Израилын наран шарлагын газрууд аюултай далайн залхагны дайралтад өртөөд байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 06

Израилын эрдэмтэд тус улсын Газар дундын тэнгисийн эргээр далайн залхаг олон тоогоор бөөгнөрч буй тал наран шарлагын газруудад амарч буй хүмүүст болгоомжтой байхыг анхааруулж байна.

Тус улсын бараг бүх наран шарлагын газраас далайн залхагны талаар мэдээлэл ирж байгаа гэнэ. Хайфа хот дахь Тэнгис судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хэдэн арван саяар тоологдох далайн залхаг өмнө зүгээс хойд зүгийг чиглэн Израилын эрэг дагуу нүүдэллэж байгаа аж.

Энэ жилээс нэвтрүүлж буй аюулыг анхааруулсан хөх ягаан өнгийн дарцгуудыг ихэнх наран шарлагын газруудад байрлуулжээ.

Израилын эрэг орчмын газрууд хоёр төрлийн далайн залхагны дайралтад өртөөд байгаа бөгөөд хоёулаа хүний эрүүл мэндэд аюултай гэнэ. Далайн залхагны тэмтрүүл хүний арьсыг ноцтой хэмжээгээр түлж, харшуулдаг байна. Далайн залхаг ихтэй усанд ороход л түлэгдэх аюултай гэнэ. Нүдэнд орсон тохиолдолд сохрох аюултай болохыг эрдэмтэд анхааруулж байна.

Израилын эрэг ийм олон тооны далайн залхагт өртөж буй анхны тохиолдол бус юм. Мэргэжилтнүүдийн ярьснаар, 1896 оныг хүртэл хамгийн аюултай төрлийн далайн залхаг зөвхөн Улаан тэнгист байдаг байсан бол Суэцийн сувгийг нээснээс хойш тэд Газар дундын тэнгис руу нүүдэллэж, сүүлийн зуун жилийн хугацаанд тоо толгой нь мэдэгдэхүйц өсжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top