ЖАГСААЛТ: Зусланд амрах төлбөр 210-240 мянган төгрөг

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлэхийг эрэлхийлж зусланг зорьдог. Энэ цаг үед эцэг, эхчүүдийн хамгийн ихээр сонирхож буй мэдээлэл болох үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй зуслангууд, тэдгээрийн хяналт шалгалт, үнэ тарифын талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Очоос тодрууллаа.


-Энэ зун нийслэлийн хэмжээнд хэдэн зуслан үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Нийслэлийн ногоон бүсэд нийт 20 зуслан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар ээлж эхэлчихсэн, дунд үедээ ороод явж байна.

-Зуслангийн үнэ ханш дунджаар хэдээс хэдэн төгрөгийн хооронд байгаа вэ?

-Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зуслангийн нэг өдрийн тарифыг баталж өгдөг. Энэ жилийн хувьд нэг өдрийн тариф нь 30-35 мянган төгрөгийн үнэтэй байна. Тухайн зуслангийн ээлж хэд хоногтой байхаас хамаарч, харилцан адилгүй төлбөр төлнө. Ойролцоогоор долоо хоногийн 210-240 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг.

-Өмнөх оныхоос үнийн хувьд нэмэгдсэн үү?

-2018 онд хүүхдийн зусланд амрах тариф өдрийн 28-30 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ жил бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор хүүхдийн зуслангийн төлбөр нэмэгдсэн.

-Зуслангууд мэргэшсэн багштай үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ шаардлага бүрэн биелж чаддаг уу. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ олон хоног өөрсдөө хол явуулж байгаа учир багш нарт бүх зүйлийг даатгадаг. Зуслангийн багш нарыг ер нь ямар шалгуураар сонгодог вэ?

-Нийслэлийн ногоон бүсийн болон үндэсний хэмжээнд зуслангууд бүгд мэргэшлийн багштай байдаг. Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбоо хамтраад мэргэшсэн сургагч багш бэлтгэх сургалт хийдэг. Тухайн жилдээ сургалтад суусан багш нар сертификат гардаж авснаар багшлах эрхтэй болдог. Бүлгийн ахлагч багш бол 21-ээс дээш насны, нийгмийн салбарын мэргэжилтнээр төгссөн болон суралцаж байгаа байж болдог. Англи хэл болон гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Яг мэргэжил заасан зүйл бол байхгүй. Өөрийгөө бүлгийн багшаар ажиллаж чадна гэсэн залуучууд ажиллаж болно гэсэн үг. Хамгийн гол нь манай сургалтад суух хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд шинээр нээгдэж байгаа зуслан байгаа юу?

-Байгаа. Гэхдээ Баянгол дүүргийн “Баянгол” зуслан долоодугаар сарын сүүлээр ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэж мэдээлэл өгсөн. Амжиж нээлтээ хийх эсэхийг нь тодорхой мэдэхгүй байна.

-Зуслангийн өдөр тутмын үйл ажиллагаанд зуны хугацаанд ямар байдлаар хяналт тавьдаг вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зусланд хэрэгжих стандарт шаардлагыг хангуулахаар ажлын хэсэг гарган ажилладаг. Энэ ажлын хэсэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэсэн зургаан байгууллагын албан хаагч багтдаг. Хяналт шалгалт жилд хоёр удаа болдог. Эхнийх нь зуслан эхлэхээс өмнөх бэлтгэл ажлын шалгалт. Харин хоёр дахь шалгалт нь зуслан эхэлсний дараах явцын шалгалт байдаг. Ажлын хэсэгт багтаж байгаа байгууллагууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу шалгадаг.

-Нэг зусланд хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой байдаг вэ?

-Тухайн зуслан хүчин чадлаасаа хамаараад нэг ээлжиндээ 60-300 хүүхэд элсүүлдэг.

-Үйл ажиллагаа явуулах эрх аваагүй зуслан нээгдэх тохиолдол байдаг уу?

-Зарим аж ахуйн нэгж болон хувь хүмүүс зөвшөөрөл аваагүй ажилласан тохиолдол гарч байсан. Эсвэл гуравхан гэр бариад 10-15 хүүхэд авчихсан ажиллаж байдаг. Эцэг, эхчүүд сайн судалж байж хүүхдээ явуулах хэрэгтэй. Хэрвээ зөвшөөрөл аваагүй зуслан байх юм бол Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт мэдэгдэх ёстой. Тэгвэл тухайн зусланд холбогдох арга хэмжээ авч ажиллана. 

-Эцэг, эхчүүд болон зусланд амрах гэж байгаа хүүхдүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нийт эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхэд насны хамгийн том дурсамжуудын нэг хүүхдийн зусланд өнгөрдөг. Зуны хугацаанд хүүхдийг бүх талаар нь хөгжүүлдэг газар бол зуслан байдаг. Зусланд амарснаар хүүхэд өөрөө бие даах чадварт маш сайн суралцаж чаддаг.  Зусланд явсан хүүхдүүд архи, тамхи хэрэглэх муу зуршилтай болдог гэх сөрөг ойлголт зарим эцэг, эхчүүдийн дунд бий. Энэ нь өрөөсгөл ойлголт юм. Нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад хүүхдээ амраагаарай гэж зөвлөх байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top