ТЦА: Амиа алдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдын ажил үүргийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх “Бид мартахгүй” арга хэмжээг өнөөдөр /2019.07.17/ зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар болон бусад албаны хүмүүс, амь үрэгдсэн алба хаагчдын ар гэрийнхэн оролцсон юм.

Монголын цагдаагийн байгууллага жид бүр “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулж, төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ариун үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алдартнуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж ар гэрийнхэнтэй нь уулздаг. Өнөөдөр бол Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломжгүй өнө мөнхөд эргэн дурсах хүндэтгэлтэй өдөр юм.

Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагын хэмжээнд 70 гаруй алба хаагч ажил үүргээ биелүүлж яваад амь насаа харамсалтайгаар алдсан гэх тоо бий. Үүнээс Тээврийн цагдаагийн албаны хэмжээнд 15 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Тиймээс мөр зэрэгцэн ажиллаж явсан нөхөд нь эдгээр эгэл баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж энэ өдрийг 2007 оноос хойш 12 дахь удаагаа ийнхүү зохион байгууллаа.

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар “Тээврийн цагдаагийн албаны хамт олон замын хөдөлгөөний байдлын аюулгүй байдлыг хангахаар төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан алба хаагчдынхаа ажил үйлс, хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлэн авч яваа гэдгээ илэрхийлье. Тус албанаас 2007 оноос хойш жил бүр тасралтгүй хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн үед нь хуулийн дагуу арга хэмжээг авч буруутай этгээдэд хариуцлага тооцоод явдаг. Мөн тухайн үед хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн дагуу алба хаагчдын ар гэрт нөхөн олговор олгох, тэтгэмж тогтоох зэрэг шаардлагатай бүхий л арга хэмжээг албанаас дэмжиж өгдөг. Гудамж замд ажиллаж байгаа алба хаагчдыг аюулгүй, сонор сэрэмжтэй байлгах үүднээс ажил мэргэжлийн онцлогт тохирсон ажлын хувцас, нэмэлт хэрэглэлээр ханган ажиллаж байна” гэлээ.

"Бид мартахгүй" баримтат киног ЭНД дарж үзнэ үү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top