Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс - UNESCAP /АНДЭЗНК/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Т.Төгсбилгүүнтэй Монгол-Тайландын харилцаа болон Монгол-НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр 2015 оноос хойш Тайланд Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж буй юм.
-Монгол, Тайланд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа хэрхэн явж ирсэн болон өнөөдрийн байдлаар ямар түвшинд хүрсэн талаар ярилцлагаа эхэлье?
-Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд 1974 оны гуравдугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоосон. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Гэхдээ түүхээс үзвэл тайчуудын үүсгэн байгуулсан Аюүттаяагийн вант улс 13-14 дүгээр зуунд Монголын Их Юань эзэнт гүрэнтэй харилцаж байжээ. Хоёр улсын орчин цагийн харилцааг ярихад, 1974 оноос 1990-ээд оны эхэн үе хүртэл хоёр талын харилцаа ерөнхийдөө ёс төдий, Элчин сайд нараа Итгэмжлэх жуух бичгээ бариулдгаар хязгаарлагддаг байсан. Тухайн цаг үед манай улс орнууд улс төрийн хувьд өөр өөр системтэй байсан нь үүнд нөлөөлж байв. 1990 онд Монгол Улсад ардчилсан өөрчлөлт, шинэчлэл эхэлснээс хойш АСЕАН-ы гишүүн орнууд дотроос Тайланд Улс манай улсыг харьцангуй илүү сонирхож, харилцаа хөгжүүлэх идэвх гаргасан. Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн 1992 онд Монгол Улсад, манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд Тайландад албан ёсны айлчлал тус тус хийсэн нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Үүнээс хойш Тайландын Засгийн газар техник, эдийн засгийн хамтын ажиллагааны шугамаар манай төрийн албан хаагчдыг төрөл бүрийн дунд болон богино хугацааны сургалтад хамруулж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн олон салбарт өргөжин хөгжиж ирлээ. Өндөр, дээд түвшинд хэд хэдэн чухал ач холбогдолтой айлчлал солилцсоноос гадна хоёр улсын парламент, нийслэл хотуудын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Тухайлбал, 2017 онд Улаанбаатар, Бангкок хоёр ах дүү хотууд болсон. Мөн иргэд хоорондын солилцоо, худалдааны эргэлт нэмэгдэж байна.
-Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөөч? Тухайлбал худалдааны эргэлт болон хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэх хандлага байна уу?
-Бидний хүсч байгаа хэмжээнд хараахан хүрээгүй ч 2018 оны байдлаар хоёр улсын худалдааны нийт эргэлт 31.2 сая ам.долларт хүрсэн. Тайландаас Монголд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тайландын 3 компани Монголд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна. “Банпу” компани 2011 оноос манай улсад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийсэн бол “Бумрунград” олон улсын эмнэлэг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тус эмнэлгийн 51 хувийг эзэмшиж эхэлснээс хойш тус эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтын менежментийг шинэчлэх, үйлчилгээг олон улсын стандартад хүргэх, эмнэлгийн орчин үеийн техник, технологи нийлүүлэх, эмч мэргэжилтнийг давтан сургах үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Түүнээс гадна, Тайландын сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй “Sermsang Power Corporation” компани Хөшигийн хөндийд нийт 15 мегаваттын хүчин чадалтай нарны эрчим хүчний станц байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү төсөлд Японы “Sharp”, Вьетнамын “Binh Nguyen Solar” гэх зэрэг нийт 8 компани хөрөнгө оруулж байгаа бөгөөд Тайландын “Sermsang Power Corporation” компанийн оруулсан хөрөнгө нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг эзэлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд нийт 48 га газарт 51 мянга гаруй нарны зай суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2019 оны 8 дугаар сард эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад жилд 22.3 сая киловатт цагийн цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн жилийн ялгаруулалтыг 26,400 тонноор бууруулахаар тооцоолж байгаа.
Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол, Тайландын Засгийн газар хооронд байгуулсан Хамтын ажиллагааны зөвлөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд уг зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2018 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаанаар талууд Монгол, Тайландын улс төр, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, ялангуяа уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарыг түлхүү анхаарахаар тогтсон. Энэ нь цаашид хоёр талын хамтын ажиллагааг илүү бодит үр дүнд хүргэхэд ач холбогдолтой болох нь дамжиггүй.
ХОЁР ОРНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 31.2 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ
-Монгол Улс Тайландаас цаас, цагаан будаа импортоор авдаг. Харин манайхаас Тайланд руу экспортлох бүтээгдэхүүний төрөл өөрчлөгдөж байгаа гэсэн мэдээлэл бий. Хоёр орны экспорт, импортын тухайд?
-Түрүүн хэлсэнчлэн 2018 онд манай хоёр орны худалдааны эргэлт 31.2 сая ам.долларт хүрсэн. Бид Тайландаас элсэн чихэр, цагаан будаа, цаас болон картон, суудлын автомашин, ачааны тэрэг зэргийг импортолж байгаа. Харин Тайланд улс манайхаас молибдены хүдэр, жонш, үхэр, адууны боловсруулсан шир экспортоор авч байна. Энэ оны эхний 5 сарын байдлаар Монгол, Тайландын худалдааны эргэлт нэмэгдэж манай экспорт 3,3 сая ам.долларт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.
Тайландаас авч буй импортын хэмжээ эхний 5 сарын байдлаар 13.7 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар нэмэгджээ. Монгол, Тайландын худалдааны эргэлт ийнхүү нэмэгдэж байгаа нь хоёр орны хооронд 2017 оноос шууд нислэг хийж, иргэд хоорондын солилцоо нэмэгдсэнтэй холбоотой.
-Тайландад саяхан сонгууль болж шинэ Засгийн газар байгуулагдаж буй улс төрийн хувьд онцлог үе тохиож байна. Саяхныг хүртэл 2014 оны төрийн эргэлтээр гарсан цэргийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байсан. Улс төрийн өөрчлөлт, уур амьсгал хоёр талын харилцаанд нөлөөлсөн үү?
-Тайландын хувьд онцлог, түүхэн гэж хэлж болохоор үе энэ өдрүүдэд тохиож байна. 2014 онд болсон төрийн эргэлтээр армийн генералууд Засгийн газраа байгуулсан юм. Ингээд 5 жилийн дараа буюу энэ оны 5 дугаар сард парламентын сонгууль болж, олон намаас бүрэлдсэн Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа генерал Прают Чан-о-ча Засгийн газрынхаа тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллахаар дахин томилогдсон. Гэхдээ манай хоёр улс уламжлалт сайн харилцаатай Азийн орнууд болохын хувьд бие биенийхээ дотоод хэрэгт оролцдоггүй. Тиймээс цэргийн эргэлт бидний харилцаанд нөлөөлөөгүй.
-Иргэд хоорондын солилцоо нэмэгдсэн та хэллээ. Тайланд улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн тоо хэд байна вэ?
-Одоогоор 50 орчим монгол иргэн Тайландад урт хугацаагаар оршин сууж байна. МИАТ компани Улаанбаатар–Бангкокийн чиглэлд шууд нислэг хийж эхэлснээс хойш хоёр улсын иргэдийн солилцоо ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, 2016 онд манай 7,000 гаруй иргэн Тайландад, Тайландын 500 гаруй иргэн Монгол руу зорчиж байсан бол 2017 онд шууд нислэг эхэлснээс хойш энэ тоо улам бүр нэмэгдсээр ирлээ. 2018 онд манай 15,000 гаруй иргэн, Тайландын 3,000 гаруй иргэн Монгол руу зорчоод байна.
-50 орчим монголчууд ажиллаж, амьдарч байгаа гэхээр харьцангуй бага сонсогдож байна. Ер нь удаан хугацаагаар ажиллаж амьдрахад хэр тааламжтай улс вэ?
-Удаан хугацаагаар оршин сууж байгаа хүмүүсийн ихэнх нь олон улсын байгууллага, Элчин сайдын яаманд ажилладаг хүмүүс байна. Мөн Тайланд болон гадаадын бусад орны иргэдтэй гэр бүл болсон хүмүүс бий. Цөөн тооны оюутан байгаа. Монголчууд ихээр суурьшдаг орнуудтай харьцуулахад ажил хийх боломж тийм ч их биш. Яагаад гэвэл өөрсдийн дотоод ажиллах хүч их юм.
-Тайланд бол дэлхий дахинд аялал жуулчлалаараа алдаршсан, танигдсан улс. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлсэн туршлагаас манай улсад нэвтрүүлэх, суралцах зүйл юу байна гэж та Элчин сайдын хувьд хардаг вэ?
-Монгол, Тайланд хоёр улс газар нутгийн хувьд бие биеэсээ алслагдмал ч биднийг холбодог нийтлэг зүйлс олон бий. Тухайлбал, шашин шүтлэг, соёл, зан заншлын хувьд ижил төстэй зүйлс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд таатай нөлөө үзүүлнэ. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Тайландаас суралцах зүйлс багагүй байна. Жишээлбэл, манай Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хөгжлийн агентлаг /ТАЙКА/ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй хамтран Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет агсны санаачилсан “Хүртээмжтэй эдийн засгийн философи -Sufficiency Economy Philosophy” үзэл баримтлалд тулгуурлан “Монгол Улс дахь тогтвортой аялал жуулчлал” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлэхэд манай ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж ажилласан. Тайландын аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагаа, ялангуяа орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй манай холбогдох албан тушаалтнуудыг танилцуулсан нь үр дүнтэй болсон. Энэхүү гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөрийг Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад эхлүүлээд байгаа болно.
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССТОЙ ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
-Бангкок хотод НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/ байрладаг. Тус Комисс болон Монгол Улсын хамтын ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/ нь Ази, Номхон далайн бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжилд хүрэхийн тулд гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн салбар байгууллага юм. НҮБ-ын бүс нутгийн комиссуудаас хамгийн том нь бөгөөд 53 бүрэн эрхтэй гишүүн, 9 хавсарга гишүүн орнуудаас бүрэлддэг. АНДЭЗНК бүс нутагт эдийн засгийн хөгжил цэцэглэлт, нийгмийн дэвшилд хүрэх, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад учирч буй бэрхшээл сорилтыг даван туулах, шинэлэг арга замыг олж хэрэгжүүлэх талаар гишүүн орнуудад стратегийн дүн шинжилгээ хийх, бодлогын санал боловсруулах, техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар дэмжлэг үзүүлдэг.
Манай улс НҮБ-ын АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр тус Комисстой идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны зарим тодорхой жишээг дурдахад, тус Комиссын дэмжлэгтэйгээр 2016 оны 12 дугаар сард Азийн автозамын дагуу автотээвэр гүйцэтгэх тухай хэлэлцээрийг Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан. Мөн Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг тогтмолжуулж, Засгийн газар хоорондын байгууллага болоход нь АНДЭЗНК-ын зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн. Эдүгээ Комиссын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зүүн Хойд Азийн Эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох санаачилгыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
2008 оноос хойш манай улс тус Комиссын хүрээнд тээврийн хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграци, уялдаа холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ногоон хөгжил, нүүдлийн шувуудыг хамгаалах, гамшгийн эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологи зэрэг чиглэлээр 79 төсөлд хамрагдаж, Комиссын санхүүжилтээр 2004 оноос хойш нийт 33 арга хэмжээг манай улсад зохион байгуулсан. Үүнээс гадна Комиссын шугамаар жил бүр манай 30 гаруй мэргэжилтэн олон төрлийн сургалт, семинарт хамрагдаж, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө авч ирсэн.
Манай улсын зүгээс АНДЭЗНК-ын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд манай төлөөлөгчид тус Комиссын эрх барих дээд байгууллага болох чуулганы даргаар 1989, 1999 онуудад сонгогдож байсан. Энэ оны 5 дугаар сард Бангкокт болсон АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогдон ажилласан. Ийнхүү 20 жилийн дараа АНДЭЗНК-ын чуулганыг манай улс даргалсан нь Монгол Улсын нэр хүндийг НҮБ-ын систем болон бүс нутгийн хэмжээнд өргөсөн алхам болсон юм.
Энэ удаагийн чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн нийт 9 тогтоол баталснаас манай төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2018 онд болсон Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаас гаргасан тунхаглал, түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг бэхжүүлэх сэдвээр 2 тогтоол санаачлан батлуулав.
Мөн чуулганы үеэр Монгол Улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл, Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуулийн санал хураалтад олонхийн саналыг авч 2019-2022 онд дээрх хоёр байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллахаар болсон.
Түүнээс гадна, манай Засгийн газрын санаачилгаар “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилт” сэдвээр тусгай арга хэмжээг “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллага, Бангладеш, Энэтхэг улсуудтай хамтран зохион байгуулсан нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд гарсан ахиц дэвшил, тулгарч буй бэрхшээл, сайн туршлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой болсон.
-Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах манай Ерөнхийлөгчийн санаачилгыг НҮБ-ын АНДЭЗНК-ын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа гэсэн?
-Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ үүсгэн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгыг урагшлуулахад НҮБ-ын АНДЭЗНК-ын зүгээс ихээхэн анхаарч техникийн зөвлөлгөөн, туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханыг өнгөрсөн 4 дүгээр сард Бангкокт ажиллахад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана, мөн Комиссын Эрчим хүчний хэлтсийн дарга зэрэг албан тушаалтнууд хүлээн авч уулзаж “Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” хариуцсан бүс нутгийн хамтарсан байгууллагыг үүсгэн байгуулах санаачилгыг дэмжиж ажиллах төлөвлөгөөг хэлэлцэж тохиролцсон.
Мөн дээрх уулзалтын үр дүнд 2019 оны 6 дугаар сарын 5-6-нд Улаанбаатар хотноо болсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурлын хүрээнд АНДЭЗНК-той хамтран Эрчим хүчний хамтын ажиллагааны салбар хуралдааныг зохион байгуулсан. Цаашид энэхүү байгууллагыг байгуулах ерөнхий зарчмыг Зүүн Хойд Азийн орнууд өөр хоорондоо тохиролцохын тулд хамтарсан баримт бичиг байгуулахыг зорин ажиллаж байна.
-Тэгэхээр энэ ажлын хүрээнд манай улсад ямар эерэг үр дүн гарна гэж харж байгаа вэ?
-Манай улс нар, салхины эрчим хүчний маш их нөөцтэй орон болохын хувьд сэргээгдэх эрчим хүчээ Зүүн хойд Азийн орнууд руу экспортлох боломжтой болохоос гадна бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн зах зээл, сүлжээ байгуулснаар наад зах нь цахилгааны үнэ буурах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих гэсэн олон давуу тал бий. Дэлхийн нийтийн хандлага ч түлш хэрэглэхээс илүү сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тал руугаа явж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Тайланд улс, Бангкок хот
Сэтгэгдэл ( 3 )