“Соёл Эрдэм” дээд сургуулийн шилдэг 12 оюутан Япон улсад нэг жилийн хугацаатай хэл, соёлын цалинтай дадлага хийхээр тус улсыг зорилоо. Тэд дадлагын хугацаандаа япон хэлийг орчинд нь сурах боломжтойн дээр түүх соёлоороо Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч Япон улсад дадлага хийж, япончуудын хүнтэй харилцах соёл, ажлын хариуцлага, япон хандлагыг дэргэдээс нь суралцаж, Монголын нийгэмд хариуцлагатай, үлгэр жишээ боловсон хүчин болон бэлтгэгдэх давуу талтай юм. Гагцхүү тус оюутан зорилготой, хариуцлагатай, ухамсартай байхад л болно гэдгийг тус сургуулийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга Макихара Сойчи онцолж байлаа. Тэрээр хэлэхдээ “Бидний бодлого чиглэл бол Япон соёл, чанартай сургалт. Японыг дэлхийн өндөр хөгжилтэй орон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс “Соёл Эрдэм” дээд сургуулийн оюутнууд Япон улсын нийгэмтэй танилцаад, хөгжлийг судалж, ажилдаа хариуцлагатай байх ёстойг ухамсарлаж ойлгох байх” гэдгийг онцоллоо. Харин “Соёл Эрдэм” дээд сургуулийн захирал Т.Дорждагва “Япон хэлний шалгалтдаа өндөр оноо авсан оюутнууд тус улсад тодорхой хугацаанд дадлага хийх, эсвэл Японы сургуульд шилжин суралцах боломжтой. Цаашид Японы олон дээд сургуультай нягт холбоотой ажиллана. “2+2” гэсэн системээр, өөрөөр хэлбэл хоёр жил нутагтаа сураад япон хэл сайн эзэмшиж, мэргэжлээрээ тодорхой хэмжээгээр мэргэшсэний дараа шууд Японд шилжин суралцах асуудлыг ярилцаж байна. Удахгүй биеллээ олох байх гэж найдаж байна. Хамгийн гол нь хүүхдүүд минь сайн сураарай, ёс суртахуун эрх зүйн хувьд зөрчил гаргахгүй байгаарай, эх орноо сайхан сурталчлаарай, эх орондоо хэрэгтэй мэргэжилтэн болоорой гэж ерөөе” гэж захиж байлаа.
Түүнчлэн уг интершиф хөтөлбөрт хамрагдсанаар тухайн оюутан сард 150 мянган иен буюу гурван сая 600 мянган төгрөгийн цалин авах боломжтойгоороо онцлог. Энэ нь япон хэл, соёлыг орчинд нь суралцахаас гадна дадлагын хугацаандаа дөрвөн жилийн сургалтын төлбөр, цаашлаад гадаадад суралцах төлбөрөө оюутан өөрөө олоод ирэх боломжтой юм байна. Түүгээр ч зогсохгүй японд хэл, соёлын практик дадлага хийх хугацаандаа оюутан онлайнаар хичээлүүдээ үзэж, зайнаас суралцах боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр оюутнууд хугацаа алдах шаардлагагүй болох юм. Энэхүү нэг жилийн цалинтай хэл, соёлын дадлага нь ямар ч хураамж төлбөргүйд оюутнууд талархаж байлаа. “Соёл Эрдэм” сургуулийн оюутан Н.Шинэмөрөн “Сэтгэгдэл их өндөр байна. Энэ сургуульд орох болсон гол зорилго Япон явах байсан. Анхнаасаа судалж байгаад энэ сургуульд орсон. Би зорилгынхоо эхний алхмыг хийж байна. Дадлагаа дуусгаад Япон их, дээд сургуульд сурна гэж зорилго тавьсан” гэлээ. Харин оюутан Б.Гүнсэлмаа “Би Соёл Эрдэм дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд сурдаг.Энэ жил гуравдугаар дамжаандаа жилийн хугацаатай Япон руу явах болсондоо маш их баяртай байна” гэж байсан юм. Харин оюутан Ч.Улсмандах ярихдаа “Ингээд жилийн хугацаанд явж ирэхдээ сургалтынхаа төлбөрийг олоод ирэх боломжтой.
Онлайнаар хичээлээ үзээд жил алдахгүй төгсөх боломжтой нь хамгийн том давуу тал гэж би харж байгаа” гэсэн юм. “Соёл Эрдэм” дээд сургууль нь Япон улсад зургаан сар болон нэг жилийн хугацаанд цалинтай хэл соёлын дадлага хийх боломжийг олгодог. Энэ удаагийн хөтөлбөрөөр Япон улс руу явахаар шалгарсан оюутан залуусын ар гэрийнх нь гаргаж өгөхөөр ирсэн байлаа. “Соёл Эрдэм” дээд сургуулийн оюутан Ч.Улсмандахын ээж Я.Лхамдулам “Би Говь-Алтай аймгаас хэд хоногийн өмнө ирсэн. Манай хүүхэд тус дээд сургуульд өнгөрсөн жил элсэж суралцаад одоо хоёрдугаар дамжаагаа төгсөж байгаа. Нэг жилийн цалинтай дадлага хийх боломж олгосон сургуулийн хамт олонд баярлалаа. Хүүдээ илүү сайн суралцаад, Япон оронтой сайн танилцаад ирэхийг ерөөе” гэлээ.
“Соёл Эрдэм” дээд сургууль нь цалинтай дадлагаас гадна оюутнуудаа Япон улсад 100 болон, 50 хувийн тэтгэлгээр суралцуулдаг. Мөн төгсөгчдөө 5-10 жилийн хугацаатай Японд гэрээгээр ажилд зуучилдаг байна. Японд саяхан батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 10 жил ямар нэг зөрчил гаргаагүй, амжилттай ажиллаж чадвал тус улсад оршин суух эрх олгодог. Японы дүүрэг бүрт “Соёл Эрдэм” сургуулийн оюутнууд, төгсөгчид суралцаж, ажиллаж, амьдарч байгаа гэнэ. Энэ удаагийн ээлжид хамрагдсан оюутнууд ихийг сурч мэдэх, хийж бүтээх хүсэл тэмүүллээр ийхүү алсын орныг зорилоо.
Сэтгэгдэл ( 0 )