлал таныг гоё дуу аялгуу зохиоход хүргэж байв уу?
-Би тэр тал дээр ёстой тийм романтик хүн биш ш дээ. Хүүхэнд дурлаад ч юм уу дуу зохиодог хүн бол биш.
-Дуучин Болд та хоёр үеэлүүд байх аа? Та хоёр хамтарч уран бүтээл хийгээч?
-Бид хоёр чинь шал өөр стильтэй ш дээ.
-Тэр тусмаа гоё биш үү?
-Нээрээ тийм ч юм уу? Байж болох л юм тээ?
-Та ямар машин унадаг вэ?
-Benz, Lincoln унадаг. Машинд ер нь хоббитой. Одоо спорт машин авч уная гэж бодож байгаа. Бас 69 машины дээд талыг нь цавчиж аваад унавал гоё санагддаг. Нохойгоо хажуудаа суулгаад л. Гэхдээ үс нь хэцүү л дээ.
***
Түүний урам хугарчээ. Ямар ч тоглолт хиймээргүй байна гэнэ. Ямар ч цомог гаргамааргүй байна гэнэ. Үнэхээр хийж бүтээх урам зориг түүнд байхгүй болчихсон юм болов уу? Хэрвээ тийм бол гунигтай санагдана... Түүний хэлсэн ярьсан ингэж л бодогдуулсан. Гэхдээ түүний сэтгэлийн гүнд хэн ч, хэзээ ч унтрааж чадахааргүй тийм их эрч хүч, урам зориг нуугдаж байгаа нь мэдрэгдсэн. Уран бүтээл хийвэл зөвхөн шилдгийг л хийх гэсэн хатуу эрмэлзэл, рок попын аваргын том зангараг түүнээс тод үнэртэж байсан юм. 14, 15 -хан насандаа “Никитон”-ы домогт “Янаг цэцэг”, “Хос хунгийн дууль”-ийг зохиож байсан Хөгжим бүжгийн коллежийн сурагч хүүг ирээдүйн Монголын рок попын "Феррари" болно гэж хэн таах билээ. Энийг жинхэнэ генийн авьяас гэхээс өөрөөр юу гэх юм бэ. “Янаг цэцэг”-нд чинь мансуурч, “Цамцаа тайл”, “Хос хунгийн дууль”-д чинь сөхөрч, “Нандин шүтээн”-ээс чинь ухаарал авч, олон жил "Никитон"-ыг мэдэрмээр байгаа олон мянган фэнүүдээ мартахгүй гэдэгт итгэж байна. Феррари цаг үргэлж хурдан, хүчтэй байдаг. Та авьяастай бас хүчтэй. Одоо тэгвэл танд өөр юу дутуу гэж? Танд болон таны дуунуудад хайртай хүн бүрийн өмнөөс үүнийг л хэлмээр байна.
Сэтгэгдэл ( 13 )
Ene neleed ertnii yariltslaga bnaa. Baachka bol unendee turchihsun hun. tuuniig oilgoh hun hovor bh. Turchihsun humuus ni ihenhdee chimeegui bh yumdaa ene niigemd. bid neg ueiin humuus. Ter bil dahin davtagdahgui tursun hun.
Бачкаг хөдөөний тэнэгүүд бол ойглгохгүй. Хөдөөний халтарууд тэр зохиолын дуугаа л сонс. Та нэар рок гэж үгийг ч ойлгохгүй. Бачка бол жинхэнэ СУПЕР ОД.
yun ongiroo yum be bdag l duu duuldag bizdee zarim duu n shal balai
Амжилт хусье.Урлагийн алтан бурхан Янжинлхам аврал ивээлдээ авах болтугай
Yag ter toglolt deer ank Bachka-g sonsood l mash taalagdsan. Harin humuus ”Harsh”, ”Titem”, ”Shigtgee”-g demjeed dahiulj suid bolj bsn murtluu Bachka-g duulahad shugeldej bariad -suungu hooloit -hurdan duusga geed l orilood bsn. Yostoi tsagaasaa ert tursun uran buteelch. Minii hamgiin durtai ni ”Yanag tsetseg”, ”Hos hugiin duuli”. Ungursun zun 10 jiliin daraa mongoldoo ochood Bachka-giin toglolt baival uziye gesen baigaagui. Mongoliin duuchdaas minii gants sonsdog duuchin Bachka-d amjilt husiye!
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:
Өөрийнгөө их юманд бодож биеээ тоочихсон дурак вэ.
bagaasaa baachkagiin ulaan fan, mikriin hun bainaa. ene uran buteelch uneheer mongold tomdson hun baihgui yu. aguu aviyas, mash ih tevcheer, hovorhon uhaantai zaluu. Baachka, olon jil mend meltiij goyo yumaa urgeljluulen hiigeerei. 247, uulen ust ntr tasarhai.
Ene neg duulah gej ymaa shig orilson ym yun ih zantai peedger ym