2016-2017 оны хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хоёр настай 14447 хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. 2018-2019 оны хичээлийн жилд 2-5 настай нийт хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа мөн цахим хэлбэрт шилжсэн. 2019-2020 оны хичээлийн жилд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулахтай холбогдуулан Сургуулийн өмнөх боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Дуламжаваас дараах зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт элсэх 2-5 настнуудын бүртгэл хэзээ эхлэх вэ? 2018-2019 оны хичээлийн жилд хэдэн цэцэрлэгт хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой байна вэ?
-2019-2020 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд шинээр элсэх хүүхдүүдийг цахим хэлбэрээр энэ сарын 22-ноос наймдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд бүртгэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн насны 147 мянган хүүхэд байгаа. Үүнээс 2017 онд төрсөн хүүхдүүдийг шинээр элсүүлнэ. Хэрэв тухайн оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд хоёр нас хүрснийхээ дараа тухайн бүртгүүлсэн цэцэрлэгтээ явна гэсэн үг. Харин өмнөх жилүүдэд суралцаж байсан хүүхдүүд бүртгэлийн мэдээллээ tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж шалгах боломжтой. Мөн эцэг эх, асран хамгаалагч нар нь тухайн цэцэрлэг дээр нь наймдугаар сарын 26-28-ны хооронд өөрийн биеэр очиж гэрээ байгуулж баталгаажуулах ёстой.
-Цахимаар хүүхдийнхээ бүртгэлийг хийх боломжгүй байгаа хүмүүс яах вэ?
-Хэрэв интернэт орчинд ажиллах боломжгүй тохиолдолд долоодугаар сарын 25-наас тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ноос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой. Энэхүү үйл ажиллагаа наймдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
-Нийслэлийн хэмжээнд хэдэн цэцэрлэгт хүүхдүүдийг бүртгэж байгаа вэ?
-Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх бүртгэл уламжлалт аргаар явагдана. Харин Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэг цахим хэлбэрээр бүртгэнэ.
-Эцэг, эхчүүд хүүхдээ цахимаар бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ?
-2017 онд төрсөн хоёр настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ. Ингээд хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.Таны гар утсанд бүртгэлийн зургаан оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ. Бүртгэлийн зургаан оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалахыг анхаарах хэрэгтэй.
-Цахим бүртгэлийн үед хүүхдийн нэр хаяг өөрчлөлттэй гаргах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед хаягаа тодорхой болгож байгаад цахим бүртгэлд хамрагдах боломжтой юу?
-Бүртгэл www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд уг системд 2-5 настай бүх хүүхдийн дата мэдээллийг оруулсан байгаа. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг болон хамран сургах тойргийн харьяа цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Тиймээс иргэддээ бүртгэл хийлгэхээсээ өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгох ёстойг анхаараарай.
-Цахим элсэлтийн дүн яаж гарах вэ?
-“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессежээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж, бүртгэлийн дугаараа хийн, хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.
Энэ хичээлийн жилд хэдэн цэцэрлэг ашиглалтад орох вэ?
Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд нийт 179 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр цэцэрлэгийн 26,500 орчим ор шинээр нэмэгдэх юм. Харин 2019 онд 137 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс зөвхөн нийслэлд л 78 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 67 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сн бнауу БЗД-т ойрхн цэцэрлэг бна уу